Будлиантай томилогдсон “Био”-гийн захирал хуулийн хамгаалалтыг зогсоож, албан хаагчид, ажилтнуудаа дарамталж байна

08cda2d21b1eae61884328f8cffcd179

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Биокомбинат”-ын үйлдвэрийг манай сурвалжлах багийнхан зорилоо.

Ийнхүү зорих болсон нь тус үйлдвэрийн шинээр томилогдсон захирал Б.Баттогтохыг ажилтнууд нь хүлээн зөвшөөрөхгүй, хамтран ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа ажээ. Биднийг очиход үйлдвэрийн гадна талбайд цөөн хэдэн автомашин зогсох бөгөөд гаднаас орж ирэх хүмүүсийг Ерөнхий захирлын гарын үсгийн зөвшөөрлөөр оруулж байгаа гэх. Тиймээс биднийг дотогшоо нэвтрүүлсэнгүй. Гэхдээ үйлдвэр дотроо бол багагүй хөл хөдөлгөөнтэй байгаа бололтой. Үйлдвэрийн ажилтнууд ажлаасаа ганц хоёроор гарах бөгөөд цаанаа л нэг айдастай гэмээр харагдах. Манай зурагчныг зураг авах зуурт л нэг залуу араас хөөж машины дугаар тэмдэглэж харагдсан. Ингээд бид тус үйлдвэрийн мэргэжилтэн, ажилтнуудыг олж уулзахаар нэлээд хөөцөлдсөний эцэст зарим эх сурвалжтай холбогдсон юм. Эх сурвалжуудын яриаг хүргэхээсээ өмнө “Биокомбинат” ТӨААТҮГ-т ямар асуудал үүсээд байгааг тодруулан хүргэе.

Б.Баттогтох захирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн шалтгаан

Шинээр томилогдсон Б.Баттогтох захирал өмнө нь 2011-2013 онуудад тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр ажиллах хугацаандаа улсын онц чухал стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг удирдлага, зохион байгуулалт болон санхүүгийн хувьд бүрэн дампууралд хүргэсэн талаар ТӨХ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, МХЕГ болон санхүүгийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлтийн шалгалтаар илэрсэн тухай баримт одоо хэрнээ хуучраагүй байна. Харамсалтай нь, түүний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоогүйгээр үл барам дахин тус үйлдвэрийн захирлаар томилсонд хэргийн зангилаа оршиж буй. Өөрөөр хэлбэл, Б.Баттогтохыг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь эргүүлэн томилсон байна. Яагаад түүнийг дахин томилж болохгүй талаар баримт түшиглэе.

Нэгдүгээрт,2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ТӨХ холбогдох хууль дүрмээ зөрчиж 433 дугаар тогтоол гаргаж “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар хүний эмч Б.Баттогтохыг томилжээ. Энэ хууль бус шийдвэрийг хүлээж авахгүй гэж тухайн үеийн ажиллагсад сануулж тэмцсэний үр дүнд ТӨХ шийдвэрээ буцааж ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Д.Батсүхийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж байв.

Хоёрдугаарт, Б.Баттогтохыг хуульд нийцүүлж томилохыг оролдож сонгон шалгаруулалт зарласан байна. Ингэхдээ (хуульч эдийн засагч буюу тухайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн аль ч чиглэлээр нь мэргэжил эзэмшээгүй) 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтад заасан (малын эмч,биологич, биотехнологич, биохимич, микробиологчийн аль нь ч бус хүний эмч) шаардлагуудыг зөрчиж 2011 оны долдугаар сарын 7-ны өдөр ТӨХ 303 дугаар тогтоол гаргаж  хүний их эмч мэргэжилтэй түүнийг дахин томилсон байна.

Гуравдугаарт,ТӨХ нь Б.Баттогтохыг 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлж томилоод байгаа юм. Энэхүү шийдвэрийг түдгэлзүүлэх шаардлагыг тус үйлдвэрийн ажиллагсад одоо хүртэл тавиад байгаа хэдий ч үр дүнд хүрээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадах хэрэгжүүлэх нэрийн дор “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатараас ажлыг нь булааж авч, Б.Баттогтоход өгөөд буй.

Дөрөвдүгээрт, Тэрбээр 2011 оны 7 дугаар сард захирлаар томилогдонгуутаа 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХААЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газартай 726.500.400 төгрөгийн хуурамч гэрээ байгуулж 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бүтэн нэг жилийн турш эргүүлсэн нь баримтаар нотлогджээ.

Тавдугаарт,Стандартын шаардлага хангахгүй вакцин үйлдвэрлүүлчихээд устгах ёстой байтал Монгол Улсын нэрийн өмнөөс хөндлөнгийн хяналт шалгалт хийдэг лабораторийн Баталгаажуулалтын албаны даргыг нь тус үйлдвэрээсээ цалинжуулж байгаад малчдын мал сүрэгт тариулах буюу “хэрэглэж болно” гэдэг дүгнэлт гаргуулчихаад үнийг нь төсвөөс гаргасан хууль бус үйлдэл гаргажээ.

Энэ мэтчилэн маш олон асуудал байгааг онцолмоор байна. Ингээд тус үйлдвэрт одоо ажиллаж байгаа албан хаагчдын яриаг хүргэе.

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын ҮЭХ-ны тэргүүлэгч Б.Баяраа:

Эмэгтэй хүнийг “хүчирхийлэгч” гэж хэлэх нь зохимжгүй ч ийм хүн байна

-Би Биокомбинатын Дулааны станцад 1998 оноос хойш 20 жил ажиллаж байгаа. Одоо засварын инженерийн алба хашдаг. Сонгуульт ажлын хувьд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчийн ажлыг 2003 оноос хойш 15 жил хийж байна.

Өнөөдрийн хувьд хууль бус шийдвэрийг эсэргүүцэх түр хороонд ажилладаг.  Энэ хүнтэй яагаад ажиллахгүй гээд байгаа юм гэхээр миний хамгийн гол шалтгаан бол  бид ажиллаад үзчихсэн.  Би энэ үйлдвэр дээр болж байгаа олон нийтийн арга хэмжээ, спорт тэмцээн өдөрлөг, баяр ёслол гээд өөр олон арга хэмжээг удирдаж, гардаж зохион байгуулдаг. Сая ирээд байгаа Баттогтох гэдэг хүнийг ямаршуу ааш араншинтай гэдгийг сайн мэднэ. Учир нь одоо энэ эсэргүүцээд байгаа, өмнө нь тэмцэж байсан, одоо энд жагсч байгаа хүмүүсийн ихэнх нь ажиллаж үзээгүй хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө хүн чинь нэг их сайхан юм яриад л байдаг. Яг үнэндээ хэлсэндээ хүрдэггүй  хүн. Өөрөө болохоор  ёс зүйтэй, элит гаралтай гэж ярьдаг. Ажил байдал нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Үүнийг би хамт ажиллаж байсан хүний хувьд хэлж байна. Тэгээд би үүнийгээ  “хүчин” хийдэг гээд байгаа юм.  Хүүхэд хүчиндэхээр л хүчирхийлэгч болчихдог, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүчиндэхээр хүчиндэгч болчихдог, бүхэл бүтэн байгууллагыг нэг эмэгтэй хүн “хүчиндэхээр” юу болдог юм.

Жишээлбэл, 2012 оны шинэ жилийнхээ арга хэмжээг хийх гээд үдээс хойш 14 цагт эхэлнэ гээд бүх ажилчид цугларчихаад хүлээгээд байдаг. Ирэхгүй. Хоёр зуун гаруй хүнийг дөрвөн цаг хүлээлгэнэ. Тэгээд 18 цагт ирсэн. “Сонгино” амралтын хоолны зааланд хүмүүс ширээгээ засчихаад хүлээгээд байдаг ирэхгүй. Би Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, дээрээс нь шинэ жил зохион байгуулах комисст нь орсон байсан. Тэгээд захирал аа, та ирээч ээ. Болохоо байлаа шүү дээ. Амрагчид нь хоолоо идэх гээд байна штээ гэсэн чинь –Өрөөнд нь үйлчлэхгүй юү та нар гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би тэр хүний хувьд амралтын хоол зөөгч шиг харагдаад байх шиг байгаа юм. Юу гэсэн үг вэ. Хамт олноо ингэж дорд үзнэ гэдэг чинь. Хорин минут хоцорч болно, уучилъя. Нэг цаг ч хоцорч болно. Гэтэл дөрвөн цаг.

Цасны баяр болно. Гадаа 200 гаруй хүнийг цаг хүлээлгэнэ. Үүнийг би юу гэж  хэлэх гээд байна гэхээр нөгөө элит гаралтай, мундаг ёс зүйтэй хүнийг ерөөсөө харахгүй байна. Ажлаа яаж явуулдаг вэ гэхээр мөнгө төгрөг, хууль дүрэм зөрчсөн зөндөө олон баримт байдаг юм билээ. Тэр нь цаасан дээр буучихсан байгаа. Харин ёс зүйн хувьд харилцаан дээрээ алдаа гаргасан фактууд нь хамт ажиллаж байсан хүмүүс нь л мэднэ үү гэхээс биш цаасан дээр бууж үлдэхгүй, хувийн харилцаа  бичигдэж үлдэхгүй. Тэр талыг нь мэддэг учраас би үгүй гээд байгаа юм. Би олон дахин ингэж “хүчирхийлүүлж” чадахгүй ээ. Тийм болохоор энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй ээ.

-Сая энэ хүн шүүхийн шийдвэрээр томилогдоод хүрээд ирж. Одоо ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. Та нар ямар алхам хийх вэ?

-Орж ирэхдээ л Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй дайрч орж ирээд л өмнөх даргыг тамга тэмдэгээ өгөх ёстой гээд л, цүнх, сэйфийг үзнэ гэсэн. Тэгээд дайрч орж ирээд тамгыг нь булаагаад авчихаж байна. Тамгаа авснаар энэ хүний хууль бус үйл ажиллагаа хэрэгжиж эхэлж байна. Миний хувьд юу харагдаад байна вэ гэхээр 2013 оноос хойш энэ хүн ажиллаагүй. Таван жил болчихоод эргэж ирж байгаа юм. Энэ хугацаанд эдгэчихээд, эрүүл болчихоод улам сайжраад, цагаан болчихоод ирж байгаа гэвэл би худлаа, үгүй л гэнэ л дээ. Яг өмнө нь хийдэг байсан үйлдлүүд нь  хэвээрээ байгаа учраас хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн байр суурьтай байгаа. Сая энэ хүн хоёрдахь өдөр ирсэн. Ирсэн өдрөө хоёр хүний гэрээг, нэг нь Бат-Ололтын Биокомбинат үйлдвэрийг шүүхэд төлөөлдөг итгэмжлэлийг цуцалсан. Тэгэхээр одоо үйлдвэрийг төлөөлөх хуулийн итгэмжлэл байхгүй. Мөн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Цолмонгийн гэрээг  цуцалсан. Ингэхээр Биокомбинат үйлдвэр хууль талаасаа ямар ч хамгаалалтгүй болчихож байгаа юм. Ялангуяа ажилчид. Дээрээс нь маргааш нь буюу лхагва гаригт Биоүйлдвэрийн ерөнхий нягтлан, эдийн засагч хоёрыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Одоо өнөөдөртөө энэ хоёр хүн байгаа. Гаргасан шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлгээ цагт нь өгөөгүй гэсэн байна лээ. Нөгөөдүүл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн тэр  факсаар ирчихсэн. Харин өөрсдөө цагтаа аваагүй. Гэтэл тийм сонин үндэслэлээр халчихаж байгаа юм. Баттогтох захирал ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор хоёр хоорондоо 10 дугаар сарын 27-нд Биоүйлдвэрийн 40-өөд хүн автобустай очоод ТӨХ гадаа жагсаал хийж байхад “Бид маш чанга хатуу контрактын гэрээ байгуулж Баттогтохыг Биокомбинатын даргаар томилж явуулж байгаа. Хатуу гэрээний нэг заалт нь Биоүйлдвэрээс нэг ч хүн ажлаас халахгүй” гэсэн аман тохироог тэр хоёр хүн хийсэн шүү гэдгийг бидэнд хэлж байсан. За ямар ч байсан хүн халахгүй юм байна гэсэн бодолтой байсан. Гэтэл лхагва гаригт хоёр хүн халахаар нь бид нөгөө гэрээгээ нэхсэн. Одоо болтол контрактын гэрээ байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр гэрээ байгуулахгүйгээр Баттогтох хүрээд ирсэн. Тэгэхээр энэ бол биднийг хуурсан гэсэн үг. Хэдийгээр нэг нь хувь хүн, нэг нь байгууллага хоёр гэрээ байгуулах ёстой боловч тэр нь бидэнд хамаатай учраас нэхэх эрхтэй. Яагаад гэвэл халуулах хүмүүс нь бид. Гэтэл өнөөдөр хоёр нь эрхээ цуцлуулчихсан, хоёр нь халагдаад л, зодуулаад л. Маргааш хэн ч халагдаж мэднэ. Энэ бол байж болохгүй зүйл л дээ.

Энэ үнэхээр бүлэглэл гартаа авах гээд байна. Монголд үнэн байхгүй болчихсон ч юм шиг. Том жишээ нь энэ байна л даа.

-Хэчнээн  албан хаагчид, ажилтнууд  эсэргүүцэж байна вэ?

-Энэ хүнээс  олон хүн айж байна. Яагаад вэ гэвэл энэ хүн өмнө нь ажиллахдаа эв нэгдлээр ч юм уу, учир байдлаар удирдаж явсан бол өнөөдөр үнэний талд олон хүн зогсох байлаа. Бүгдэд хүч хэрэглэдэг, дарамталдаг. Зарим нэгийг нь аргалдаг, албан тушаал өгнө. Арай ч мөнгө төгрөг өгдөггүй байх. Энэ мэтээр өөрийнхөө эрх ашгийн төлөө ямар л бол ямар арга хэрэглэж явдаг нь үл бүтэх зүйл. Би ёс зүй талаас нь ингэж харж байна. Өнөөдөр үйлдвэр дээр гурван яам, хоёр агентлагийн шалгалт ирчихээд байгаа. ХХААЯ, ХЗЯ СЯ, МХЕГ, Мал эмнэлгийн үржлийн газар гээд таван газраас ирсэн 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн шалгалт Онолбаатар даргыг байхад 21 хоногийн хугацаатай томилогдож ирээд долоохон хонож байхад нь солиод хаячихаж байгаа юм. Тэр шалгалтын 21 хүний бүрэлдэхүүнд байсан ХХААЯ-наас, СЯ-наас ирсэн хоёр хүн нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас удирдлагын хүсэлтээр сольж өгөөч гэдэг хүсэлт тавихад за тэгье гэсэн. Гэтэл өнөөдөр захирал нь солигдонгуут нөгөө ажлын хэсгээс өөрчлөгдсөн хүний нэг нь эргээд орж ирчихсэн сууж байна.

-Танай үйлдвэр дээр дэд сайд ирсэн гэсэн. Ямар мэдээлэл өгөв?-

-Ж.Сауле сайд энэ ажлын хэсгийн ахлагч нь юм. Энэ ажлын хэсгийн дүгнэлт шударга гарвал бид баярлана. Яг үнэндээ ажлын хэсэгт байсан хүнийг дарга нь солигдохоор гишүүн нь солигдохоор бид итгэхгүй л байна. Манай ерөнхий нягтлан Б.Гэрэлмаа “Намайг ажлаас чөлөөлчихлөө. Нэг ч хүн халахгүй гэсэн хаана байна аа” гэсэн чинь Ж.Сауле сайд “Энэ шалгалтыг дуустал таныг халж болохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа” гэсэн үгийг амаараа хэлсэн. Түүнээс биш цаасан дээр хараагүй. Та нар ажил хаяж болохгүй шүү, төрийн ажлыг зогсоож болохгүй гэсэн. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр бид өөрсдөө ч бас хууль зөрчиж болохгүй.

Яагаад гэвэл өөрсдөө зөрчлийн болоод энэ үйлдвэрийн төлөвлөгөөг бодож байна. Тэгээд хэн ч зөрчлийн хууль зөрчиж хэдэн  төгрөгөөр торгуулахыг хүсэх вэ. Цаашлаад баривчлагдпахыг. Мэдээж хууль дүрэм нэгдүгээрт байх ёстой л гэж дотроо найдаж байна. Гэвч  ийм том саад бэрхшээл, юу болоод бүх юмыг мөнгөөр шийдээд худалдаад авчихаж болдог ч юм шиг ийм нийгмийг харахад өөртөө ч итгэхэд хэцүү  болоод байна.

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер Л.Бат-Ололт:

Гурван сая иргэнийхээ төлөө би дуугарч байна, надад айх зүйл алга

-Би энэ байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар ажилладаг. Шүүхийн болон бусад хэргүүд дээр явж байсан. Баттогтох гэдэг хүн 2011 оноос 2013 оны арванхоёрдугаар сарын 26 хүртэл ажилласан байдаг юм. Тэгээд ямар шалтгаанаар халагдсан  гэхээр тухайн үед ҮХАА-н сайд байсан Х.Баттулга гуай, Төрийн өмчийн бодлогор зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтынхан хамтраад шалгалт хийсэн байдаг юм. Төлөвлөгөөт шалгалт хийгээд, энэ хугацаанд юу хийсэн бэ, яасан бэ гэдгийг шалгаад энэ хүний идэж уусан, шамшигдуулсан Био комбинат үйлдвэрийг удирдлагын болон санхүүгийн хувьд зогсонги байдалд оржээ гэдгийг тогтоосон. Б.Баттогтох захирал 2011-2013 онд ажиллаж байхдаа “Биокомбинат”-ыг дандаа хасах баланс руу оруулж байсан. “Биокомбинат” үйлдвэр Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой.  Хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Бид бүгдээрээ малын мах иддэг. Малын махыг вакцин хийгээд чанартай вакцин хийж байна уу үгүй гэдэг нь энэ үйлдвэрийн удирдлага ямар байхаас шалтгаална. Энэ гольдрол алдагдсан гэсэн үг. Тийм учраас энэ хүнийг чөлөөлсөн байдаг юм билээ.Мөн нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн удирдах албанд тавихгүй гэдэг.Гэтэл энэ хүн “Цагаан залаа агвет” гэж компанийн захирлаар арав гаруй жил ажилласан. Энэ компани нь   манай Биокомбинаттай адил ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүнийг хуйвалдаж байж анхнаасаа л хууль бусаар тавьсан.

- Анхнаасаа яаж хуйвалдсан гэж?

-Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори гэж бий.  “Биокомбинат”-ын Чанар хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгчээр Мөнхнаран гэдэг хүнийг давхар тавьсан. Ингэхдээ чанарын шаардлага хангаагүй, шалгалтаар тэнцээгүй байсан вакциныг хуурамч бичиг баримтаар тэнцүүлж орон нутагт ачуулсан. Энэ нь шалгасан прокурорын дүгнэлт дээр нь байна. Манай үйлдвэрийнхэн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Б.Батзориг сайд нарт хандсан. Ц.Ням-Осор даргад хандсан. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч гэж. Эндээс харахад цаанаасаа санаатай, зорилготой, “Биокомбинат” бол бүлэглэлийн гарт орчихсон юм биш үү.

-Танайхан шалгуулахад бэлэн байгаа гэсэн үг үү?

-Өмгөөлөгч Б.Цолмон бид хамт олноо төлөөлж уулзаад  шаардлага тавьсан. 2010 оноос хойшхи бүх асуудлыг бүгдийг нь адилхан шалгаад дүн шинжилгээ хийгээс гэсэн. Гэтэл ийм хоёр өөр шалгуураар, ялгаатай байдлаар шалгалт хийх асуудлыг тавина гэдэг цаанаасаа зорилготой. Маш их зорилго агуулсан. Энд байгаа ажилчид худлаа яриад байгаа юм уу гадна яваад байгаа Баттогтох нь худлаа яриад байгаа юм уу гэдгийг шалгаад өгчих. Шударга шалгачих, Монгол Улсын нэрийн өмнөөс. Хуулийн дагуу, зарчимтай, шударга шалгачих, гурван сая иргэдийн өмнөөс гэдгээ хэлж байна.

-ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ямар байр суурьтай байгаа юм бол?

-Бид 2018 оныхоо зорилтот түвшин, одоо энэ вакцин үйлдвэрлэх төлөвлөгөө авах асуудлаа ярьсан, саналаа оруулсан байтал Ц.Ням-Осор дарга энэ дарга, цэргийнхээ асуудлыг шийдэж байж та нарын төлөвлөгөөг батална гэж байна.   Тэгэхээр  үүнийг бид нэг бүлэглэлийн шантааж гэж ойлгож байгаа. Та нар  энэ хүнийг  хүлээж авахгүй бол малын мах, вакцин энэ тэр байхгүй гэсэн үг л дээ.  Ийм муухай бүлэглэл байна. Уг нь ажил явж байх хэрэгтэй. Бид Ц.Ням-Осор даргатай уулзсан чинь “Тэрбишдагва гишүүн биднийг шахаад байна аа” гэж хэлсэн. Олон хүн байсан. Тэд үүнийг сонссон. Энэ бол хүн гүтгээгүй.  Тэр хүн өнөөдөр төрийн өмчийг хариуцлагатай хүлээж байгаа бол тэмцэх ёстой байхгүй юу. Тэгээд байвал баримттай гаргаад өгөх ёстой.

-Хууль бус үйлдлээс гадна мөнгө төгрөг шамшигдуулсан мэдээлэл байгаа?

-2011-2013 онд Баттогтох даргаар ажиллаж байхдаа 15 хүнийг ажлаас нь халж байсан. Тэгээд гурван шатны шүүх Баттогтох даргыг буруу шийдвэр гаргасан гэж тогтоогоод 169 гаруй сая төгрөгийн нөхөн олговор өгсөн.  Энэ нь ерөөсөө төрийг луйварддаг., хууль эрх мэдэл байдаггүй шүү гэдэг бүлэглэл харагдаж байна. Бид Дээд шүүхээр заргалдаад явахад контрактын гэрээн дээр нь ямар нэг хохирол гаргавал зургаан сарын цалингийн хэмжээний торгууль өгнө гэсэн байна. Бүхэл бүтэн төрийн өмчийн газрыг ингэж болохгүй шүү дээ. Ингээд 169 саяас зургаан сарын цалинтай тэнцэх торгууль гэхэд 5.9 сая болж байна. 164 сая төгрөгийг Ц.Ням-Осор дарга аа, хэн төлөх вэ. Буруутай эзэн нь тогтоогдсон учраас та төрийн нэрийн өмнөөс ТӨБЗГ-ын дарга тул наад 164 сая төгрөгөө энэ хүнээс гаргуулж ав гэж бид бичиг өгсөн. Одоо хүртэл хариу өгөөгүй. Гэтэл телевизээр өөрөө их л шударга юм яриад байна лээ. Шударга тогтолцоо, шударга байя. Төрийн өмчийг бид ийм зохион байгуулалттай болгоно гэж яриад байсан хаана байна. Энэ асуудлаар нээлттэй  хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм бил үү гэж бид ярилцаж байна.  Ард түмнийхээ, малчдынхаа гарын үсгийг цуглуулсан ч яадаг юм. Өнөөдөр тэмцэх хэрэгтэй. Энэ үйлдвэр хувьчлагдаад, цаашаа явахгүй болбол малчид 100-200 төгрөгөөр авдаг тариагаа 20 мянган төгрөгөөр авна шүү дээ. Тэгээд 20 мянган төгрөгөөр малдаа тариа хийлгэж байгаа малчид нэг килограмм махаа 15-20 мянгаар зарах нөхцөл байдалд хүрнэ. Ирээдүйгээ харах хэрэгтэй. Өнөөдөр бид тэмцэж ирээдүйгээ харахгүй бол болохгүй байна. Ажилчдаа ч би тэгж уриалсан. Үүний төлөө намайг ажлаас халбал хална биз, шоронд хийвэл хийнэ биз. Би айхгүй байгаа” гэсэн юм.

Үргэлжлэл бий.

Dorgio.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 January 2018

Худлаа шаадаг гарууд байна даа эд

Сэтгэгдэл бичих