Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар ЦЭЦЭД хандлаа

Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Яг энэ өдөр Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр хуульч О.Алтангэрэл одоогийн Засгийн газрыг огцруулах мэдээлэл гаргасан байна.

 17415

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Энэ нь бидний хэлж заншсанаар Засгийн газрын гишүүд нь давхар УИХ-ын гишүүний үүргийг гүйцэтгэх нь Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаарх мэдээлэл аж.

Хэрэв ҮХЦ-ээс доорх асуудлууд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсвэл нэр бүхий сайд нарыг солих асуудал яригдах юм.

Үндсэн хууль зөрчиж буй үндэслэлүүдэд: 

“Нэг.

УИХ-ын 2017 оны аравдугаар сарын  дээрх тогтоолоор томилогдсон Засгийн газрын гишүүд /15/ нь бүгд УИХ-н гишүүн бөгөөд УИХ-ын сонгуулийн үр дүнд ард түмнээс олж авсан мандатын эрхээ нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө биш, өөрөө өөртөө санал өгч Засгийн газрын гишүүнээр томилогдохдоо ашигласан нь  шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчсөн явдал мөн.

ЗГ-ын гишүүнийг УИХ-аас томилоход ЗГ-ын гишүүнд нэр дэвшигч УИХ-ын гишүүд нь ард түмнээс олж авсан мандатын эрхээ өөртөө /хувьдаа/ давуу байдал бий болгоход ашигласан буюу өөртөө санал өгсөн нь шударга бус юм.
Саналын эрхгүй энгийн иргэн ЗГ-ын гишүүнээр томилогдох, саналын эрхтэй УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээр томилогдох хоёрын хооронд илт тэгш бус байдал үүсч байна.

Хоёр.

Үнэн хэрэг дээрээ хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх бодит боломжийг Засгийн газарт олгосон УИХ-ын 58 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэснийг зөрчиж байна.

Үндсэн хуулийн энэхүү заалт нь УИХ-ын бие даасан, хараат бус байдлын баталгааны үндэс юм. Гагцхүү УИХ л хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй. Гэтэл УИХ-ын 15 гишүүнийг гүйцэтгэх дээд байгууллагын нийт бүрэлдэхүүн болох Засгийн газрын гишүүдээр томилсон нь дараах ноцтой үр дагаврыг үүсгэж байна.

Үүнд:

а/ Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалах нөхцөл алдагдаж, бодит байдал дээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш УИХ, Засгийн газар хамтран хууль тогтоож байна.

б/Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдсон 15 сайд буюу 15 Улсын Их Хурлын гишүүн нь УИХ-ын гишүүнийхээ хувьд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зөрчилдөөн дунд нэг мөр, тууштай, зүй ёсоор хамгаалж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Нэгэн саванд хольж хийсэн ус, сүү хоёрыг ялгахтай адил хэцүү бүлгээ.

Гурав.

Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэснийг зөрчсөн болох нь:

УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын нийт бүрэлдэхүүний 15/16 буюу 92.5 хувийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн нь гүйцэтгэх дээд байгууллагын бие даасан, хараат бус байдлыг шууд нөлөөлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг алдагдуулсан. Энэ нь гүйцэтгэх дээд байгууллагын Үндсэн хуулийн чиг үүрэг, агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн харамсалтай үр дагаврыг бий болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол улсын төрийн байгууллыг тогтоохдоо, ард түмнээс эхтэй засгийн эрхийг  төрийн байгууллагуудад хүч тэнцвэржүүлэн хуваарилах зарчмаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг зорьж; хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалуулж, гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, түүний байгууллагуудад, шүүх эрх мэдлийг бүх шатны ердийн болон тусгай харъяаллын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд тус тус харъяалуулсан буй.

Энэ нь мөн “Засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөнд захирагдах” гэсэн бас нэгэн зарчмын шинжтэй Үндсэн хуулийн агуулгын илэрхийлэл юм. Уг агуулга нь Үндсэн хуулийн эрхэм зорилгоос Хүний эрх, эрх чөлөө хэмээх 2 дугаар бүлгийн дараа Төрийн байгуулал хэмээх 3 дугаар бүлгийг эрэмбэлсэн дарааллаас харагддаг.

УИХ, ЗГ-ын бүрэлдэхүүнийг нэгтгэсэн УИХ-ын 58 дугаар тогтоол нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлсэн нь эрх чөлөө, ардчилсан ёсны зарчмыг зөрчиж, засгийн эрхийг хуваарилах зарчмаас ухарсан алхам боллоо.

Хүний эрх, эрх чөлөөг эрх мэдлийн дарангуйллаас чөлөөлөх зорилгоор засгийн эрхийг чиг үүргээр нь тусгаарлаж хууль тогтоох-УИХ, гүйцэтгэх-Засгийн газарт хуваарилсан. Гэтэл засгийн бүх эрхийг мэдэгч ард түмнээс сонгуулийн аргаар эрх шилжүүлэн авсан УИХ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс бол …Бүгд найрамдах улс мөн” хэмээн тунхаглаж, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд хадгалуулсан ардчилсан дэглэмт нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Монголын ард түмэн бидний эрхэм зорилгыг умартав.

Дөрөв.

УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын бүх гишүүдийг УИХ-ын гишүүдээс томилсноор төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц тогтолцооны баталгааг бүрдүүлж чадаагүй явдал мөн. Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчиж байгаа юм.

Нэг талаас, угаас захиргаадах хүсэл эрмэлзэлтэй гүйцэтгэх эрх мэдэл, түүний дээд байгууллага Засгийн газрт хүсэл зоригоо гүйцэлдүүлэх хууль тогтоох эрх мэдлийг олгосон; нөгөөтэйгүүр, хараат бус, бие даасан Засгийн газар үгүй болж, УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж ямар шүүлтүүргүйгээр хэрэгжиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдах үндэслэлийг бүрдүүлсэн; угтаа ард түмний засаг тогтож, ардчилсан нийгэм цогцлон хөгжих биш, харин эрх баригч нэг л намын бодлого хэрэгждэг байсан өмнөх үе рүүгээ буцсан шинжтэй энэхүү шийдвэр нь ягаад ч зөвтгөгдөх учиргүй.

Эрх мэдэл хоорондын тэнцвэр алдагдсан ийм тохиолдолд иргэдийн эрх, эрх чөлөөг хангах чухал баталгаа болох эрх мэдэл хоорондын хяналт хэрэгжих боломжгүй бөгөөд хяналтын хамгийн муу хэлбэр болох “өөрийн хяналт” л хэрэгжиж болохоор боловч тэр нь иргэдийн эрх, эрх чөлөөг хангахуйц шударга байж чадахгүй.

Тав.

УИХ-ын 58 дугаар тогтоол нь бүхэлдээ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, дээр дурдсан зүйл, заалтуудад нийцэхгүй байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дор оршин буй эрх зүйн этгээд бүгдийн үйлдэл, эс үйлдэхүй  Үндсэн хуулинд бүрнээ нийцсэн байхын тухайд нэгэн зүйлийг зориудаар мэдээлэхэд;
УИХ-ын 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “…Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтаар зөвтгөгдөхгүй юм.

УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилохдоо Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчим, засгийн эрхийг хуваах зарчим, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөнд захирагдах /эрхэмлэн дээдлэх/ зарчмуудын хүрээнд зүй зохистой хэмжээнд нь хэрэглэх үүрэгтэй.

Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн “…Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийнхаа бусад зүйл заалт, суурь үзэл баримтлалаар хязгаарлагдаж, эрх мэдэл хоорондын нийцэл зохицлыг хангасан байж гэмээн хүлээн зөвшөөрөгдөнө.

Иймд, энэхүү мэдээлэл дурдсан үндэслэл, тайлбаруудыг харгалзан үзэж, Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучиннаймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.


58-р тогтоолын агуулгад: 

“1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Хавдисламын Баделханыг;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Цэдэнбалын Цогзолмааг;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Жадамбын Бат-Эрдэнийг;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Батжаргалын Батзоригийг;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг;

15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг.

2.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД” гэсэн байдаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих