МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДҮРЭМ

6b2a5ae1b3dc14b3c9c47c3cca764706_1516773392

2015 оны нэгдүгээр сарын 30-нд МСНЭ-ийн

XVI их хурлаар хэлэлцэж батлав.

 

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /цаашид МСНЭ гэх/ нь сэтгүүлчид, хэвлэл

мэдээллийн ажилтнуудын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус,

үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага мөн.

1.2. МСНЭ нь Олон улсын сэтгүүлчдийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, оюуны бүтээл, зохиогчийн эрхийн эрх зүйн харилцааны үндсэн зарчим, өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд мөн.

1.3. МСНЭ нь гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил,

мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэхийг үйл ажиллагааны зорилгоо болгоно.

1.4. МСНЭ нь сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн бүхий л байгуулллага, ивээн тэтгэгчидтэй эв эе, найрсаг дотно хамтын ажиллагааг эрхэмлэн хамтран ажиллана.

1.5. МСНЭ-ийн дүрэм нь тус байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн үндсэн баримт бичиг болно.

1.6. МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн

зарчмыг үндэс болгож аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд

Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна.

1.7. МСНЭ нь өөрийн туг, тэмдэг, бэлгэдэл, сүлд дуутай байна.

1.8. МСНЭ нь өөрийн тамга, бичгийн хэвлэмэл хуудастай байна.

1.9. МСНЭ нь өөрийн шагналтай байна. Шагнал урамшуулал олгох журмыг МСНЭ-ийн Удирдах

зөвлөл тогтооно.

1.10. МСНЭ-ийн төв байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байна.

1.11. МСНЭ-ийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Сөүлийн гудамж – 7.

 

Хоёр. МСНЭ-ИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

2.1. Оноосон ба товчилсон нэр: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, МСНЭ

2.2. Үүсгэн байгуулсан он, сар, өдөр: 1951 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

2.3. МСНЭ-ийн гишүүдийн нэр төр, түүний уран бүтээлийн өв

2.4. МСНЭ-ийн түүх, архив.

2.5. МСНЭ-ийн түүхийн явцад нэршиж байсан Монголын сэтгүүлчдийн холбоо /МСХ/, Монголын

сэтгүүлчдийн эвлэл /МСЭ/ , Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл /МЧАСЭ/ гэх

нэр, түүний товчлол.

2.6. МСНЭ-ийн лого, сүлд дуу.

2.7. МСНЭ-ийн үнэт зүйлст Их хурлаас бусад цагт тус эвлэлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах замаар халдаж үл болно.

 

Гурав. МСНЭ-ИЙН ГИШҮҮН

3.1. МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч элссэн мэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн

салбарт ажиллагсад, чөлөөт сэтгүүлч нийтлэлчдийг МСНЭ-ийн гишүүн гэнэ.

3.2.Удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан “МСНЭ-д гишүүн элсүүлэх журам”-аар

гишүүнчлэлийн асуудлыг зохицуулна. Тэрхүү журамд МСНЭ-ийн дүрэмд орсон заалтуудыг удирдлага болгоно.

3.3. МСНЭ-д гишүүнээр элсэхийг хүссэн хүсэлтийн дагуу анхан шатны салбарт элсүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд МСНЭ-ийн төв байгууллага гишүүн элсүүлж болно.

3.4. Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын

иргэдийг Хүндэт гишүүнээр элсүүлж болно.

3.5. МСНЭ-ийн дүрмийн заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд гишүүнээс хасна.

3.6. Гишүүнээс хасах асуудлыг шийдвэрлэхэд Удирдах зөвлөлийн Дүрмийн хорооны санал

дүгнэлтийг үндэслэнэ.

3.7. Гишүүний аливаа асуудлаар МСНЭ-ийн Удирдах зөвлөл эцсийн шийдвэр гаргана.

а/ МСНЭ-ийн гишүүний эрх

3.9. МСНЭ-ийн удирдах дээд байгууллагыг сонгох, түүнд сонгогдох

3.10. Өөрийн нэр төр, бүтээлийн өв, зохиогчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагааг

хамгаалуулах;

3.11. Бүтээл туурвил, мэргэжлийнхээ үйл ажиллагааг үнэлүүлж дүгнүүлэх, мэдлэг мэргэжлээ

дээшлүүлэх сургалтад хамрагдах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх;

3.12. МСНЭ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах.

б/ МСНЭ-ийн гишүүний үүрэг

3.13. Олон нийтийн мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээг баримтлах

3.14. МСНЭ, сэтгүүлзүйн эрхэм дээд эрх ашгийг хамгаалах

3.15. МСНЭ-ийн үйл ажиллагаанд өөрийн санаачлагаар идэвхтэй оролцох

3.16. Гишүүний татвараа хугацаанд нь төлөх

3.17. Залгамж үеэ бэлтгэх

3.19. Сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих

 

Дөрөв. МСНЭ-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. МСНЭ-ийн зохион байгуулалтын бүтэц нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Үндэсний

төв, Хяналтын зөвлөлөөс бүрдэнэ.

а/ МСНЭ-ийн Их хурал

4.2. МСНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.

4.3. Их хурал нь 4 жил тутамд хуралдана.

4.4. Их хурлын төлөөлөгч нь МСНЭ-ийн хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно.

4.5. Их хурлыг Удирдах зөвлөл товлон зарлана.

4.6. Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.6.1. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг

хэлэлцэх, сэтгүүлзүйн салбарын хэтийн болон ээлжит зорилт, байгууллагын үйл

ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох,

4.6.2. МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх,

4.6.3. МСНЭ-ийн дүрэм батлах, түүнд шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах,

4.6.4. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Орон нутаг

хариуцсан Дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх,

4.6.5. МСНЭ-ийн Ерөнхийлөгч нэг баг болж ажиллах Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч нарыг сонгох, чөлөөлөхөд санал хэлж болно.

4.6.6. МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.6.7. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.6.7. МСНЭ-ийн Үндэсний төвийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.6.8. МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.7. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.7.1. МСНЭ-ийн үнэт зүйлсийг хамгаалах, шинээр томъёолох

4.7.2. МСНЭ-ийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг шийдвэрлэх

4.7.3. МСНЭ-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах,

4.8. Их Хурлыг төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэйд

тооцно.

4.9. Хэлэлцэж буй асуудлын талаархи шийдвэрийг төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар

гаргана. Санал тэнцвэл хуралдааны даргын саналаар шийднэ.

4.10. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар, Удирдах

Зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно.

4.11. Ээлжит бус Их хурал хуралдаж болно.

б/ МСНЭ-ийн Бага хурал

4.12. МСНЭ-ийн Бага хурал нь Их хурлын хооронд тус эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн

эрхийг хэрэгжүүлнэ.

4.13. Бага хурал нь 61 гишүүнээс бүрдэнэ.

4.14. МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийг Мэргэжлийн төвийн саналаар Их хурлаас сонгоно. Мөн тус эвлэлийн Ерөнхийлөгч,Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар Бага хурлын гишүүн байна.

4.15. Бага хурал жил тутам 1-2 удаа хуралдана.

4.16. Бага хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.16.1. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах

4.16.2. МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланг сонсч үнэлэлт, дүгнэлт гаргах.

4.16.3. МСНЭ-ийн Үндэсний төвийн тайланг сонсч үнэлэлт, дүгнэлт гаргах.

4.16.4. МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар ээлжит бус Их хурлыг

зарлан хуралдуулах

4.16.5. Бага хурал нь МСНЭ-ийн дүрэмд 20 хувь хүртэл нэмэлт өөрчлөлт оруулах

4.16.6. МСНЭ хүндэт Ерөнхийлөгчтэй байж болно. Хүндэт Ерөнхийлөгчийг 4 жилийн

хугацаатай нэг удаа сонгоно.

в/ Мэргэжлийн төв

4.17. МСНЭ-ийн зохион байгуулалтын үндсэн нэгж нь Мэргэжлийн төв байна,

4.18. Мэргэжлийн төв нь Телевизийн Мэргэжлийн төв, Радиогийн Мэргэжлийн төв, Сонин сэтгүүлийн Мэргэжлийн төв, Цахим мэдээллийн Мэргэжлийн төв, Сургалт, судалгааны Мэргэжлийн Төв, Орон нутгийн мэргэжлийн төв гэсэн 6 салбараас бүрдэнэ.

4.19. МСНЭ-ийн гишүүд аль нэг төвд харъяалагдана.

4.20. Мэргэжлийн төв хуралдаж тэргүүн, тэргүүлэгч гишүүдээ сонгоно.

4.21. Мэргэжлийн төв дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.21.1. Үндэсний төв Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллөөр дамжуулан бодлогоо хэрэгжүүлнэ.

4.21.2. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн тухайн салбарын хөгжлийн асуудлаар бодлого

боловсруулж дээд шатны байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлнэ.

4.21.3. МСНЭ-ийн болон төр, засгийн шагналд нэр дэвшигчдийн талаар Мэргэжлийн төвийн саналаа төлөөллөөрөө дамжуулан Удирдах зөвлөлд уламжилна.

4.21.4. Мэргэжлийн төв нь улирал тутамд хуралдаж хуралдааны тэмдэглэл хөтөлж

шийдвэрийг төлөөллөөрөө дамжуулан Удирдах зөвлөлд уламжилна.

4.22. Мэргэжлийн төв нь тэргүүлэгч 9 гишүүнээс бүрдэнэ. Мөн орлогч 9 гишүүнийг сонгож, нэрсийн дарааллыг тогтооно. Тэдгээрийг Их хурлаар ёсчлон батална.

4.23. Их хурлаас Мэргэжлийн төвийн төлөөллийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгоно.

в/ Удирдах зөвлөл

4.24. Удирдах зөвлөл нь МСНЭ-ийн өдөр тутмын байнгын үйл ажиллагааг удирдан зохион

байгуулах хамтын удирдлагын байгууллага мөн.

4.25. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

4.26. Удирдах зөвлөл нь дарга буюу МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд

ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн төвүүд, Дүрмийн хорооны төлөөллийг оролцуулсан 11 гишүүнтэй байна.

4.27. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.27.1. Удирдах зөвлөл, Мэргэжлийн төвийн тайланг хэлэлцэх

4.27.2. Байгууллагын жилийн төсөв батлах, биелэлтийг хангах

4.27.3. Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн эрх үүрэг, ажил үүргийн хуваарийг тогтоон мөрдүүлэх.

4.27.4. Байгууллагын үл хөдлөхөөс бусад өмч хөрөнгийг захиран зарцуулах Гүйцэтгэх

захирлын эрх хэмжээг тогтоох

4.27.5. Байгууллагын ажлын албаны бүтэц зохион байгуулапт, түүний төсвийг батлах,

4.27.6. МСНЭ-д дүрмийн хүрээнд гишүүн элсүүлэх, чөлөөлөх журмыг батлан мөрдүүлэх,

4.27.7. МСНЭ-ийн гишүүнийг байгууллагын болон төр засгийн дээд шагналд тодорхойлох.

4.27.8. Гишүүдийн татвар, элсэлтийн хураамжийн хэмжээ, түүний хөнгөлөлтийг тогтоох

4.28. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 4-өөс доошгүй удаа хийнэ.

4.28.1. Удирдах зөвлөлийн хурлын ирц 50-иас дээш хувь байвал хүчинтэйд тооцно.

4.28.2. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн зөвшөөрсөн шийдвэрийг хүчинтэйд тооцно.

4.28.3. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал

хураах зарчмаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар ил ба нууц санал хураах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Санал тэнцсэн тохиолдолд хуралдааны даргын

саналаар эцэслэнэ шийдвэрлэнэ.

4.28.4.Удирдах зөвлөлөөс томилогдсон албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах тохиолдолд өөрийг нь байлцуулж шийдвэр гаргана,

4.28.5. Удирдах зөвлөлийн хурлын явцыг протоколд тэмдэглэх бөгөөд Удирдах зөвлөлийн

шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зуран баталгаажуулна.

4.29. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө

чөлөөлж, огцруулж болно. Үүнд:

4.29.1. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн таслан шийдвэрлэх хурлаар тогтоогдсон,

4.29.2. Нэг жилээс дээш хугацаагаар гадаадад ажиллах, амьдрах болсон,

4.29.3 Үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн талаар Үндэсний төвийн гишүүдийн 2/3 санал гаргавал хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.29.4. Өөрийн хүсэлтээр.

4.30. Удирдах зөвлөл хараат бус Дүрмийн хороотой байна. Дүрмийн хорооны дүрмийг батлан

мөрдүүлнэ.

4.31. Удирдах зөвлөл Сэтгүүлзүйн хөгжлийн сан бүрдүүлэн ажиллаж болно.

4.32. Удирдах зөвлөл Их, Бага хурлын товыг тогтоож Их хурлыг 30-аас доошгүй хоногийн өмнө,

Бага хурлыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлана,

4.33. Удирдах зөвлөлийн дарга, гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг МСНЭ хүлээхгүй.

г/ Удирдах зөвлөлийн дарга, түүний бүрэн эрх

4.34. МСНЭ-ийн Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.34.1. МСНЭ-ийг гадаад, дотоодод төлөөлөх

4.34.2. Монголын сэтгүүл зүйн хөгжлийн асуудалтай холбоотой бодлого боловсруулж

хэрэгжүүлэх

4.34.3. Удирдах зөвлөл, Бага хурлын хуралдааныг удирдах

4.34.4. Их хурал, Бага хурлын шийдвэрийн биелэлтийг хангах

4.34.5. Удирдах зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захиралтай үр дүнгийн гэрээ байгуулна.

4.35. Удирдах зөвлөлийн даргыг Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, түүнийг Дэд ерөнхийлөгч,

тэдгээрийг Ерөнхийлөгчийн санал болгосон Удирдах зөвлөлийн гишүүн орлоно.

4.36. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба нэг удаа улиран сонгогдож болно.

д/ Гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага

4.37. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МСНЭ-ийн өдөр тутмын

байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.38. Удирдах зөвлөл төсөл шалгаруулах замаар Гүйцэтгэх захирлыг сонгон томилно.

4.39. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал нь орон тооны байна.

4.40. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.40.1. Удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн орон тоо, бүтэц, зохион байгуулалт, төсвийн

хүрээнд ажлын албыг бүрдүүлж түүнийг удирдах

4.40.2. Удирдах зевлөлөөс тогтоож өгсөн эрх хэмжээний хүрээнд байгууллагын хөрөнгийг захиран зарцуулах

4.40.3 Жил, хагас жил, улирлын үйл ажиллагааны төсөв боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан мөрдөх.

4.40.4 Эрх зүйн харилцаанд байгууллагаа төлөөлөх,

4.40.5 Удирдах зөвлөлөөс даалгасан буюу эрх олгосон бусад асуудал

4.41. Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

4.42. Мэргэжлийн төв, салбар, зөвлөлүүдийн ажиллах боломжийг бүрдүүлнэ.

4.43. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.

4.45. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба улиран сонгогдож

болно. Бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх захирал сонгох хүртэл

албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

 

е/ Хот, орон нутгийн салбар, зөвлөл

4.46. МСНЭ нь хот, орон нутагт салбар, зөвлөлтэй байна.

4.47. Анхан шатны салбар, зөвлөл нь орон нутагт нутаг дэвсгэрийн зарчмаар, нийслэлд хэвлэл

мэдээллийн байгууллага түшиглэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр

байгуулагдана. МСНЭ нь гадаадад төлөөлөлтэй байж болно.

4.48. Салбар, зөвлөл нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлийн бодлого шийдвэрийг

орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

4.49. МСНЭ-ийн салбарыг 12 гишүүнээс дээш бүрэлдэхүүнтэй байгуулна, МСНЭ-ийн хот,

орон нутгийн салбар нь тамга тэмдэг, данстай байна.

4.50. Салбар, зөвлөл жил тутам Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

ё/ Хяналтын зөвлөл

4.51. МСНЭ-ийн Их хурлаар Хяналтын зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж сонгоно.

4.52. Хяналтын зөвлөлийн гишүүд хуралдаж дундаасаа даргаа сонгож Их хуралд мэдээлнэ.

4.53. Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

4.54. Хяналтын зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

4.55 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.55.1. МСНЭ-ийн Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Мэргэжлийн төвийн хурлын

шийдвэр, бодлогын хэрэгжилтийн байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.

4.55.2. МСНЭ-ийн гишүүний гомдлыг хүлээн авч шалгаж шийдвэрлүүлнэ.

4.55.3. Үл хөдлөх болон бусад хөрөнгийн ашиглалтад шалгалт хийнэ

4.55.4. Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт, шалгалт хийнэ

4.56. Хяналтын зөвлөлийн дарга нь Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй оролцож болно.

4.57. Хяналтын зөвлөл үйл ажиллагааны тайлангаа МСНЭ-ийн Их хурал, Бага хуралд тавина.

 

Тав. МСНЭ-ИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ,САНХҮҮЖИЛТ

5.1. МСНЭ нь өөрийн эд хөрөнгө, мөнгөн санхүүтэй байна.

5.2. Байгууллага нь дараах эх үүсвэрээс санхүүжнэ.

5.2.1. Гишүүдийн татвар;

5.2.2. Дотоод, гадаадын байгууллага, хувь хүний хандив тусламж;

5.2.3. Төслийн үйл ажиллагааны орлого;

5.2.4. Улсын захиалгат ажил үйлчилгээ гүйцэтгэсний хөлс, улсын төсвийн дэмжлэг;

5.2.5. Дүрмийн зорилгод нийцсэн аж ахуйн бусад үйл ажиллагаанаас олсон орлого.

5.3. Байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

зарцуулна.

5.4. Байгууллагын орлогоос иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах,

зээлдүүлэх, ашиглуулах, хандивлах, ивээн тэтгэх, барьцаалах, тэдгээрийн төлбөрийг төлөх,

хуулиар хориглосон үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргийг хориглоно.

5.5. Аудитын компаниар үйлчлүүлэх тухай гэрээг Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр Гүйцэтгэх

захирал байгуулна.

5.6. Өөрийн санхүүгийн гүйлгээг явуулахын тулд төгрөгийн болон гадаад валютын данстай байна.

5.7. МСНЭ нь сэтгүүлчдэд туслах зорилго бүхий зээл тусламжийн эргэлтийн сантай байж болно.

 

Зургаа. МСНЭ-ИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

6.1. МСНЭ-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Их хурлын төлөөлөгчдийн 2/3-аас

доошгүй хувийн саналаар хэлэлцэж Монгол Улсын Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

6.2. МСНЭ хуулийн дагуу татан буугдсан тохиолдолд үл хөдлөх хийгээд бусад өмч хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулахыг МСНЭ-ийн Татан буулгах комисс шийдвэрлэнэ.

6.3.Татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд ил тод мэдээлж албан ёсоор

улсын бүртгэлээс хасуулснаар МСНЭ-ийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.

 

Долоо. БУСАД ЗҮЙЛ

7.1. МСНЭ-ийн шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан энэхүү дүрэм нь Их хурал баталсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд Удирдах зөвлөл Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулна.

 

 

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН XVI ИХ ХУРАЛ

http://cmj.mn/uil/49–.html

 


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you21

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you13

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих