“Шангрила”-гийн “Sky lounge” & Шархадны “Өлзий” цайны газарт үдийн хоол идсэн тэмдэглэл

80000 төгрөгөөр үмх мах захиалчихаад тамшаалж суугаа эрхэм, 800 төгрөгөөр хоёр хуушуур идчихээд баярлаж суугаа хоёрын хэн нь цатгалан бэ-

Шил архи 750.000 төгрөг

2011 оны 11 дүгээр сарын 29. Мягмар гараг.

Монголдоо л номер нэг гэгдэх, элитүүд, дээдсийнхний ордог “Шангрила”-гийн 17 дугаар давхар дахь “Sky lounge”-д үдийн цайны цагаар орлоо. Сэтгүүлч найз нар маань зарим нэг улстөрчтэй уулзаж ярилцлага авъя гэхэд “Sky lounge”-д уулзая гэдэг. Ганц аяга кофе нь 25 мянган төгрөгийн үнэтэй, аймаар юм билээ гэхийг хэдэнтээ сонсч байсан болохоор сониуч зан хөдөлсөн хэрэг. Эгэл жирийн иргэдийн хувьд холоос л барааг нь хараад сүрддэг энэ шилэн цамхгийн яг энэ давхарт “Sity club”, “Monet” ресторан, “Sky lounge” зэрэг тансаг зэрэглэлийн ресторан, клуб байрладаг. Үдийн цайны цаг гэхэд хүний хөл хөдөлгөөн цөөтэй, нэгэн гадаад эр, гурван монгол эмэгтэйтэй хамт хооллож суув. Нэгэн бүсгүй ирж “Та хувцсаа өлгүүлэх үү” хэмээн уриалгахнаар хувцсыг маань аваад явчихлаа. Үйлчлэгч залуу хэдүүлээ явааг маань асууж, ширээнд суухыг урилаа. Хоолны болон уух зүйлийн цэсээ ч суухтай зэрэгцэн ширээн дээр тавив. Хүн амьтны ярианаас сонсч байснаас цаашгүй болохоор тэр их үнэтэй хоолных нь цэсийг хараад бараг л босоод явчих шахав. Монгол хүний тэнэг нэрэлхүү зан яг энэ үед хөдөлж байна гээч. Хэтэвчинд байгаа хэдэн бор юм маань ганц таваг хоол авч хүрэхгүй “халаах” болов уу гэж тэрхэн зуур тээнэгэлзсэнийг яана. Хамгийн хямдхан үнэтэй хоолыг нь захиалахаар шийдлээ. Хоолны цэсэн дээрх хамгийн хямдхан үнэтэй хоол нь 19900 төгрөг, зууш, салат 8900 төгрөг, хоёрдугаар хоол 28900 төгрөг гэж байна. Дүүрсэн хэрэг. Тав хоног өлхөн хооллочих мөнгөөрөө нэрлэж мэдэхээр нь тахианы махтай банштай ногоотой шөл захиаллаа. Гэтэл зөөгч төд удалгүй юу авчирч өгсөн гэж бодно. “Энэ ёстой хэнийг доромжлоод байна аа” гэх гэдэн хөдөлж, ногоотой шөлөө хараад идэх хүсэл төрөх биш бүр дургүй хүрч орхив. Ширхэг нь 30 төгрөгийн үнэтэй жижиг гялгар цаастай “mentos” бохины дайтай зургаан ширхэг дөрвөлжин банш, нарийн хэрчсэн зургаан ширхэг лууван, нэг ширхэг бууцай, тэгээд л шөл. Тэр хоолыг нь цайны шаазанд хийгээд ч дүүрэхээргүй тийм жоохон. Энд ер нь хэн орж ирж, иймхэн “нулимс” шиг хоолыг 20 мянган төгрөгөөр авч иддэг байна аа. Байдаг болоод л ийм байдаг байх гэж бодохоор хэн нэгэнд гомдмоор ч юм шиг. Яг цадаж харагдана даа. Хоёрдугаар хоол нэмэхээр шийдэж, бас л нэр зүсийг нь сайн мэдэх гахайн махан ороомог захиаллаа. Хамгийн хямдыг нь бодож шүү. Энэ хоол 28900 төгрөг гэнэ лээ. Хоёрын хоёр хоол “гөвшчихөөр” энэ муу бор ходоод божийдог юм байгаа биз дээ. Гэтэл үгүй юм аа, бас л хурганы засаа шиг жижигхэн махыг ууцны цар шиг том тавагны голд хэдэн навчин дээр хаячихаж. Энэ бүхэн лав миний, бас бидний идэх хоол биш ээ. Зэвүү, дургүй хоёр хүрч шарандаа “Bavaria” шар айраг нэг, лаазтай “Coca-Сola” нэмж авчрууллаа. Эрхбиш идэж уусан хүн мөнгөө төлөхгүй гээд яахав. Хэтэвчиндээ 100000 төгрөгтэй орсон хүн 20 гаруйхан мянган төгрөгтэй гарч ирдэг байгаа. Энэ мөнгөөр би юу авч, юу идэж болох билээ. Бүтэн хонь ч авч дийлэхгүй шүү дээ. Гэтэл мөнгөтэй, баян хүнд бол үдийн хоолных нь, ядруухан хүнд бол дөрвөн сарын хүний хөгжил сангийнх нь мөнгө. Тэнд ороод удаагүй суутал нэгэн хижээл эр хүү, охин хоёртойгоо бололтой гурван хүн орж ирсэн. Тэр гурвын захиалсан хоол яг минийх шиг биш ч  тал шиг том тавган дээр “тансаг” зэрэглэлийн ганц хоёрхон мах харагдсан. Тансаг зэрэглэлийн гэдэг нь учиртай. “Sky lounge”-ийнхан Австралийн үхрийн мах, Норвегийн яргай загас, Шинэ Зеландын хурганы махаар хоолоо хийдэг гэсэн. Энд хамгийн үнэтэй хоол нь найман хүнд зориулсан амталгааны маягийн порц бүхий хоолны иж бүрдэл нь 120 мянган төгрөг, таван хүнийх нь 80 мянган төгрөгийн үнэтэй гэж байгаа. Нэгэнт энд орсных юм юм л сонирхлоо. Архи, шар айраг, улаан, цагаан дарс, оргилуун дарс, виски, тамхины үнэ нь “тэнгэрт хадсан” гэдэг нь л тэр байх. Дэлгүүрт 1000 төгрөгөөр зарагддаг лаазтай ундаанууд 6500 төгрөг, 1800 төгрөгийн “Esse” тамхи 6500 төгрөг, “Tiger”, “Сэнгүр” шар айраг 7800 төгрөг гэж байна. Архины тухайд ч өндөр үнэтэй. Дотоодын архи, шар айраг, ундаанууд нь бүгд MCS-ийнх юм билээ. Монголын архинаас “Grand khaan” байна. Нэг шил нь 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Оргилуун дарс 150 мянга, улаан цагаан дарс 60-135 мянга, “Абсолют” архи 98 мянган төгрөгийн үнэтэй бол виски 300 мянгаас 750 мянган төгрөгийн үнэтэй аж. Тамхины тухайд монголчуудын хамгийн их хэрэглэдэг “Kent”, “Esse”, “Mild seven” мэт нь 6500 төгрөгийн үнэтэй, харин тэр бүр хэрэглээд байдаггүй, үзэж хараагүй нь 60 хүртэлх мянган төгрөг байх жишээтэй.

“Sky lounge”-д баасан, бямба, ням гарагт амьд хөгжмийн тоглолтууд болдог бөгөөд таксгүй гэсэн. Баасан гарагт төгөлдөр хуурчтай дуурийн дуучин залуу ирсэн зочдын хоолонд “хачир нэмдэг” бол бямба гарагт залуу дуучин Хулан, ням гарагт “Universe best songs” уралдаанд нэлээд дээгүүр байрт орж байсан хамтлагийнхан ирж дуулдаг юм билээ. Бас эднийх над мэтийн “юм үзээгүй” хүмүүст зориулж тав хоногийн өдрийн хоолны “меню”-тай аж. Тухайлбал, даваад тахианы махтай трияки, мягмарт жигнэсэн хонины мах, лхагвад үхрийн махтай бургер, пүрэвт тахианы махан бүрмэл, баасанд үхрийн жигнэсэн мах, хонины бөөртэйг хийж өгдөг гэнэ. Бүх хоол нь адилхан 9900 төгрөгийн үнэтэй. Энэ хамгийн хямдхан хоол нь юм байна гэдгийг сүүлд мэдсэн. “Sky lounge”-ийн “Monet” рестораны хоолны цэс нь “Sky lounge”-ийнхтай нэг юм билээ. Хүлээн авалт, цайллага ч цөөнгүй болдог гэх юм билээ, энэ ресторанд. Хоёр хүний голдуу ширээ сандалтай бөгөөд заалны хоёр захад олуулаа суухуйц зөөлөн сандал буйдан байрлуулсан нь ихэвчлэн хосуудад зориулсан бололтой. “Monet” ресторан, “Sky lounge”-ийн лангууг ази гаралтай, англи хэлтэй харь эр хариуцдаг бололтой.

“Улаанбаатар” рестораны хуйцаа ч салахын аргагүй шүү гэж бидний үеийнхэн ярьдаг. Тухайн үедээ л хамгийн тансаг ресторан нь, хамгийн сайхан хоол нь тэр байсан юмдаг. Оюутнууд хааяа нэг стипендээ буухаар тийшээ орно. Тэнд орсныгоо заавал ярина. Аминдаа тансаг ресторанд үнэтэй хоол идсэнээ гайхуулж байгаа хэрэг. Харин одоо нөгөө тансаг рестораны маань хажууд жинхэнэ тансаг харш босчихоод таваг хоолоо дал, наян мянгаар үнэлчихээд байж байдаг, түүгээр үйлчлүүлэгчид нь ч цөөнгүй байдаг, тэр бүү хэл нэг өдрийн үдийн цайндаа 100-гаад мянган төгрөг зарцуулахаа юман чинээ тоодоггүй юм байна гээд бодохоор би энэ нийгмийнхээ альхан хэсэгт нь багтаад яваагаа ч мэдэхээ байх нь.

Ингээд нийслэлийн гэр хорооллынхны орж, гардаг цайны газар ямар байдгийг зэрэгцүүлж үзмээр санагдаад явчихлаа. Эрхэм дээдсүүдийн үдийн зоогоо барьдаг тансаг зэрэглэлийн ресторанд орж чадахгүй ч гэсэн эгэл борчууд маань энэ тэмдэглэлийг уншаад нэг удаа ч болов ороод гарсан юм шиг сэтгэгдэл төрвөл болж байна. Харин эгэл жирийн иргэдийнх нь, сонгогчдынх нь хооллож, ундалдаг цайны газар, гуанзууд ямар байдаг бол гэж ихэс дээдсүүд сонирхож магад шүү дээ. Ороод гарсан юм шиг санагдаж юуны магад. Биеэрээ орж үздэггүй юм аа гэхэд сэтгэлээрээ харах хэрэгтэй дээ.

Ширхэг мантуун бууз 350 төгрөг

2011 оны 11 дүгээр сарын 30. Лхагва гараг.

Өчигдрийн “шатсанаа” бодоод нийслэлийн гэр хорооллын аль нэгэн цайны газарт очиж үдийн цайгаар уухаар 13.10 цагт редакциасаа гарлаа. Замын түгжрэл, элдэв бас бус саадыг бодолцон Шар хадны эцсийн буудлыг зорив. Хотын төвийн тансаг “lounge”-д 80 мянган төгрөгөөр хооллоод гэдэс гарч чадаагүй, бас багагүй мөнгөө үрсэндээ шаралхаж, эгэл жирийн иргэдийн орж, цайлж ундалдаг “гунза”-д орохоор шийдсэн маань энэ. Энэ ямар тэнэг амьтан бэ гэж та бүү гайхаарай, бас шоолоорой. Тавхан км-ын наад цаадах нийслэлчүүдийн амьдралын ялгаа энүүхэн өчүүхэн мэт боловч асар их ялгаатай зүйлээс харагдана гэж мунхагласан минь энэ л дээ.

Шархадны эцсийн автобусны буудалд 13.25 цагт очлоо. Хамгийн түрүүнд зогсоолд ойрхныг нь бодож замын хажуугийн жижигхэн цайны газар руу орохоор дөхөв. Үүдэнд нь эрүүл, хөлчүү зургаан залуу нэг нэгэнтэйгээ барилдах, зодолдохын хооронд үг хаян шөргөөцөлдөж байна. Хальтарч унах шахан цайны газрын үүдээр орвол том жижиг дөрвөн ширээнд 10 гаруй хүн хоёр гурваараа суун хооллож байлаа. Нэр хаяггүй цайны газар хааш хаашаа таван метр хэртэй тэг дөрвөлжин байх агаад жижигхэн хоёр цонхны нэгээр нь бохир аяга тавагаа, нөгөөгөөр нь үйлчлүүлэгчийн хоол цайг өгдөг ажээ. Хир даг болсон хувцастай намхавтар хүүхэн цайны газрын эзэн бололтой, нэгэн туранхай охиноор хоол цайгаа зөөлгөж, өөрөө мөнгийг нь хурааж авна. Хамгийн хурдан түргэн гарахыг нь, бас “аюулгүй”-г нь бодож гуляш, нэг аяга цайтай захиалав. Хоёр гурван минут болов уу, үгүй юу тарган үхрийн махаар хийсэн хоол, цай өмнө минь ирлээ. Амттай юм аа. Мах нь бас зөөлхөн байна. Иймэрхүү газар ийм аятайхан амттай хоол иднэ гэж бодоогүйг ч хэлэх үү, нэг мэдэхэд тавагтай хоол маань барагджээ. Энэ цайны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын талаар бол ёстой авах юм алга. Үйлчилж байгаа нь, үйлчлүүлж байгаа нь ч адилхан. Энд энэ хүүхэн яах гэж орж ирсэн юм бол гэсэн маягтай хүмүүс хоолоо идэнгээ байн байн эргэж харах нь хэцүү. Ам метр хүрэхгүй талбай бүхий буланд цайны газрын эзний нөхөр бололтой хижээл эр гадуур хувцастайгаа суучихсан сальфетка нугалж, халбага сэрээ эмхлүүлж сууна. Зөөгч охин ч тун шуурхай юм. Гараас нь бараг цайны халуун сав салсангүй. Орж ирээд суусан хүн бүрт шуудхан халуун цай аягална. Хажуугийн ширээний хир даг болсон хувцастай хоёр эр нэгнээ цаашлуулна. “Оо ёо ёо, комиссын курткаар гангарчихаж. Миний муу найз баяжчихаа юу” гэж чангаар хэлэн инээхэд нөгөөх нь мар мар инээж нөгөөгийнхөө чихийг мушгимар аядсан нь хүмүүсээс ичсэн бололтой. Хаалгаар өрөөсөн хөлөө даавуугаар ороочихоод нэг хөл дээрээ догонцсон залуу дан цамцтай орж ирэв. Цайны газрын эзэн эмэгтэй “Өө, чи чинь бүр эдгэчихээ шив дээ. Хоол цайгаа зөөлгөж иддэг байсан, босоод явж байна. Болоо ш дээ” гээд “Цай хийж өгөөрэй” гэж зөөгч охиндоо хэлэв.  Эднийд Шархадны чиглэлийн автобус, микроавтобусны жолооч кондукторууд ихэнхдээ орж ирдэг юм гэсэн. Ингээд нэг таваг гуляш, аяга сүүтэй цайны төлбөрт 2650 төгрөг төллөө.

Эндээс гараад эцсийн буудлын баруун захад байрлах “Өлзий” нэртэй цайны газрыг чиглэлээ. Хоолондоо цадаагүйдээ биш ороод үзье гэж бодлоо. Үүдээр нь шуудайтай нүүрсийг давхарлан өрж, хоёр халтайсан хувцастай, үс зүс гэж авах юмгүй хоёр нөхөр нэг нь шуудайтай нүүрсэн дээр сууж, нөгөө нь зогсч байна. Хажуугаар нь гарах гэтэл нэг нь гар далайж үзэж байна. Суган доогуур нь шургах шахуу хар гүйхээрээ “Өлзий” рүү явж орлоо. Түрүүчийнхийг бодвол зай талбай нь том, бас арай л цэвэрхэн юм. Нийтдээ зургаан ширээнд хоёр хоёроороо хүмүүс суужээ. Тэд голдуу хуушуур, мантуун бууз идэж байв. Хамгийн хямдхан хоол нь тэр болохоор хуушуур, бууз, мантуун бууз гурав их гүйлгээтэй байдаг ажээ. “Өлзий”-гийн хамгийн үнэтэй хоол нь адууны чанасан мах бөгөөд 3000 төгрөгийн үнэтэй. Нийслэл салат 800 төгрөг, нарийн махан хуурга, цуйван, гуляш, ногоотой шөл, банштай цай мэтийн түгээмэл хоол бүгд байна. Үнэ ч харьцангуй хямд аж. Ердөө л 2000-2800 төгрөгийн үнэтэй. Залуухан эр, эм хоёроос дэргэд нь хүнтэй эсэхийг асууж зэрэгцэн суулаа. Саарал ноосон цамцтай дунд эргэм насны эрэгтэй “тек”-ний ард зогсч, хоол авбал ирж бичүүлэхийг сануулав. Орж суучихаад зүгээр гаралтай биш нэг хуушуур, нэг аяга цай авахаар 550 төгрөг төллөө. Муугүй л амттай юм, гэхдээ тос нь хуршжээ. Хажууд суугаа хоёр зургаан хуушуур, нэг нийслэл салат, хоёр аяга цай захиалсан аж. Цайны газрын зургаан ширээний дунд хоёр “Чили” кетчуп тавьсан бөгөөд хүмүүс босон суун кетчупаа дамжуулан хуушуур, мантуун буузаа амтална. Би ч бас тэглээ. “Ширээний найзууд” гэр бүлийн хоёр ажээ. Нөхөр нь “Хоёулаа жаахан мах аваад шууд харих уу” гэнгээ тавагтай нийслэл салатын үлдэгдлийг ам таваг хоёроо салгалгүй сэрээгээр нь түлхэнгээ толгойгоороо эхнэрээ явъя гэж буй бололтой хаалга руу дохив. Өөдөөс харсан ширээн дээр суусан өндөр залуу гурван мантуун бууз авчруулан идэх зуураа “Салат яачихав аа” хэмээн эргэж харахуйд зөөгч “Юун сүртэй юм бэ, одоохон өглөө ш дээ” гэж ширэв татав. Энэ зуур гал тогооны өрөөнөөс үйлчлэгч охин гарч ирж ширээн дээгүүрх бохир аяга тавгийг хурааж ширээнүүдийг арчиж байна. Ширээн дээр асгарсан салат, хуушуурын гурил мэтхэнийг шууд л гараараа түүн хүний идэж уусан аяга таваг руу шидлэх. Ингэх зуураа эзэнгүй сандлуудыг хөлөөрөө өшиглөн тэгшлэх нь сурамгай. “Өлзий” цайны газрын заалны голд нөгөө утаагүй зуух гээчийг нь тавьчихаж. Зуухны хажууд суусан 50 эргэм насны эрэгтэй, эмэгтэй хоёр утаагүй зуухыг муулахыг ч үзүүлж өгч байна аа. “Энэ муу чинь дэлбэрчихдэг гээ биз дээ. Харваас өөдтэй эд биш байх шив. Нэг л асаасан бол шатаж дуустал нь нүүрс хийж болдоггүй юм гэсэн. Дуусахаар нь үнсийг нь гаргаж байгаад дахиад асаана, асна, хална гээд бараг гурван цаг болно. Тэр хооронд хөлдөөж алдаг гэсэн” гэж эмэгтэй нь үстэйгээ зууралдан ярихад нөхөр нь “Тэгж л таарна. Муусайн юмнууд хүн л шулж байхгүй юу. Өөдтэй юм ганцыг ч хийхгүй. Өөрсдөө болохоор гахай шиг таргалж, паартай байшинд тухалчихаад ядарсан бидний зовлонг мэдэх ч үгүй. Новшнууд” гэж улстөржив. Тэр хоёртой зэргэлдээ ширээнд залуухан хоёр охин хоёр хоёр хуушуур, нэг нэг MCS-ийн шилтэй “кола” ууж дуусаад босч байна.  “Их гоё хуушууртай юм аа. Харин ч гоё хооллочихлоо” хэмээн хэнд ч юм, талархаад гарлаа.

Хоолны заал нь жижигхэн, хүмүүс бараг нь нуруу бөөрөөрөө нийлж суусан болж хэдэн хуушуураа идэх нь хэцүү. Ардуур урдуур нь гарах гэж сандал хяхарч, эгээтэй л ширээгээ нааш цааш түлхэх нь холгүй юм болно. Аягатай цайнууд нь цалгиж асгараад, ширээ, шал хоёр нь хоолны шавхруу, хир даг, шавхайд өнгө нь мэдэгдэхгүй шахам болсон байх нь миний орсон хоёр цайны газарт яг адилхан байлаа. Ингээд би энэ өдрийн үдийн цайндаа 3200 төгрөг “үрж”, бас цадав. “Sky lounge”-ийн 80 мянгын тансаг зэрэглэлийн хоол,  3200 төгрөгийн хуушуур, гуляш хоёрын хооронд ямар их ялгаатай байсан гээч. Энэ бол зөвхөн миний л бодол.

Шархадны эцсийн буудал дээр нэлээд эртний нэгэн танил эгчтэй тааралдаж, таван минут хэртэй буу халав. “Энэ цайны газраар орж хуушуур идээд” хэмээн үгээ ч дуусгаагүй байтал минь “Хүүе чи одоо ийм газарт ирж хооллоод байхдаа яадаг юм бэ. Үнэр танар, үйлчлүүлж байгаа хүмүүс нь аймаар байгаа биз дээ. Балай юм” гэж байна. “Зүгээр ээ, ажлаар явж байгаад өлсөөд байхаар нь орчихлоо” гэж нэрэлхэв. “Өө энэ хавьд архичид найгүй их. Заримдаа явуулахгүй ш дээ. Зодолдоно, хаа дуртай газраа шээнэ, баана. Ёстой ална ш дээ. Цайны газарт ганц нэгээрээ оролтгүй. Энэ архичид, тэнэмэл хүмүүс орж ирээд ширээн дээрх хоолноос чинь шүүрнэ, тавагтай хоол руу чинь нулимна, тэгээд босоод явахаар очиж суугаад идчихнэ. Ёстой аймаар” гэж дуржигнуулав. “Гайгүй л байна” гэсхийгээд бид хоёр саллаа.

Шархадны эцсийн буудал дээр “Автобусны эцсийн зогсоол” гэсэн гэрлэн хаягтай томоос том хоёр давхар байшин шинээр баригдсан ч дотор нь ямар нэгэн үйл ажиллагаа явдаг шинж алга. Шархадны эцсийн буудлаас хөдөллөө. “Да хүрээ” захын баруунтай “Монгол хоол” хаягтай жижиг шавар амбаарын цонхоор бүдэг бадаг гэрэл сүүмийж дотор нь гадуур хувцастай хүмүүс өөд өөдөөсөө харан бөгтийн суугаа нь бүүр түүрхэн харагдав. Энд бас л эгэл жирийн хүмүүс өдрийнхөө хоолыг идэж суугаа нь тэр. Тэдэнд “Шангрила”, “Sky lounge” төсөөлөгдөх ч үгүй байгаа гэж бодохоор бүгдийг нь дагуулаад “Шангрила”-гийн 17 давхарт оруулчихмаар. Тэгээд төлбөрийг нь энэ дүүргээс сонгогдсон төрийн түшээ З.Алтай, Ц.Батбаяр, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг дөрвөөр төлүүлчихмээр санагдав. Нэг ёсондоо шал дургүй хүрч байгаа юм байлгүй. Ямар нь тийм тансаг ресторанд, үмх махыг 30000 төгрөгөөр идсэн идээгүй хоёрын хооронд сууж, ямар нь 800-хан төгрөгөөр хоёр хуушуур /яг үнэндээ юуны махаар хийсэн нь тодорхойгүй/ идчихээд хачин сайхан амттайг нь гайхаж байдаг байна аа. Өдөр шөнө шиг ялгаатай гэх хэлц ч үүнд тохирохгүй мэт. Сартай шөнө, утаатай өдөр хоёр ч өнөө цагт нийслэлд ялгарахаа больсон л доо, угаасаа. Миний очсон, зорьсон газар л Шархадны эцэс болохоос нийслэлийн дөрвөн зүг, найман зовхист байгаа гэр хорооллын цайны газруудын дүр төрх бүгд адилхан яг ийм. Бид энэхүү сурвалжлагаараа “Sky lounge”, “Өлзий” цайны газруудын үйл ажиллагааг өөлж гоочлох гэсэнгүй. Монголчуудын амьдрал, баян хоосны ялгаа үдийн цай, хоолон дээрээс хэрхэн харагдаж байгааг л харуулахыг зорилоо.

Б.Оюунгэрэл


URL:

Tags:

Нэр: Сайн уу Огноо: 31 March 2017

энэ нийтлэл 2011 оных юм байна. тухайн үед би 11-р ангиа төгсөж байж. Тисийн лицей Цэ-гээс бүрж шарсан тахиа 3000 хавьцаа авч иддэг байсан санагдаж байна. Энэ нийтлэлийг уншаад өөр шиг чинь ингэж 2 өөр газрыг 2 өдөр зорьмоор санагдлаа. сая валентинаар /2017 он/ анхны аймар үнэтэй хоолонд орлоо шд. Тэр нь Калифорниа 2-т… 2 стейк, 1 шил вино 300000 орчим болсон. 24900 нтр гэчихсэн байсан гайгүй үнэтэй винонууд нь бүгд дуусчихсан гэхээр нь вино ууна гэж ярьж байсан болохоор 200000ын виног нь манай найз залуу яалтачгүй авч таарсан. хүмүүс ч их хоол унд нь бараг цаг хүлээгдэж, зарим хүмүүс нь уурлаж ажилчидад нь хэцүүхэн л байх шиг байсан. за тэр 300000ийн зоогт нэг харамсмаар ч юи шиг нэг бас үнэтэй вино ууж үдшийг өнгөрүүлсэндээ баярламаар ч юм шиг санагдаж байсан. харин сая Баянчандманад явж байгаад таарсан цайны газарт нь ороод хуушуур идсэн. 1ш нь 800 төг нэг аяга цай 300 төг. би хэр баргийн хоол идэж чаддаггүй их маягтай хүн лдээ. эхлээд идэхэд жирийн л бид нарын хотод иддэг шиг давгүй санагдсан сүүлийн хазалт бол онцгүй хамаг тос нь мэдээж доороо үлдчихсэн. тэрийг нь хазаж таарсан чинь тос нь их сонин амттай үлдсэн нэг хуушуураа найз бандидаа өгөөд идүүлчихэв. гэхдээ л тэр газар хүн идэхээр ялгаагүй л хуушуур зарж байна. аан бохир юм шиг санагдаагүй хүн амьтан ч өглөөнөөс хойш бараг орж ирээгүй юм шиг санагдсан. тансаг биш их сэрүүхэн газар. нойл асуутал хаалгаар гараад гэлээ мэдээж модон нойл ороод хартал бараг халих гэж байгаа баас нь цухуйсан газар… за иишээ шээе гэж бодье. бараг буцаад үсэрчих янзтай орж чадаагүй хавчигнаад цааш замдаа гарсан. Та яг энэ сониуч зангаа одоо хүртэл хадгалж байгаа гэж найдаж байна. энэ нийтлэл их таалагдлаа сэтгүүлч хүн ийм л байх хэрэгтэй гэж бодож байна. баянчандманы жирийн гоёж гангалаагүй будаг шунх зузаан нялаагүй хэт энгийн мэт хүмүүсийн хажууд хотын би их л ялгарч харагдаж байх шиг байна лээ. Би ч уул нь хотдоо хүн тоож хардаггүй задгай хувцас өмсдөггүй олигтой буддаггүй охин л доо хэхэхэ. заа ямартай ч анх удаа ийм урт сэтгэгдэл бичлээ ер нь бичээд байдаггүй юм. хэн нэгэн миний энэ сэтгэгдлийг уншсан бол заавал хариу бичээрэй. би ойрхон шалгаж байх болно. яагаад ч юм сонирхолтой санагдаад…

Нэр: Сониуч Огноо: 16 September 2017

Сэдэв сэтгэгдэл хоёрыг уншлаа. Шангрилла мангрилаад орж үзээгүй. Орохыг ч хүсээд байдаггүй. Дажгүй орлоготой үедээ найзуудтайгаа идэж үзээгүй хоолоо идэхээр. Хятад Солонгос хоолны газар орно. Заримдаа таалагдана заримдаа таалагдахгүй үйлчилгээний соёл гэж бол Монголд тийм юм байдаг ч юм уу гүйч юмуу бүү мэд. Тэгэхдээ монголчууд бид чинь жаахан заргач болмоор санагдах юм хаа хаанаа. Яагаад 3500 төгрөгийн өртөгтэй хоол 10000 төгрөгөөр борлуулаад байдаг юм. Яагаад түзнээс тамхи 5 6 мянгаар авах ёстой юм. Жаахан баримжаатай юмны үнэ нэммээр юм.

Сэтгэгдэл бичих