Ерөнхий сайд аа, Х.Баделханыг АТГ-т шалгуулъя

5a7bada052f0b4.30585325-Яг үнэндээ нэр бүхий тусгай зөвшөөрөлүүд Төрийн хараа хяналтанд зайлшгүй байх ёстой. Үе үеийн барилгын сайд, дарга нар дээрх зөвшөөрлийн асуудлуудад нүдээ унагаж эхнээсээ хэл ам таталж хууль хяналтын байгууллгаар шалгагдаж байсан удаатай-

Ерөнхий сайд аа, БХБ-ын сайд Х.Баделханыг АТГ-т шалгуулъя. Яагаад гэвэл, таны кабинетийн энэ сайд Монголд монополь болчихсон барилгын компанийн захирлуудын эрх ашгийг гүйцэлдүүлж, төрийн байгууллагад харьяалагддаг байсан тусгай зөвшөөрлийн эрх мэдлийг тэдний гарт шилжүүлчихлээ.

Юу болж өнгөрснийг нэхэн сануулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын барилгын салбарын ТББ-ууд хамтарч мэдээлэл хийж байсан. Тэд мэдээлэл хийхдээ барилгын салбарт байгаа мэргэжлийн зэрэг дэв, тусгай зөвшөөрөл, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, тусгай мэргэжлийн сургалт зэргийг  төрийн байгууллагын хяналтаас гаргаж өөрсдийн мэдэлд авах нь зүйтэй гэх утга бүхий мэссэжийг олон нийтэд түгээсэн билээ. Гэтэл энэхүү хурлаас хойш найман хоногийн дараа БХБ-ын сайд Х.Баделхан № 215,216 тоот “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” гэсэн тушаал гаргаж, ТББ-аар халхавчилсан барилгын эздийн гарт тусгай зөвшөөрөл олгох эрхийг өгчээ.

Сайдыг түргэн авахуулж, алга урвуулахын дайнд лиценз олгох эрхийг өөртөө авч чадсан “Монголын үндэсний барилгын ассоциаци” ТББ-д  ямар, ямар компанихарьяалагддаг вэ гэдгийг хамт сонирхъё. Нэр цохон дурдваас, энэ ТББ-д “Макс Өргөө”-гийн Д.Цэрэнжигмэд, “Номин констракшн девелопмент”-ийн Б.Хүрэлхүү, “Заг” групп”-ийн Б.Нэмэхбаатар, “Рояал Нью кэйл”, Сөүл групп”-ийн Д.Өнөрболор, “Цаст групп”-ийн Н.Баярсайхан, “Эко констракшн “-ийн С.Нямдаваа нар багтаж байна. Бүгд салбарын төдийгүй улсын луухгарууд.

Мөн бүгд мөнөөх ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд. Тэгэхээр Х.Баделханы яаран сандран гаргасан шийдвэрээр зах зээлээс жижиг барилгын компаниуд шахагдан гарч, зөвхөн дээрх нэр бүхий компанийн захирлууд тусгай зөвшөөрөлөөр монополь эрх эдлээд зогсохгүй өөрсдийн охин крмпаниудыг олноор нь бий болгох  боломж бүрдлээ. Яг л шатахуун импортлогчид шиг Засгийн газрын дээр сандайлж төртэй наймаа хийнэ гэсэн үг. Хатуухан хэлэхэд Х.Баделхан тусгай зөвшөөрлийн эрхийн хамт,  барилгын салбарын боловсон хүчний  бодлогыг тэдэнд зүгээр л “май”  хэмээн өгснөөр ард түмэн төдийгүй жижиг барилгын компаниудад учрах бодит аюулыг  тэрбээр  хийчихлээ.

Бүхэл бүтэн салбараа ТББ-д даатгадаг манайх шиг улс байна уу

2016 оны Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Төрийн зарим чиг үүргийг ТББ болон мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон байдаг. Энэ асуудал өнгөрсөн жилийн хугацаанд яригдаж байгаад БХБ-ын сайд асан Г.Мөнхбаяр ТББ-дад энэ эрхийг олгох шийдвэр гаргасан байдаг.

Гэвч явцын дунд судалгаа тооцоо хийж, ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзаж, судалсны үр дүнд сургалт явуулах, тусгай зэрэг дэв олгох нь Төрийн байгууллага дээр байж, хяналттай байсан нь зөв юм байна гэж үзээд шийдвэрээ өөрийн гараар эргэн  цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл, сайд асан Г.Мөнхбаяр Төрийн хараа, хяналтанд салбарын гол зөвшөөрөл, үйлчилгээ нь байснаар тогтсон бүтэц, хүний нөөц, зохион байгуулалт, хяналтын системтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байх нь зүйтэй гэж үзсэн хэрэг.

Мөн тус яамны сайдаар ажиллаж байсан Т.Цогтбаатар ч энэ асуудлыг байж боломгүй зүйл хэмээн түдгэлзүүлж байсан удаатай. Гэтэл яагаад заавал энэ цаг үед Х.Баделхан зөвшөөрөв….

Харин одоо төрийн байгууллагын чиг үүргийг өөрчилж, тусгай зөвшөөрүүлүүдийг өөртөө төвлөрүүлсэн ТББ-уудад тогтсон бүтэц байхгүй, заримд нь ажлын өрөө ч байхгүй.  Өөрөөр хэлбэл, ТББ-ын тамга тэмдэг өвөртөлсөн хүмүүст энэ их чухлыг ажлыг шууд л даатгасан нь хачирхалтай. Тиймээс л тэднийг хэн хянах вэ гэж байн байн асуугаад буй юм.

Яг үнэндээ нэр бүхий тусгай зөвшөөрөлүүд Төрийн хараа хяналтанд зайлшгүй байх ёстой. Үе үеийн барилгын сайд, дарга нар дээрх зөвшөөрлийн асуудлуудад нүдээ унагаж эхнээсээ хэл ам таталж хууль хяналтын байгууллгаар шалгагдаж байсан удаатай. Тэгвэл Ерөнхий сайд нь хэл амтай байгаа энэ үед яагаад Х.Баделхан энэ тушаал шийдвэрийг яаран сандран гаргах болов. Хэний эрх ашгийг гүйцэлдүүлэв. Тэрбээр энэ ажлыг хийх гэж БХБ-ын сайд болсон уу гэсэн олон асуулт тун удахгүй гарч ирнэ. Нийгэм үүний хариултыг нэхнэ.

Тус салбарын сүүлийн долоон сайдын үед олигархууд буюу захирлуудын бүлэглэлд тусгай зөвшөөрлүүдийг өгөх асуудал хөндөгдөж байсан боловч Төрийн олон хяналт, зарчмыг мөнгөөр дийлээгүйн улмаас цаг нь ирэхийг хүлээж байсан нь энэ. Үүнийг Х.Баделхан өөрийн гараар гүйцэтгэчихлээ. Өөрийн намыханд болон өрөөлийн намынханд элдвээрээ хэлүүлж буй У.Хүрэлсүх сайд энэ асуудлыг анхааралдаа авч төрийн мэдэлд эргүүлж өгөх нь  зөв шийдвэр байх.

Тун удахгүй БНХАУ-аас хоёр тэрбум юаны буцалтгүй тусламж орж ирнэ

Яг үнэндээ дээр нэр дурдагдсан компанийн захиралуудын нууцхан шунаж буй гол зорилго бол гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-аас буцалтгүй тусламжаар орж ирж буй хоёр тэрбум юанийн ажлыг өөрсдөдөө татах, энэ ажилд компаниудаа шахах явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хэзээнээсээ л  төрөөс зарласан тендерийг хэдхэн компаниуд хувааж авдаг байсан. Мэдээж тэд хэдэн тэрбумаар яригдах тендерийг авч буй учраас бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан гэдэг хэдхэн үгээр халхавч хийсээр өнөөг хүрсэн. Тэдэнд хэдэн тэрбумын тендерийг авч өгчихөөд ашгаа авдаг хурган дарга, сайд нар ч зөндөө байгааг хэн хүнгүй мэднэ.

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Х.Баделхан барилгын салбарт байгаа зөвшөөрлүүдийг хэдхэн компаниудын захирлуудын эрх мэдэлд шилжүүлж Монголын барилгын салбар хэдхэн олигархи нөхдүүдийн гарт орчихлоо. Тухайлбал, ЗТЯ-ны мэдэлд байсан замын тусгай зөвшөөрлийг ТББ-д шилжүүлснээр ямар ч ахиц гараагүй. Харин замын зөвшөөрлийг авахын тулд 100 гаруй сая төгрөг нэхсэн тухай яриа хэвлэлээр гарч дуулиан тарьж байсан.

Мөн Боловсролын салбар сургалтын зөвшөөрлөө ТББ-уудад өгснөөр өнөөдөр боловсролын тогтолцоо нуран унасан гээд олон баримт байна. Гэтэл барилгын салбараа дэмжиж, төгөлдөржүүлээд явахын оронд Х.Баделхан сайд ТББ-ын нэрийн цаадах мөнгөлөг эрхмүүдийн халаасанд багтаж, төрийн хяналт доор явагддаг байсан энэ чухал гэсэн тусгай зөвшөөрлүүдийг тэдэнд өгсөн шалтгааныг дахин асууя.

Өмнө нь ард олон хийгээд хууль хяналтынхан хариуцлагыг төрөөс нэхдэг байсан бол одоо эзэн биегүй, тамга тэмдэггүй ТББ-д хандах болчихлоо, Х.Баделхан сайд аа. Ерөөс Ерөнхий сайд аа, таны кабинетийн сайд Х.Баделханаас мөнгө үнэртээд байна. Тэрбээр барилгын салбарын акулуудтай эрх ашгаа нэгтгэн,  зүгээр байсан  барилгын салбарын ажлыг нурааж байгаа нь нэгийг өгүүлээд байна. Тиймээс энэ хүнийг барилгын салбараас үтэр түргэн холдуулж, төрийн чиг үүрэгт хамаардаг байсан тусгай зөвшөөрлүүдийг хуучин байдалд нь эргэн оруулвал олон хүн танд баярлах байх даа, Ерөнхий сайд аа.  Түүнчлэн үнэхээр барилгын салбарын чухал гэсэн тусгай зөвшөөрлүүдийг ТББ-д өгөх нь зөв үү гэдгийг ч эрдэмтэн, судлаачдаас асуух хэрэгтэй. Анх л барилгын салбарын сайдаар хэл амтайхан томилогдож байсан Х.Баделхан монголчууд бидэнд ямар хортой ажил хийчихэв ээ. Түүний гол зорилго энэ салбарыг унагаах байсан гэж үү. Бид дараагийн дугаартаа тусгай зөвшөөрлүүдийн талаар цувралаар хүргэх болно.

Үргэлжлэл бий…

“НИЙГМИЙН ШУУДАН” сонин

Улс төр

2 цаг 13 минутын өмнө

 


URL:

Нэр: барилгачин Огноо: 27 February 2018

Мөнхбаяр нь баахан идэж ууж баЙГААД БУУСАН, МАНгарууд идэх уух чаддаг ажлаа л хийж бна дөө. Хахаж үхэх цаг удахгүй ирнэ ээ

Сэтгэгдэл бичих