УИХ-ын гишүүд ард түмнээ явгалахаар зэхэж байна

Ойрд УИХ-ын эрхэм гишүүд маань  манийхаа  хөл залгадаг унааг “тансаг хэрэглээнийх” хэмээн нэрлэж  түүнд   санаагаа зовоон  сүйд майд болж бүтэн нойртой хоносонгүй.  Гэхдээ  эрхэм гишүүд маань бидний “тансаг” унааг яажшуухан төвөг чирэгдэлгүй  авч ирж өгөх вэ гэж санаагаа чилээгээгүй юм.  Харин ч жирийн ардуудыг өөрсөд шиг нь том тэрэг уначихаад  цас мөс, шавар шавхай дундуур унаатай хүн шиг ажил төрлөө амжуулж яваад нь атаархаж үхэх гэж байна. Малчид цас зудан дундуур туучин  хот орон орж малын тэжээл зөөж  хэдэн малаа үхүүлэхгүй байгаад бачуурч үхэх  нь. Мөн эмнэлгийн жаран есд  царай алдалгүй  өөрийн жийпээр жирэмсэн эхнэрээ шавар шавхайн дундуур авч давхин аймгийн төвийн эмнэлэг бараадуулж байгаа хөдөөний хар хүнийг  хараад цөс нь хавиргаа дэлсэж байна.  Яагаад гэвэл унаатай  монгол хэнээс ч  хараат биш байдаг юм. Хэнээс ч хараат биш монгол хэнийг ч хамаагүй сонгож чаддагт хамаг хэргийн учир байх шиг. Тэднийг ялархаж  ямбалж байж төрийн мөнгөөр хэдэн боодол өвс  аваад очиход унаатай монгол аль хэдийн малдаа тэжээл олоод ирчихсэн сууна. Ганц нэр нүүр олдог ажил болох эмнэлгийн жаран ес аваад очиход нь унаатай монгол түүнийг нь голоод өөрийн унаагаа дээр гэнэ. Гишүүдийн хийж байгаа нэг ч юмыг унаатай монгол тоохгүй байна.  Тоохгүй болохоор  дахин  сонгохгүй гэсэн үг. Тэгвэл яаж дахиж сонгогдох билээ  хэмээн тачаадахдаа тэднийг шууд явгалах  төсөл боловсруулан хэлэлцсээр нойргүй хонож байгаа. Манай нэг коммунист агуулга бүхий кинон дээр алдартай  малын хулгайч “Унаатай хүнтэй ярьж байснаас явган хүнтэй яривал үгэнд сайн ордог” гэж хэлж байдгийг тэд санасан бололтой юм. Гишүүд “хөдөө хотын сул ардууд давраад  мань шигээ тансаг тэрэг унадаг байна ш дээ. Татварыг нь шөөлийтэл нэмээд өгөхлөөр аваад унахыг нь харна аа” хэмээн хи хи гэж амаа даран инээж кнопоо дарахаар зэхэж байна.

Ж.САНДАГДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих