МАХН-ын нууц төлөвлөгөө гэгчийг Б.Тулгын цүнхнээс олзолжээ

Нууцыг задруулсан төлөв­лөгөө. Ийм сүржин нэртэй дар­жин төлөвлөгөө сүүлийн хэд хоногт “нүд хужирлав”. Тө­лөв­лөгөөнд айхавтар сүртэй ажил­лагааг тусгаагүй аж. Хуульч залуучуудын эвсэл бай­гуулснаа зарлах, олон ул­сын хүний эрхийн болон сэт­гүүлчдийг хамгаалах бай­гуул­лагуудын хаягийг олж мэдээлэл өгч эхлэх гэхчлэн Монгол Ул­сын хууль тогтоомжуудын дагуу улс төрийн намын хү­рээнд хийж болохуйц аж­луу­дыг төлөвлөсөн бай­на. Сонирхолтой нь уг төлөв­лө­гөөнд тусгасан бараг бүх ажлын ард “хариуцах эзэн”-ээр эдүгээр хоригдон шал­гагдаж буй Б.Тулгын нэ­рийг “зоожээ”.  МАХН-ын нууц тө­лөвлөгөө яагаад заа­вал Б.Тул­гыг хоригдсоны да­раахан хүмүүст задрав. Мэдээж энэ бол то­хиол­дол биш.

Ерөөсөө энэ төлөвлөгөө яаж яваад хэвлэлийн хуу­дас­наа “заларсан” учиг ч мөн л Н.Энхбаярын ша­дар тус­лах Б.Тулгатай холбоо­той бололтой. Учир нь уг тө­лөвлөгөө Б.Тулгыг баривч­лаг­дах үед цүнхэнд нь байсан бөгөөд өөрөөр гадагш зад­рах үндэслэлгүй хэмээн эх сур­валжууд хэлж байна. Тэгэхээр мөрдөн байцаалтын явцад сэ­жигтнээс олдсон эд мөрийн ба­римтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэ­дээл­сэн нь хууль зөрчсөн хэ­рэг болж таарна. Тэр тусмаа Ардын намын зарим эрх мэ­дэлтний мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг төлөвлөгөөг эхэлж задалсан нь ч энэхүү таамгийг улам бататгаж байгаа юм.

Үүний нөгөө талд ерөөсөө энэ тө­лөвлөгөө зохиомол хуурамч зүйл байсан. “Чулуу хөөлгөх” зорилгоор дуулиан тарих гэж хэвлэлд нийтэллээ гэх таамаглал бас байв. Гэвч МАХН-ын зарим гишүүний ярьж буйгаар уг төлөвлөгөө оргүй зүйл биш гэнэ. Тэр ч байтугай МАХН-ын дарга Н.Энхбаярын мэдэх хийгээд, мэдэхгүй зүйл олон байгаа нь гайхашрал төрүүлж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаяр намынхаа төлөвлөгөөг хэвлэлээс олж харахдаа огтхон ч айж сандраагүй. Харин Б.Тулгын цүнхэнд байсан бичиг баримт сонин, сайтуудад хэвлэгдсэнд гайхжээ. Тэр тусмаа төлөвлөгөө гэгчид хууль бус зүйл байх вий гэдэгт онцгой анхаарч бол­гоомжилсон аж. Гэвч ХЗДХЯ, АТГ-ын гадаа гэр барих, голдуу уриа лоозон бэлтгэх, олон улсын бай­гууллага болон Элчин сайдын Яамдад мэдээлэл өгөх, хэн нэгнийг хууль хяналтын байгууллагаар шал­гуулах зэрэг нь хуулийн хүрээнд хийж болохуйц үйл ажиллагаа учир санаа зовох зүйл алга гэж үзсэн бололтой.

Олзлогдсон төлөвлөгөөнд “Л.Ган­­сүх , Ц.Нямдорж нарыг хүн гүт­гэс­нийх нь төлөө прокурорт өгч шалгуулах, хууль хяналтын бай­гууллагын дунд, доод шатны ажилт­нуудыг болон тэдний хууль бус ажил­лагааг илчилж эхлэх” гэсэн ажлууд дээр сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга, тэр ч байтугай Ардчилсан намын гишүүн О.Магнай нарын нэр цохиж яваа нь анхаарал татсан. Дээрх сэтгүүлчид нэг жилийн өмнөөс л Н.Энхбаяртай хамтарч ажиллах болсон, тэр тусмаа О.Магнайг Н.Энх­баярын хуучин хамтрагч С.Молор-Эрдэнэ танилцуулж байсан аж. Ту­хайн үед Н.Энхбаяр “Надтай хэзээ ч уулзаж байж болно. Зөв зүйлийн төлөө бол хэнтэй ч хамтрахад бэлэн” гээд амлачихсан болохоор одоо ч хэн, хэнийг нь цаашаа гэдэггүй бололтой. Харин төлөвлөгөөнд тусгасан за­рим ажлыг нь хариуцах болсны тухайд ерөнхийдөө Б.Тулгын зо­хион байгуулсан арга хэмжээнүүд байжээ. Хуульч залуучуудын эвсэл, түүний гишүүн залуусын хувьд ч мөн л Б.Тулгын хамтрагчид гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр төлөвлөгөөний дор тэмдэглэсэнчлэн “Цаг заваараа бус бүх цагаа зориулж ажиллах”-аар хүсэл зоригоороо нэгдсэн байжээ.

Энэхүү төлөвлөгөөнд “Б.Хурцын АТГ-ын дэд даргаар хууль зөрчиж томилогдсон талаар материал бо­ловс­руулж бэлдэх” хэмээсэн нь анхаарал татаж байна. Үнэн хэрэгтээ С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр барууны орнуудаар хүзүү сээрээрээ хэлхэлдэн ойр дотно “зугаалж” яваад ирсний дараа Б.Хурц АТГ-ын дэд даргаар томилогдсон. Тэгэхээр Б.Хурцыг томилох эрх бүхий субъект нь Ц.Элбэгдорж болохоос С.Баярын хүч гэж хардах боломжтой. Яг энэ үеэр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газраас хамтарсан ажлын хэсэг байгуулж, Н.Энхбаярыг онилсон. Тиймээс Б.Хурц Н.Энх­баярыг намнаж, Ц.Нямдорж, С.Баяр зэрэг ах нартаа бэлэг барих учиртай ч байж болох юм.

Түүнчлэн “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалд нэр хол­бог­дож хоригдсон хүмүүсийн нэг нь Н.Энхбаярын эртний анд, үзэг нэгт нөхөр, зохиолч, сэтгүүлч До.Чу­луунбаатар байсан. Нэгэнтээ До.Чу­луунбаатарын төрсөн ах зо­хиолч До.Цэнджав Н.Энхбаярт гом­дож явдгаа илэрхийлэн хэвлэлд ярилц­лага өгч байв. Харин Н.Энхбаяр болон түүний нөхөд одоо хэр нь түүнийг хэлмэгдэж хоригдсонд санаа зовниж явдаг нь МАХН-ын нууц төлөвлөгөөнд багтсан байна. Энэ мэтийн Н.Энхбаярын ярьж байсан зарим зүйл, зайлшгүй хийх алхмууд уг төлөвлөгөөнд багтсанаас үзэхэд яах аргагүй хийхээр зэхэж байсан ажлууд байсан бололтой юм. Тэр ч байтугай Н.Энхбаяр ойр дотныхондоо ярихдаа “Энэ төлөвлөгөөнд хууль бус зүйл байхгүй. Харин ч хэвлэлд дэлгээд өгсөн нь санаа авууштай, сайн хэрэг биш үү” хэмээсэн гэнэ. Тэгэхээр Н.Энхбаяр хийгээд түүний намынхныг айлган сүрдүүлэхэд уг төлөвлөгөөг задалсан явдал онцгой нөлөө үзүүлээгүй, тэднийг тэвдэн санд­рахад хүргээгүй бололтой.

Хамгийн гол нь сэжигтнээр ба­ривч­лагдсан хүний цүнхийг нэг­жиж олсон зүйлийг олон нийтэд дэл­гэж болох уу, үгүй юү гэдэг нь ан­хаарал татаж байна. Мөрдөн бай­цаалтын явцад мэдээлэл өгөхийг ч хориглодог хэрнээ цаасан дээрх ба­римтыг улс төрийн намын албан ёсны төлөвлөгөө мэтээр сүржигнэн зар­ласан нь хачирхалтай.

Дашрамд дурьдахад Н.Энх­баярын хүү Э.Батшугарын талаар хэвлэлүүд ихээхэн сонирхож байгаа. Энэ талаар “алтан хошуу” өргөж, үг сонсохыг хүс­сэн зарим хүнд  Н.Энхбаяр “Ми­ний хүү нялх амьтан. Гэхдээ угийн томоотой. Өөрийнхөө хүчээр өн­дөр мэдлэг боловсрол эзэмшиж, со­нирхсон ажлаа хийх боломжийг шу­дарга зарчмаар олж авсан. Ц.Ням­доржийн хүү шиг аавынхаа нэр нөлөөгөөр гадаадын оронд консулаар ажиллахыг хүсээгүй. Тийм хүмүүжил ч үгүй” хэмээн  тасхийтэл хариу барьсан гэнэ.

Ямартай ч шадар туслахаа бо­лон хүүгээ улс төрийн золиос болго­сондоо ихээхэн бухимдаж суугаа МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдтай өрнүүлсэн хэрүүлээ ойрын үед зогсоогоод байна. Үүнийг “Ноёнтой муудвал толгойгүй, нохой­той уралцвал хормойгүй” гэдэгчлэн айж эмээсэн болов уу гэж тайлбарлах хүн цөөнгүй байгаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ынхантай бод­логоор, булхайгаар, олон талаар “тулалдах”-аар төлөвлөөд байгаа нь илт ажиглагдаж байна. Үүнийг ч олзлогдсон төлөвлөгөө харууллаа.

У.Оргилмаа

“Улс төрийн тойм” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих