Б.Наранхүү хүчин хийж, авлига аваагүй ч…
2017 оны сүүлчээр хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэ үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж хуульчид үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах үндэслэлтэй гэж байгаа. Харин хуульчдын дээрх үндэслэлийг Б.Наранхүү гишүүний сонгогдсон Дундговь аймгийн 16 дугаар тойргийн иргэд сонгогчид “Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүнийг хэдхэн хүнийг сонирхлоор эргүүлэн татдаг юм биш. Түүнийг сонгосон Дундговийн иргэд мэдэх ёстой“ хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү уг нь бизнесменийнхээ хувьд алсыг харж, томоор сэтгэдэг эр хүн. Харин улстөрч болж нэг л сайн төлөвшихгүй таслаад, хоцроод яваа нь яалт ч үгүй үнэн билээ. Тэрээр үүнийгээ ч нэг их нуулгүй “Би сайн ойлгохгүй асуудалд оролцоод яадаг юм” хэмээсэн нь бий. Мань эр УИХ-ын Байнгын хорооны хурал, чуулганы нэгдсэн хуралдаанд суухаасаа илүүтэй Дундговь руугаа байсхийгээд л давхиж, зуны дэлгэр цагт энд тэндхийн наадам хэссэн шиг өнгөрүүлдэг наргианч, хийморьлог нэгэн гэдгийг Монголчууд андахгүй.
Тэрээр 2011 оны буюу Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний 100, Их Монгол Улсыг байгуулсаны 805, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд гарсан цагаасаа хол тасарсан ч барианы зурхай дээр дайруулан аман хүзүүдэж байсан олон түмэнд “Сүхээгийн хээр” гэж алдаршсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн унаган хээр азаргыг 500 сая төгрөг, Лексус 570 машинаар үнэлэн авч Монголын хурдан морины үнэ ханшинд дээд хэмжээ тогтоож байсан нэгэн гэдгийг наадамчин олон санаж л байгаа. Түүнээс хойш 700 сая төгрөгөөр үнэлэн авсан тэр азарга “Наранхүүгийн Монгол хээр азарга” нэртэй болж Дүнжингаравын хурдаас эхлээд Хотгойдын хурд, Нүүрэнтэйн хурд зэрэг олон том уралдаанд торгон жолоо өргүүлж, аргагүй л үнэ ханшиндаа таарсан хурдан буян гэдгээ нотолж УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн баярын магнайг тэнийлгэсэн билээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү ч зуны дэлгэр цаг болон хавар бүрийн Дүнжингаравын хурд уралдааны үеэр л жинхэнэ хийморь нь сэргэж, буян хишгээ ч нүнжигтэй тараачихдагийг Монголчууд андахгүй сайн мэднэ. Түүний гараас Ланд-200, байрны түлхүүр гардсан азтай, одтой олон бөхчүүд, уяачид түүнд талархаж явдаг нь ч ойлгомжтой. Одоо харин эрхэм Б.Наранхүүг “УИХ-д байх ёсгүй товариш. Эргүүлэн татуулна” хэмээн хэдэн хуульч нөхөд үзэж тараад эхэлсэн. Хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ сүүлийн үед нэгэн хошин гэмээр яриа төрийн ордон хавиар тэнүүчлэх болсон нь “Наранхүү ямар “Мурат”-аа гозолзуулж, “Гантулга”-аа тайлж шидсэн ч биш дээ” юм. Мөн түүнчлэн Дундговийн 16 дугаар тойргийн сонгогчдын төлөөллүүд Улаанбаатарт ирж Үндсэн хуулийн Цэц болон Дээд шүүхийн үүдээр эргэлдэж “Б.Наранхүү ямар хүчин хийж, авлига авчихсан биш. Сонгогчид бидний эрхэнд халдах гэсэн бусармаг үйлдлээ зогсоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийдэх эсэхийг цаг хугацаа л харуулах болов уу.
Д.Түвшин
Эх сурвалж: .24tsag.mn
http://www.24tsag.mn/content/159182.shtml
URL: