Бэлгийн замын өвчин залуужиж байна
Монгол Улс “НҮЭМ” Үндэсний гурван удаагийн хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууруулах хоёр удаагийн стратегийг амжилттай хэрэгжүүлсний дүнд эх, хүүхдийн эрүүл мэндийн олон үзүүлэлтүүд сайжирч, тодорхой амжилтанд хүрсэн билээ. Үүнтэй холбогдуулан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Үндэсний тавдугаар бaгa хурлаар эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлын үр дүн, амжилт, өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтээс сургамж авч, цаашид тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагынхан хоёр өдөр хуралдаж байгаа. Мөн удахгүй болох ДОХ-ын эсрэг Дэлхийн өдрийг угтаж ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ХӨСҮТ-ын захирал Ө.Гантөмөртэй уулзаж ярилцлсан юм.
-Маргааш 12 дугаар сарын нэгэн. Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр. Энэ өдрийг угтаж ХӨСҮТ ямар үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна вэ?
-Жил бүрийн 12 дугаар сарын нэгний өдрийг ХДХВ буюу ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр мэргэжлийн байгууллага болон ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ салбарынхан жил бүр иргэдэд үр дүнтэй гэх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд мэдээлэл, зар сурталчилгаа, тусламж үйлчилгээг нийт хүн ам, эмч мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд, хамгийн эхэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДОХ-ын талаар мэдээлэл өгөх, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах мөн бусдад халдаахгүй байх зэрэг асуудлыг илэрхий чсэн зар сурталчилгааг явуулж, зан үйлийн болон ХДХВ-ын талаар мэдээлэл өгөх зорилготой байна. Мөн эмч мэргэжилтнүүд халдвар авах магадлал өндөр байдаг учраас хэрхэн сэргийлэх болон аюулгүй байдлын талаар анхаарч ажиллах, хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх зэрэг мэдээллийн чанартай ажлыг өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Сүүлийн үед залуучуудын бэлгийн амьдрал замбараагүй болсон. Үүнээс үүдэн БЗХӨ залуужих хандлага ихэсч байгаа. ХӨСҮТ дээр ирж эмчлүүлж байгаа таңдалт ямар байгаа вэ?
-Залуучуудын дунд БЗХӨ-ний тархалт маш өндөр байгаа. Долоон хоногийн ажлын таван өдрийн турш зовиурын улмаас болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэж манай төвд 60-70 хүн ирж үзүүлдэг. Энэ бол асар их тоо. Үүний ихэнхийг нь 18-25 насны залуучууд эзэлдэг. Энэ нь залуучууд маань нэг зүйлийг бодох цаг нь болсон гэдгийг харуулж байгаа юм. Урьдчилан өгсөн шинжилгээ болон үзлэгээр илэрсэн эдгээр өвчтөнүүдийг бид хяналтандаа авч эмчилгээнд хамруулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаас үзэхэд тогтвортой байгаа юм шиг хэрнээ хэт залуужиж байгаа нь эмгэнэлтэй. Ер нь үүнд анхаарлаа хандуулж, ажлын явцаа эрчимжүүлэх шаардлагатай болоод байна. 2009 онд БЗХӨ туссан иргэдийн тоо 33 хувьтай байсан бол энэ оны хагас жилийн байдлаар л гэхэд 36 хувьд хүрсэн байх жишээтэй. Энэ нь маш өндөр тоо.
-БЗХӨ туссан иргэдийн нас нь залуужиж байгаагийн учир юунд байна вэ? Явуулж буй сургалт сурталчилгаа нь үр дүнгээ өгөхүй байна гэж ойлгож болох уу?
-БЗХӨ-ний талаар явуулж буй сургалт сурталчилгаа нь үр дүнгүй байна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Бид тодорхой бүлэг хүмүүс буюу оюутан залуусын дунд сургалт, судалгааг байгууллагуудтай хамтран явуулсан. Энэхүү судалгаанаас харахад манай оюутан залуучууд мэдлэг мэдээлэлгүйдээ биш. Харин ч эсрэгээрээ тэдний өгсөн судалгаанаас харахад БЗХӨ болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл нь өндөр байдаг юм билээ.
Хамгийн гол нь тэд бэлгийн эрүүл зан үйлийг өөрсдөдөө хэвшүүлж, амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байгаад гол учир нь байгаа юм. Үүнийг толгой дотроо бодоод явах биш хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
-Магадгүй залуучуудын хувьд БЗХӨ-өөр өвчилсөн даруйдаа эмчид хандахдаа ичиж эмээснээсээ болж цаг алддаг нь бас нөлөөлдөг байх?
-Тийм тал байхыг үгүйсгэхгүй. Энэ бол эмзэг сэдэв. БЗХӨ туссан болон туссан болов уу гэх байдал бий боллоо гэхэд тухайн залуус хэнд хандахаа мэддэггүй. Ичиж зовох асуудал их гардаг. Мөн сардаа биш юм гэхэд улиралд нэг удаа бэлгийн эрүүл мэнддээ анхаарч эмчид заавал үзүүлж байх хэрэгтэй. Дүүрэг болгон дээр мэдээлэл өгөх эмч, сувилагч ажиллаж байна. Мөн ТББ-ууд, сайн дурын шинжилгээ өгдөг газрууд мөн манай ХӨСҮГ дээр сайн дурын кабинет ажиллаж байна. Мэдээж мэргэжлийн байгууллагуудын зүгээс тухайн өвчтөний хувийн мэдээллийг тусгайлан үзэж маш чанд нууцална. Тийм болохоор айж, ичих зүйл ерөөсөө байхгүй. Эцсийн эцэст өөрийнхөө эрүүл мэндийг бодох нь зүйтэй. Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд тухаин хүн өөрийгөө БЗХӨ туссан болон туссан байж магадгүй гэсэн эрсдэлтэй байх үедээ өөрөө өөртэйгээ харьцаж дүгнэлт хийж, давж гарна гэсэн итгэлтэй байх ёстой. БЗХӨ-өөр өвчилсөн хүнтэй бэлгийн хавьталд ороод нэг хоёр хоногийн дараа илэрнэ гэсэн үг биш, вирус хадгалагдаж хэдэн долоо хоногийн дараа ч илэрч болно. Тийм болохоор халдвар авсан тохиолдолд эмнэлэгт шууд хандан эмчлүүлэх нь зүйтэй. Халдвар авсан бол заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үл тоомсорлосноос болж дутуу эмчлэгдэх, сэдрээх гээд өвчнийг улам даамжруулж архагшуулдаг. Тийм болохоор өөрийгөө үнэлж өвчнөө мэдсэн тохиолдолд мэргэжлийн эмчид заавалчгүй хандахыг зөвлөж байна.
-Өнөөдрийн явуулж байгаа тавдугаар бага хурал нь нэлээд олон хүнд хүрсэн үйл ажиллагаа болж байна?
-Мэдээж нөхөн үржихүйн асуудал бол улс орон болгоны анхаарах ёстой чухал асуудлын нэг. Тэр дуңдаа хөгжиж байгаа орны хувьд тулгамдсан асуудал яахын аргагүй мөн. Өнөөдрийн бага хурал нөхөн үржихүй сэдвийн доор зохиогдож байгаа ч БЗХӨ-ийг голчлон анхаарч илтгэлүүдийн ихэнх нь энэ сэдвээр тавигдаж байна. Өнөөдөр манай улсад халдварын тоо хэд байгаа, халдвар авсан хүмүүсийн насны тоо ямар байна, тухайн хүмүүсийн мэдлэг нь ямар түвшинд байгаа, үүнд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг ярьж байна.
Гэхдээ насанд хүрээгүй охид, хөвгүүдийн бэлгийн буруу зан үйл болон гэрлэлтийн өмнөх бэлгийн амьдрал нь БЗХӨ залуужиж байгаагийн гол шалтгаан нь болж байна.
Насанд хүрээгүй охид болон гэрлэлтийн өмнөх охид бүсгүйчүүдийн бэлгийн харилцааны асуудал нь тохиолдчын бэлгийн хавьтал болон бэлгийн хавьтагчтай байх мөн янз бүрийн байдлаас болж бэлгийн хавьталд орсон тохиолдолд ХДХВ авах боломж үүний тархалтанд нөлөөлөх боломжийг нь нэмж өгч байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. БЗХӨ нь нөхөн үржихүйн эрүүл мэндтэй шууд холбоотой. Энэ нь цаашлаад ирээдүйн эрүүл эх, эрүүл хүүхдийн талаар ярилцаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
Г.Тогос ub times
URL: