Газрын тосны үйлдвэр байгуулахгүй байгаагийн цаана ямар АШИГ СОНИРХОЛ байна вэ?
Монгол хэзээд ч ҮЙЛДВЭРЛЭГЧ орон болж чадахгүй. Учир нь газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах гэж 20 жил ярьлаа. Яриад асуудал шийдэгддэг бол Монгол улс 2-3 газрын тос боловсруулах үйлдвэртэй болох боломж байсан юм. Дарханы газрын тосны үйлдвэр байгуулах гэж олон жил ярьж, тэр хэрээр хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэвч түүхий газрын тосоо импортоор авахаар Техник эдийн засгийн үндэслэл хийгдснээс болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хориг тавьсан удаатай. Ингээд Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр “Дашиншог” болсон юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь сонгуулийн үед яригддаг оноо авах сэдэв. Засгийн газар солигдох бүрт байршил нь өөрчлөгдөж байдгаас болж бодит ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй юм. Яагаад газрын тосны үйлдвэр байгуулахгүй удаж байна вэ? Үүний цаана шатахуун импортлогчдын ашиг сонирхол, лобби явагддаг байж мэдэх юм.
Газрын тосны үйлдвэр байгуулахгүй байх нь ХЭНД? АШИГТАЙ вэ? Мэдээж Шатахуун импортлогчид. Иймээс том хэмжээний лобби явагддаг учир 20 гаруй жил ярьсан төдий өнгөрчээ. Хамгийн сүүлд Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр байгуулахаар болж Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам.долларын хөрөнгийг үйлдвэрт зарцуулахаар болсон. Гэвч дөнгөж судалгаа эхэлж, одоо техник эдийн засгийн үндэслэл хийгдэж байгаа юм. Уг үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд байгуулна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2-р улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон байна. Энэхүү бүтээн байгуулалт өрнөх талбай нь Сайншандаас 20 км зайтай байрладаг байна. Түүнчлэн тухайн боловсоруулах үйлдвэрээс Сайншанд хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ. Мөн хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг хийхээр Засгийн газрын хуралдаанаар шийдээд байна.
Томоохон төсөл хөтөлбөрүүдийг даган шахааны бизнес, мөнгө завших болон бусад төрлийн хууль бус үйл ажиллагаа, зохион байгуулагдах эрсдэл үүсдэг. Тэгвэл энэ удаад дээрх зөрчлүүдээс сэргийлж Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллах үүргийг Ерөнхий сайд онцгойлон өгчээ.
У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд газрын тосны үйлдвэрийг эхлүүлж чадах уу гэдгийг харж сууя.
Эх сурвалж: ТӨР.МН
URL: