Э.Мөнх-Очир: Н.Энхбаярыг МАН-ын Бага хурлын гишүүнээс сая л хаслаа шүү дээ

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

-Та өчигдөр байнгын хороон дээр сэтгүүлчдийн эсрэг нэлээд дайраад авав даа?

-Үгүй ээ. Харин ч сэтгүүлчдийн талд байсан шүү дээ. Мэдээллийн хэрэгслийг хаах хэрэгтэй, эрүү үүсгэх ёстой гэж ярьсан хүмүүс байсан. Тэр нь би биш. Хүнийг нотолгоогүйгээр гүтгэж гүжирдчихээд “Энэ бол улстөрчдийн буруу” гээд сууж таарахгүй. Хэрэв тэгвэл тухайн байгууллагыг хаах хэмжээнд хүрэхүйц торгох ёстой. Хамгийн гол нь хэвлэлийн байгууллага хэн нэгний хуудуутай асуудлыг бичих гэж байгаа бол баримт нотолгоотой байх хэрэгтэй. Нэр дэвшигч гурил айлд гурил өглөө гэж бодъё. Түүнийг нь хэвлэлийнхэн бичлээ. Тэгвэл яаж нотолгоожуулах юм. Гурил өгч байгааг нь дүрс бичлэгт буулгачихдаг. Тэр нь шүүх дээр очоод нотолгоо болж, тухайн мэдээллийн хэрэгсэл үнэн бодитой бичсэн нь тогтоогддог байх асуудлыг хуулиараа бид зохицуулаад өгчих хэрэгтэй. Хэн нэг нөхрийн өгч байгаа мэдээллийн үнэн худлыг нягталж, баталгаатай нотолгоогүй байвал хэвлэхээсээ татгалздаг байх ёстой. Үүнийг харгалзахгүй нийтэлбэл хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай. Би үүнийг л ярьсан. Үүнээс болоод З.Алтай гишүүн бид хоёр маргасан. Гэхдээ энэ бол ажлын явцад гардаг л маргаан.

-Улстөрчид л бузар булайг хийдэг гэдэг нь үнэн байх шүү?

-Энэ талаас нь харж болохгүй шүү дээ. Улстөрчид захиалга өгсөн учраас гээд бичээд байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу болж хувирах юм бэ.

-Гэхдээ сонин хэвлэл шударга шүүмжлэл бичихэд гүжирдлээ гээд торгох юм биш биз дээ?

-Тийм зүйл биш л дээ.

-Хэвлэлийн байгууллага яагаад луйвар хийсэн нэр дэвшигчээс илүү торгуулах ёстой гэж?

-Долоон сая төгрөг л биз дээ. Харин луйвар хийсэн нэр дэвшигч торгуулна дээрээс нь сонгуулиас хасагдана шүү дээ. Тэгэхээр хэн нь илүү хохирч байна.

-Төсөв баталчихлаа. Та энэ удаагийн төсвийг юу гэж дүгнэж байна. Нэлээд танах шиг боллоо?

-Төсвийн зардлыг багасгахад буруу зүйл байхгүй.

-Танах нь ч яахав. Тэр мөнгөө гишүүд тойрог руугаа хуваарилаад авчихаж байгаа юм биш үү. Үндсэндээ гишүүдийн гэж яригддаг мөнгө гурван тэрбум болсон юм уу?

-Улсын төсөв хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой. Энэ хөрөнгө оруулалтыг улсдаа тэгш хуваарилахын тулд аймгуудад мөнгө өгөх хэрэгтэй биз дээ. Үүний буруу юу байгаа юм, ойлгохгүй байна. Гишүүд төсөв баталж байгаа юм чинь хаашаа мөнгө хуваарилах вэ гэдгээ ярихгүй өөр яах юм. Түүнийг нь тойрогтоо мөнгө авах гэлээ гээд бөөн хэл ам болцгооно, ингэж болохгүй шүү дээ. Асуудлыг эрүүлээр хармаар байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч байна. Гишүүдийн амласан зүйл ч бий. Яагаад үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж болохгүй гэж.

-Таван толгойн хувьцааг худалдах нь буруу гэж та үзээд байгаа юм уу?

-Таван толгойн хувьцааг худалдвал Монголд мөнгөтэй хүн хичнээн байгаа билээ. Таван толгойн хувьцааны ихэнхийг гадагшаа алдчих болов уу гэж бодоод байна.

-Дотоодын компаниуд авч болно биз дээ?

-Болно. Гэхдээ тэдний ард гадныхан байгаа гэдгийг санах хэрэгтэй. Том хөрөнгө оруулалт яриад байгаа боловч бүгд гадны зээлтэй яваа шүү дээ.

-Таван толгойн хувьцааг худалдаж бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэд олон байгаа. Энэ цаг хэзээ ирэх бол гэж хүлээж байсан нь нууцгүй. Ийм үе одоо ирж байгаа юм биш үү?

-Уг нь бол иргэд хувьцаагаа борлуулахгүй байвал насан туршдаа амьдралынхаа баталгааг бүрдүүлнэ. Өнөө маргаашаа хараад хувьцаагаа худалдчихвал хэдхэн хоног идээд дуусна биз дээ.

-”Орхон-говь” төслөөс болж Л.Гансүх сайдтай үзэлцээд байсан. Юу болсон бэ?

-Ингэж зууралдсаны эцэст Дэлхийн банкнаас туслаад энэ төслийг явуулахаар болсон.

-Засгийн газрын ажлыг дүгнэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Хангалттай ажиллаж чадаж байгаа болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Засгийн газрын ажил удаан байна. Таван толгойн асуудал дэндүү орой орж ирлээ. Гэхдээ хийсэн ажлыг дүгнэхэд зургаан сар дутуу байна. Төсвийг нь батлаад өгчихлөө. Тэгэхээр үлдсэн хугацаанд эрчтэй ажиллах биз.

-Сая танай нам Бага хурлаа хийлээ. Нэлээд аядуу өнгө аястай болсон юм биш үү?

-Аядуу гэдэг нь сайн уу, муу юу.

-Үзэл бодол, үйл ажиллагааны хувьд нэг л хайрцаглагдчихсан…

-Нам бол хайрцаглаж байх ёстой юм шүү дээ. Ямар ч асуудалд тодорхой шийд гарах хүртэл бид ярилцдаг. Миний хувьд нам дотроо нэлээд болохгүй зүйл ярьдаг хүн. Гэхдээ энэ бүхнийг нэгтгээд намын дарга багцалсан бол түүнээс илүү юм яриад явах ямар шаардлага байх вэ.

-Ирэх сонгуульд МАН-д хүчтэй өрсөлдөгч гараад ирчихсэн нь асуудал болоод байгаа юм биш үү?

-Ямар өрсөлдөгч.

-Яагаав МАХН?

-Ээ элээ минь. Үгүй байлгүй дээ. МАХН-ынхан хөдөө орон нутгаар яваад уулзалт хийж байгаа. Гэвч уулзалтын танхимдаа 20 хүн цуглуулж чадахгүй байгаа намыг ямар хүчтэй өрсөлдөгч гэх вэ дээ. Тийм болохоор сонгуульд тэднээс айгаад байх юм алга. Асуудлыг үнэнээр нь тайлбарлахаар төөрөлдөөд байгаа ахмадууд ойлгосон. Яагаад гэвэл манайхан ухаантай.

-Гэхдээ МАХН-аас айсандаа Н.Энхбаяр даргыг нь дарж авах гээд байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр дарга бол хүчтэй улстөрч мөн. Гэхдээ хийж байгаа зүйл нь буруу. Үнэхээр тийм сайн байх гэсэн юм бол МАН-даа үлдэх ёстой байсан юм.

-Танайхан гадуурхсаар байгаад хөөгөөд явуулчихаагүй гэж үү?

-Яаж гадуурхсан юм. Н.Энхбаярыг МАН-ын Бага хурлын гишүүнээс нь сая хаслаа шүү дээ. Өнгөрсөн даваа гаригт л тэр МАН-ын Бага хурлын гишүүн байхаа болилоо. Энэ хүртэл түүнд гарц байсан шүү, МАН-даа эргээд ирэх. Гэвч өөр нам байгуулаад МАН-ыг уландаа гишгэн, муулаад яваа хүнийг яалтай билээ.

-Таныг МАХН руу явж мэдэх нөхдүүдийн нэг гэж хардаг л даа?

-Намайг сайн мэдэхгүй байна. Н.Энхбаяр даргыг сонгуульд ялагдахад нь уулзсан болохоор хардаад байж магадгүй. Тэр чинь бас сайн улстөрч хүн. Зүгээр нэг луйварчин гэдэг утгаар нь харж болохгүй.

-Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг өгөхгүй бол МАХН-д орно гэж таныг яриад яваа гэх юм билээ…

-Надад тийм лай үүрэх сонирхол байхгүй. Бодоод үз л дээ.

Я.Мөнгөнцэцэг

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих