СОЛОНГОСООС АВЧИРСАН 500 САЯ ДОЛЛАРЫГ МАЙДАР ХОТОД ОРУУЛАХ УУ
Утааны асуудал энэ өвлийн гол сэдэв байлаа. Угаасаа ч сүүлийн 10 жил бид өвөл утаандаа хордож, зун болохоор мартаж ирсэн. 2019 оны өвлийг ч яг л ийм байдлаар угтах шинжтэй болчихлоо. Эрх баригчид утааг арилгах дургүй байна. Энэ нь тэдний утааг мөнгө гэж хардаг харц өөрчлөгдөөгүй, сэтгэл цадаагүйтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын утаанд 147 тэрбум төгрөг хийсгэсэн ч улстөрчид дахиадыг авахаар шунаж эхэллээ. Учир нь БОАЖ-ын сайдаасаа эхлээд монголд туршигдаад бүтэлгүйтсэн утаагүй зуух тараах талаар дахиад л ярьж эхлэв. Түүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийсэн.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Зуух яриад байгаа нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд галын дөл харж суух сонирхолтой байна” гэв. Үүнийг нь сонсоод толгой руугаа хүнд төмрөөр цохиулсантай л адил болов. Мөн саяхандаа монгол гэрийг эсгийгээр дулаалах технологийн талаар Ерөнхий сайд, УИХ-ын даргаасаа эхлээд ярьсан. Бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ. Дэлхий нийт хиймэл оюун ухаан бүтээж, өөр гариг ертөнцийг аль хэдийнэ судлаад эхэлсэн.
Гэтэл монголчууд 10 жил “алалцаад” Улаанбаатарынхаа утааг арилгаж чадахгүй байна. Монгол хүн хэдий болтол дугуй гэр, зуухтайгаа зууралдаж суух вэ дээ. Аятай тухтай орчинд амьдрах, эх орноо дэлхийн бар улсуудын ойролцоо хөгжилтэй болгох мөрөөдөл монголчуудад байдаг юм шүү дээ. Харин эрх баригчид “Та нар гэртээ галаа түлээд галын дөлөө хараад сууж бай” гэж жирийн иргэдээ доромжилж сууна. Өнгөрсөн хугацаанд утаанаас идсэн мөнгө хөрөнгөтэй холбоотой зарим асуудал цагдаа шүүхийн байгууллагад шилжээд явж байна. Цаашид энэ асуудалд зарим нэг нь идэхийг нь идээд зарим нь ялыг нь аваад явдаг өрийг нь монголчууд төлөөд үлддэг ийм хариуцлагагүй, хяналтгүй байдал үүсч эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр 700 сая ам.долларын зээл авахаар боллоо. Үүний 500 саяыг нь утааны эсрэг зарцуулахаар болсон. Өөрөө ч “Энэ удаагийн айлчлал утааны эсрэг айлчлал боллоо” хэмээн тодотгоод байгаа. Одоо бидэнд аваад ирсэн мөнгөөр асуудлаа шийдэх үү, утаа болгох уу гэсэн хоёр сонголт байна.
Ер нь бол одоо утаагүй зуух, түлш, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр нээх сонин биш болсон. Асуудлыг арай өөр өнцгөөс харж, томоор сэтгэх хэрэгтэй байна. Бидэнд гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт хэрэгтэй. Нэгэнт ачааллаа дийлэхээ больсон Улаанбаатарын ачааг хамт үүрэх дагуул хотыг байгуулах цаг иржээ. 500 сая ам.доллар бага мөнгө биш. Тэгэхээр энэ мөнгөөр дагуул хотын асуудлыг шийдэж эхэлье. Ерөнхий сайд аа. Дахиад утаагүй зуух, түлш тараах талаар яриад эхэлбэл нээрээ л онигоонд орно. Магадгүй хэдэн жилийн дараа засаг төр солигдохоор хэдэн хүн хэрэгт орж ч мэднэ. Тэгэхээр эх орныхоо хөгжлийг жаахан бодъё. Дээр нь улстөрчид гоё харагдах дуртай. Дагуул хотын асуудлыг ярьж, байгуулаад эхэлбэл Солонгосоос авчирсан мөнгөө салхинд хийсгэхгүй, бүтээн байгуулалтад зарцуулсан гээд үнэнээсээ гоё харагдана даа уг нь. Дагуул хот гэхээр бид Налайх, Багануур, Багахангай гээд яриад эхэлдэг. Нэгэнт хүмүүс суурьшаад эхэлсэн асуудал олонтой эдгээр дүүргийг хотын статуст шилжүүлнэ гэдэг дахиад нэг Улаанбаатартай л болно гэсэн үг. Харин Майдар хотын төсөл арай өөр.
“Майдар эко хот” нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зуунмод хоттой ихэрлэн сүндэрлэхээр болсон. 300 мянган оршин суугчтай, улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв байх бөгөөд төмөр зам, хурдны зам, дүүжин зам зэрэг дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт сүлжилдэн холбогдох юм.
Эко хотыг 110 гаруй мянган га талбайтай, хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгээд эхэлсэн байдаг. Төсөл хөтөлбөр, ТЭЗҮ боловсруулах гээд дагуул хот байгуулахад дахиад л ихээхэн хэмжээний мөнгө шаардлагатай. Харин зураг төсөл нь бэлэн болсон Майдар эко хотын төслийг 500 сая ам.доллараар үргэлжлүүлэн дагуул хотоо босгох боломж бидэнд байна. Гэхдээ энэ асуудалд нэг гацаа гарч мэднэ. Энэ нь бас л улстөржилт. “Майдар эко хот”-ын төсөл Ерөнхийлөгч Х.Баттулгын нэртэй явдаг. Аливаа юманд улстөржих хандлага дээрээсээ эхлээд нийгмийн давхарга бүрт бий. Ерөнхийлөгчийнх, Х.Баттулгынх, Женкогийнх гээд татгалзах тал бий. Гэхдээ энэ төслийг дэмжлээ гээд Ерөнхийлөгч Х.Баттулга тэнд ганцаараа амьдрах биш дээ. Дагуул хоттой болж, бидний монголчууд хөгжлийн хувьд нэг шат ахина. Хотын төвлөрөл, утаа, хөрсний бохирдол гээд үүнийг дагасан олон асуудлыг шийдэж болно. Сүүлийн үед эко гэдэг үг дэлхий дахинд төдийгүй Монголд моодонд орох болсон. Эко хүнс, эко машин… бүүр цаашлаад эко хот. Нүүдэлчин монголчууд түүхэндээ цөөнгүй хот байгуулж байснаас хамгийн их алдаршсан нь Хархорум юм. Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум нь тухайн үедээ гайхагдсан архитектурын шийдэлтэй, эмх цэгцтэй зохион байгуулалттай хот байсан гэж гадаадын аялагчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Майдар эко хот ийм л байхыг зорьсон. Эрчим хүчний хэмнэлттэй технологи хэрэглэх, ногоон байгууламж байгуулах, эдийн засгийн үр ашигтай байх, богино замын хотыг бий болгох гэсэн зарчмуудыг хангавал энэ жинхэнэ эко хот гэсэн тодорхойлолтод хүрдэг байна. Тиймээс Солонгосоос авчирсан 500 сая доллараар Майдар хотыг босгоё эрх баригчид аа. Улс төрийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг нэгдүгээр тавина гэж итгэж байна.
Зууны мэдээ
Т.Батсайхан
URL: