Автобусны картыг 1,341,000 иргэн идэвхтэй ашиглаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад албаны хүмүүс Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн Шуурхай үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

 17456

Улаанбаатар смарт карт компаниас нийтдээ 1,557,000 карт борлуулсан ба үүнээс 1,341,000 нь идэвхтэй ашиглагдаж байгаа юм байна. Үүнээс энгийн  том хүний карт 892,000, хүүхдийн карт 248,000 тус тус борлогджээ.

104,000 ахмад настан, 640 хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 29,000, оюутан 64,000 тус бүр ашиглаж байгаа аж.

Харин хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай картыг том хүн 25,000, хүүхэд 8,000 төгрөгөөр борлуулж байгаа.

Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд 3,600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжийг ч бүрдүүлжээ.

Тус компаний зүгээс Хаан банктай  хамтран  “Ситипасс” карт гаргасан бөгөөд  иргэд заавал цэнэглэх цэг дээр очих шаардлагагүй. Банкны салбарууд болон  интернэт  банк, мобайл, АТМ-ээс цэнэглэх боломжтой.

Мөн Юнител ХХК-тай хамтран NFC сим карт гаргажээ. Сим картын дотор чип суулгаж өгснөөр утсаараа автобусаны карт уншуулах төхөөрөмжтэй холбогдох боломжийг бүрдүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 499 цэг ажиллаж байгаа бөгөөд 317 нь ТҮЦ дэлгүүр, 28 сонин борлуулах цэг болон  И-март, Номин их дэлгүүр, Юнител, Скайтел, Мобикомын гэрээт цэг гэсэн газруудад ажиллуулж иргэд картаа цэнэглүүлж байна хэмээн танилцууллаа.

UMONEY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ БАЙГУУЛНА

Мөн  100 хувь картын хэрэглээнд шилжих ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газартай хамтран картын төвийг нэмэх, хэрэглэгчийн төвийг байгуулах, хугацаатай карт, апплейкшн гаргах, олон  нийтэд мэдээлэл өгөх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид umoney үйлчилгээний цэг байгуулах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний цэг байгуулах  саналыг хүлээн авч удаа дараа хэлэлцэж байсан. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, боловсронгуй болгох, зарим үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн.

Энэ үйлчилгээний цэгээс иргэд мэдээлэл авдаг, мөн картаа цэнэглүүлдэг, ямар автобусанд суух чиглэлээ хардаг, бүрэн камержуулалт хийгдсэн зэрэг  давхар үйлчилгээнүүдтэй байвал иргэдэд ашигтай.

Нийслэлийн зүгээс хориглосон байршлуудаас бусад газарт хамтран ажиллахад бэлэн байна. Нийтийн  тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжинэ.

Та бүхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд  бидний  зүгээс хамтран ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И “Манай компани  бусад улс орнуудад үйлчилгээ явуулдаг туршлагатай компани.  Нийтийн тээврийн цахим үйлчилгээ хэрэгжсэнээр  иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх ёстой. Бидний зүгээс санал болгож байгаа үйлчилгээний цэгээс иргэд картаа аль болох хүндрэлгүй  хурдан цэнэглээд авч явах ёстой гэсэн бодлогыг баримталдаг.

Харин энэ цэг нь иргэдэд хамгийн ойрхон автобусны буудалд байвал зүгээр гэсэн зарчмаар төлөвлөгөө гаргасан. Бусад улс орнуудын жишгийг харахад мөн адил автобусны буудалд карт цэнэглэх төвөө ажиллуулдаг.

Олон улсад түргэн үйлчилгээний цэгүүд болох kfc,  burger king зэрэг сүлжээ газрууд өөрсдийн гэсэн  дотоод стандарттай.  Уг стандартаа биелүүлэхгүй бол салбараа  татан буулгадаг туршлага бий.

Хэрэв umoney  цэнэглэх төвтэй болвол бид ч гэсэн өөрийн гэсэн стандарттай болох төлөвлөгөөтэй байгаа. Камержуулалтын асуудлыг бас судалж байна. Камержуулалтын систем нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг хянах зэрэг олон давуу талтай. Бид цаашид үйл ажиллагаа илүү сайжруулж,  иргэдэд ойр, хүртээмжтэй ажиллах болно” хэмээлээ.

Б.МАНЛАЙ, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих