Гишүүд тойрогтоо гурван тэрбумыг аваагүй гэж “гүрийв”
“Өсч торниж байгаа хүүхдэд багадсан бариувч өмсүүлж болохгүйтэй адил хөгжиж байгаа Монгол орны хувьд тэлсэн төсөв батлахаас өөр арга байсангүй” хэмээн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль дээр ажилласан ажлын хэсгийн гишүүд ярьж байна.
Өчигдөр УИХ-аас Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан талаар бид мэдээлсэн. Ирэх оны төсвийн нийт орлого 5,822,5 тэрбум буюу ДНБ-ний 36,1 хувь, зарлага 6,306,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 39,1 хувь байх ба нэгдсэн төсвийн нийт алдагдал 483,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний гурван хувьтай тэнцэхээр батлаад байгаа билээ.
Тэгэхээр ирэх орны төсвийн орлого 2011 оныхоос 1,7 дахин их, зарлага 1,5 дахин нэмэгдэхээр байна.
Том хэмжээний төсөв баталсан гишүүд яг одоо төрийн ордонд ирэх оны төсвийн онцлог, гол зүйлүүдийн талаар мэдээлэл хийж байгаа юм.
Тэдний мэдээлж буйгаар ирэх онд инфляци нэмэгдэхээс сэргийлж гишүүд Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс нийт 1,1 их наяд төгрөгийг танаж чадаад буй.
УИХ-ын ажлын хэсгийн мэдээлснээр Засгийн газраас өргөн барьсан төсөвт 2012 онд гэхэд нийт 9000 төрийн албан хаагч нэмж ажлын байраар хангагдах, төрийн байгууллагуудын албан контор засварлах болоод шинээр барих, хүний хөгжил сангаас олгогдох байсан 105 тэрбум, цалин нэмэгдэх байсан хугацаа өөрчлөгдсөнөөс шалтгаалан 126,8 тэрбум зэрэг төгрөгийг хэмнэснээр ийнхүү 1,1 их наяд төгрөгийг төсвийн төслөөс хасаж төсвийн алдагдлыг 1,1 хувиар бууруулжээ.
Гишүүдийн онцолж буйгаар ирэх онд Монгол улсын дэд бүтэц, бүтээн байгуулалтад нийт 1,7 их наяд төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ нь барилга байгууламж, зам, гүүр барих зэрэгт зарцуулагдах бөгөөд энэ их бүтээн байгуулалтыг дэмжихийн тулд суурь эдийн засгийн нөхцлүүдийг ч дэмжихээр болсон байна. Тухайлбал, дотооддоо барилгын материал үйлдвэрлэх, Замын-Үүдийн боомт дахь дэд бүтцийг сайжруулах зэрэг дэд бүтцийн салбарыг “Атрын III” аян шиг дэмжинэ гэцгээж байлаа.
Нэгдсэн төсвийг дагалдан батлагдаж байгаа Хүний хөгжил сангийн тухайд сар болгон олгох 21 мянга, ахмад настнуудад олгох нэг сая, оюутан, орон сууцны урьдчилгаанд олгох мөнгөнөөс гадна бэлнээр иргэдэд олгох нэг сая төгрөгийг 1072 ширхэг хувьцаа хэлбэрээр олгох бөгөөд үүнийг иргэд бэлэн мөнгө болгох эсэх асуудлыг нээлттэй хэвээр үлдээсэн байна.
Гишүүдийн хувьд өмнөх жилүүдийн адил тойрогтоо нэг бус гурван тэрбум төгрөгийг өөрсдөдөө авсан гэж хэвлэлийнхэн хардаж байгаа ч гишүүд ийм зүйл байхгүй гэж гүрийсэн юм. Гэвч тэд гурав гурван тэрбумийг төсөвт тараан байршуулах замаар суулгасан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Тэтгэвэр тэтгэмжийн тухайд ирэх оны гурав, тавдугаар сард нэмэх бол төсвийн байгууллагын ажилчдын цалинг дөрөв, аравдугаар сард нэмэхээр болоод байна.
URL: