ЦАХИЛГААНЫ ҮНИЙН УРАМШУУЛАЛД НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН 110 МЯНГАН ӨРХИЙГ ХАМРУУЛНА ГЭВ
НИТХ-ын 13-р ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний асуудлаар асуулт, хариулт өрнөж байна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Энэ ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах А/17 дугаар захирамж гаргаж орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоосон юм. Ингэснээр Улаанбаатар хотод шилжин ирэх иргэдийн тоо эрс цөөрч орон нутагруу шилжсэн иргэдийн тоо өссөн байна гэв. 2016 онд нийслэл хотруу 25196 шилжин ирсэн бол өнгөрсөн онд 9949 иргэн шилжин ирсэн гэсэн судалгаа байна. Харин орон нутагруу 11256 иргэн шилжсэн гэсэн бүртгэл байгаа юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах томоохон ажлуудын нэг бол Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 1-3 сард авч хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшуулалд 114’512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.5 тэрбум төгрөгийг БОАЖ-ын сайдын багцаас зарцуулжээ. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувь өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байна.
Цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулан, 6,363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон байна. 2018 онд гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 39.5 тэрбум төгрөг Улсын төсвөөс зарцуулна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлэх, цахилгааны шөнийн үнийн тарифыг өвөл, хаврын улиралд хөнгөлөх арга хэмжээнд илүү олон өрх хамруулах зорилгоор шөнийн цахилгааны үнийн урамшуулалд Улаанбаатар хотын гэр хорооллын 110 мянган өрхийг хамруулна гэлээ.
НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба
URL: