Хятадын Парис буюу Францын нийслэлийн ХУУЛБАР ХОТ
Францын нийслэл Парисын дуураймал хот Хятадад 2007 онд байгуулагджээ. Хятадын Шанхай хотоос холгүй орших Тиандученг хэмээх энэ хотын барилга байгууламж, түүх дурсгалын газрууд нь бүхэлдээ Парисын хуулбар аж.
Парисын гэрэл зурагчин Франсуа Прост Тиандученг хотоор зураг авахаар аялж, Османы барилгууд, Версалийн цэцэрлэгийн хуулбаруудыг жинхэнэ хувилбаруудынх нь зургийг авчээ.
Тэрээр “Би франц хүн болохоор надад сонирхолтой санагдсан юм. Манай улсад байдаг соёлын өвийг яг л дуурайлган хийгээд энд байгуулсан нь хөгжилтэй санагдлаа” гэжээ. Түүний зургуудаас аль нь жинхэнэ Парисынх, аль нь Хятадынх вэ гэдгийг ялгахад хэцүү.
Хятадууд барууны ертөнцийг дуурайх хандлагатай байдаг бөгөөд тус улсад Английн хотууд, Венец, Холливүүд болон Австрийн тосгодын хуулбар байдаг тул энэ нь тийм ч сонин тохиолдол биш аж.
Ингээд 2007 онд 12 кв. км газарт Парисын хуулбарыг бий болгосон байна.
Тухайлбал, Тиандученг хотод жинхэнэ хувилбараасаа гурав дахин жижиг буюу 110 метрийн өндөртэй Эйфелийн цамхаг, Елисейн өргөн чөлөө, Люксембургийн цэцэрлэг зэрэг байх аж. Орон сууцнууд нь яг л хотын төвийн байшингуудын хуулбар.
Анх энэ хотын үл хөдлөх хөрөнгийг Шанхайн баячууд худалдаж авна гэж тооцоолж байгуулжээ. Гэвч тэдний тооцоолж байснаар болсонгүй. Тиандученг хотын үл хөдлөх хөрөнгө хэтэрхий үнэтэйгээс гадна бизнесийн дэд бүтэц нь хөгжөөгүй гэх шалтгаанаар Шанхайн баячууд тоогоогүй аж.
Тиймээс хэдхэн мянган хүн ам оршин суудаг ажээ. Тиандученг хотод түүхэн дурсгалт газар байхгүй тул жуулчид төдийлөн ирдэггүй бөгөөд зочид буудлууд нь ч орлогогүй болсон байна.
URL: