Хүннүгийн хааны булшийг илрүүлжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй голын хөндийн Балтасын талын Гол мод гэдэг газраас Хүннүгийн хааны булш олджээ. Энэхүү булшийг дагуул 30 булш, тахилын байгууламжуудын хамт цогцолбороор нь малтан шинжилсэн байна. Үүнээс өмнө монгол нутагт булшийг цогцоор нь шинжилж байгаагүй гэнэ. Мөн энэ нь манай орны судлаачид дангаараа малтан шинжилсэн анхны томоохон судалгааны ажил аж. Уг Гол мод хэмээх газар 200 орчим булш байгааг тогтоогоод байгаа аж. Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхим энэ газрыг 2000 онд илрүүлэн судалсан бөгөөд анхны томоохон булшийг судалж дуусаад байгаа нь энэ юм байна. Энэхүү төсөлд зургаан эрдэм шинжилгээний ажилтан, археология, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн чиглэлээр сурч буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер техникч оролцжээ. Тус төслийг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК 100 хувь санхүүжүүлсэн аж. Сонирхуулахад үүнээс гадна Улаанбаатарын их сургуулийн сүүлийн таван жил хийсэн судалгааны үр дүнд Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулсан гэнэ. Тэд “Чемурчекийн соёл”, “Мөнх хайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дундад үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлсэн гэж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих