Эмүжингээс ядарсан анддаа хаяглав.

17386

Будилж л явна уу, Ерөнхийлөгч өө
Буурлаасаа эхлээд найдах л юм
Бухимдаад л байна уу, Баттулга аа
Булт олноороо хүлээх л юм
Банкны зээлийг хүчингүй болгоно гэж
Балай авахад чинь ичиж л байлаа
Гучин гэр бүлийг гутамшиг болгоно гэж
Гудиггүй бурахад чинь цочиж л суулаа
Хурц ахтай хамт улс төр хийхэд чинь
Худлаа даа гээд итгэж л байлаа
Өргөн, нарийн цариг ярихад чинь
Өчнөөн шархлаад сонсож л суулаа
Өнөө хэнийг хужаа гэхэд чинь
Өргөн олноороо хуйларч л байлаа
Өрнөдөд данстай хүмүүсийг шүүхдээ та
Өөрийгөө мартаад хөөрчихсөн байналээ
Утаа яриад уушигаа нээхдээ та
Ууталсан мөнгөө мартчихсан байналээ
Улсын их хурлыг тараана гэж хэлэхдээ та
Учиргүй олон цаг тасалснаа нуусан байналээ
Төмөр замыг цэргүүдээр бариулна гэхдээ та
Түрүүчийн авсан мөнгөө тайлагнаагүй байналээ
Сайншандыг үлгэр болгон хүлхэхдээ та
Солонгос руу илгээсэн мөнгөө яриагүй байналээ
Амьдрал чинь минийхтэй адил тогтворгүй
Авсан эхнэр чинь албан журмаар бүртгэлгүй
Зээлийн хэмжээ чинь жилээс жилд өсөөд
Зээрийн хурдаар гуядаад хүндхэн л байна уу?
Тэрбумын ордонтой хувийн сэтгүүлчээ тэжээх гэж
Тэвдэж явааг чинь ойлгож л байгаа
Тойрон хүрээлэгчдийнхээ тогоог дүүргэх гэж
Тонгочиж явааг чинь тольдож л байгаа
Зөвлөхүүд чинь зөрөлдөж давхиад
Зүрх чинь зүггүй савлаад
Төрөлх нам чинь замаа салгаад
Түмэн олон чинь зангаа буруулаад
Хаана л явна даа, Баттулга аа
Хаашаа л яарна даа, Ерөнхийлөгч өө
Хааны сэнтий чинь томдоод байна уу
Харин та минь балчирдаад байна уу?
Үг болгоноос чинь зика Энхболд үнэртээд
Үйлдэл болгоноос чинь Баатархуяг харагдаад
Үнэндээ та утсан хүүхэлдэй болчихжээ
Үзвээс та минь савлуур дээр суучихжээ
Үндэсний аюулгүй байдлаа үнэгэнд үүрүүлчихээд
Үлийн цагаан оготно шиг зүдэж л явна уу
Тамгын газраа хярсны сүүлэнд уячихаад
Талын тарвага шиг хошгирч л явна уу?
Төр улс чинь таны хэлсэн, хийсэнтэй адил
Төөрдөг байшин шиг болчихвол яахсан билээ
Түмэн олон чинь таны хүрээллийнхэнтэй адил
Түрийдээ багталцахгүй нүдэлдвэл яах билээ
Ерөнхийлөгчийн тухай хуулиа бүрэн уншсан уу,та
Есөн тугт Монголын эвийг сахихаа ойлгосон уу
Зангидсан хөмсөг чинь тавирах болоогүй юу
Занасан хүмүүс чинь танигдах болоогүй юм уу
Хакүхо Даваажаргалаас ярилцлага авсан гээд
Хачин их онгироход чинь өрөвдөж л суулаа
Хамаг Монголыг дэлгэцээр хэмждэг юм уу,та
Ханах болоогүй амбиц юм уу, Баттулга аа?
Сошиалд од гэдгийг чинь мэднэ ээ
Солиотой олон дэмжигчтэй гэж сонссон
Баттулгын гинжтэй нохдод
Бариулна гэдгээ ч мэдэж байгаа
Улс орноо та цахимаар хэмждэг юм уу
Удамт түмнээ арай л басаад байна уу
Хилийн дээсээ та коментоор хардаг юм уу
Хилээ сахин суугаа ард олон чинь яах вэ?
Ардчилсан парламентыг тараачихаад
Ард нь та ноёлох юм уу
Улсын их хурлыг тараачихаад
Урд нь та захирах юм уу
Задарсан улсыг чинь хэн эмхлэх вэ
Замаа олоогүй та чадах уу
Бутарсан улсыг чинь хэн хураах вэ
Будилж төөрсөн та чадах уу
Жагсаад хөгждөг бол жагсъя, хамаагүй
Жаргах нь тэгээд хэн юм бэ
Тарамдаад хөгждөг бол таръя, хамаагүй
Тансаглах нь тэгээд хэн юм бэ?
Арслантай тамгыг чинь хэн атгадаг юм бэ
Ард урдаас чинь хэн турхирнам бэ
Хүчтэнтэй тамгыг чинь хэн барьдаг юм бэ
Хөөрхий түмний чинь зовлон багадаа юу?
Элбэгээгийн хөгийн бахыг хангаж
Эрээн цаас шиг хийсээд яах вэ
Энхболдын хөх инээдийг хүргэж
Энд тэнд гишгэлээд яах вэ
Наадмын сар гарахад та минь
Найраагүй нам сүндэрлээрэй
Намрын сэрүүн унахад та минь
Найган ганхахгүй бат суугаарай, зэээ хөө гэж…

2018.01.29.

Р. Эмүжин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих