Шатахууны үнийг ТАТААСААР Ч, ТАТВАРААР Ч зохицуулах боломжгүй гэв
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубынхэн шатахууны үнийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодпого, зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар тоймтой, тод зураглал гаргаж болохуйц мэдээллүүдийг өглөө. Уг мэдээллүүдийг учир шалтгааны дараалалд оруулан харвал гарц гаргалгаа нь тодорч ч болохоор байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дээрх эх сурвалжуудын өгсөн мэдээллүүдээс дараах зураглалыг буулгаад харья.
Шатахууны хомсдол шалтаг уу?
Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлснээр өдрийн цагаар том оврын машинаар хот дотор шатахуун тээвэрлэлт хийхийг хориглосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын зарим түгээгүүрүүдэд нөөц хангалттай хүргэгдэхгүй байгаа гэх шалтгаан хэлэлцүүлгийн үеэр дурдагдаад өнгөрөв. Иргэдийн сошиал сүлжээнд байршуулсан мэдээллээр бол хотын зах, хөдөөгийн зарим түгээгүүрт ч хомсдолтой, зарим импортлогч зөвхөн картаар шатахуун олгох дэг тогтоосон байгааг үзвэл энэ нь хот доторх тээвэрлэлтийн журамтай бас шууд холбоогүй бололтой. Чухам хэзээнээс ийм хомсдол, асуудал үүссэнийг санах хэрэгтэй. Энэ он гарснаар Онцгой албан татварын нэмэгдэл үйлчилж эхэлсэн тэр мөчөөс. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал шатахуун импортлогчдын нуруун дээр татварын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой. Шатахууны импорт тонн тутамд угаасаа алдагдалтай байгаа учраас үнийг нь зах зээлийн зарчмаар нэмэх шаардлага аж ахуйн нэгжүүдэд тулгараад байжээ. Үнээ нэмье гэхээр төр ямарваа зохицуулалт хэрэглэх байдлаар үнийг нь барьсаар ирсэн нь сүүлийн 8-9 жилийн явдал. Яг ийм үед онцгой албан татварыг нэмсэн нь импортлогчдын алдагдлыг дахиад нэмсэн хэрэг. Ингээд импортлогчдоо төлөөлж Петровис ХХК хэвлэлийн хурал хийж, учир байдлаа танилцуулсан боловч бусад нь хүч түрсэнгүй, чимээгүй ажиглаж байна.
Ийм нөхцөл байдал үүсэнгүүт Шатахууны үнийн зөвлөл хуралдаад нэг зөвлөмж гаргасан нь өнөөдрийн чигийг зааж өгсөн. Энэ сарын 9-нд хуралдаж гаргасан уг шийдвэрээр бол өргөн хэрэглээний А 80, А 92 бензниний үнэ, хангамжид гар хүрэхгүйгээр бусад түлшний үнийг өөрсдөө учраа мэдээд дарамт үүсгэхгүйгээр үе шаттай зах зээлийн горимд шилжүүлээрэй гэсэн чиг өгсөн байна. Одоо хэрэглэгчдэд үүсээд байгаа хардлага нь үнийг нь өсгөж болох “виз” авсан өндөр чанарын түлшний борлуулалтаа нэмэх гээд импортлогчид хангамжийг тасалдуулж байна гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Хэрэглэгчдийн хэрэглээгтанах замаар эрх баригчдад нөлөөлөх гэж байна гэсэн дүгнэлт ч сонсогдов. Өчигдрийн хүйтэнд энэ нь тун хүнд цохилт болох шиг.
Шатахууны үнийг өсгөх нь үндэслэлтэй юу?
Шатахуун импортлогчид үйл ажиллагаанаасаа гурван хувийн маарж буюу ашиг хийхийг зөвшөөрдөг ноён Ч.Чулуунбат тодотгов. Үүнийг импортлогчид ч мэдэгдсэн. Ашгийг нь алгасья. Ер нь үнэ нь яасан ийсэн билээ?
Өнөөдрийн байдлаар нэг тонн газрын тос 66-70 ам.доллар байна. 2011 онд нэг ам.доллар 1300 төгрөг байхад ч нэг литр шатахуун 1600 төгрөг байсан. АИ 92 шатахууны үнэ бараг арваад жилийн өмнөхөөрөө байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үедээ 1.27 ам.доллар байжээ. Одоо нэг ам.доллар 2430 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш сүүлийн 4 жилд 80 хувиар унасан байх аж. Энэ хооронд шатахуун импортлогчид дуугүй л алдагдал хүлээгээд ажиллаад байсан юм бас биш. Үнээ нэмэх шаардлагатай байгаагаа үе үе дуугардаг. Харин тэр үед нь төр зохицуулаад дуугүй болгочихдог байв. Төрийн зохицуулалт нь үндсэндээ хоёр аргатай. Татаас, зээл, дэмжлэг үзүүлдэг, эсвэл татвараар дэмждэг. Одоо аль аль нь асуудлыг зохицуулж дийлэхгүй гэж хэлэлцүүлгийн эх сурвалжууд өгүүллээ.
Татаас: 2007 онд 3 тэрбум, 2008 онд 7.9 тэрбум төгрөгийн татаас олгосон бол 2011-2015 оны хооронд дэлхийн зах зээлийн үнэ өсч, манайд ч дагаад өсөлт бий болсон учир Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон, Монголбанкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэйгээр өгсөн. Зээл авсан компаниуд зээлээ бүгдийг нь хугацаанд нь эргүүлэн төлсөн байна. Гэвч Монголбанк өнгөрсөн хугацаанд 3 тэрбум төгрөгийн алдалдатай ажилласны тодорхой хувьд нь уг хөтөлбөр нөлөөлсөн байх. Одоо манай импортлогчдын цөөнгүй нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлээс дээрх мэт арга хэмжээ авах болов уу хэмээн найдад чимээгүй ажиж суугаа бололтой.
Татвар: 2011,2012 онд ч мөн адил үйл явдал өрнөхөд төр татварын бодлогоор шатахуун импортлогчдыг дэмжсэн. 2016 оноос хойш гурван удаа Онцгой албан татвараа бууруулсан. Гэвч өнгөрсөн оны долоо, арваннэгдүгээр сард бууруулчихсан онцгой албан татвараа Засгийн газар ОУВС-тай хамтран ажилласнаар өсгөх шаардлага бий болсон. Цаашид татаас, татвар хоёрын алин нь асуудлыг зохицуулах аргагүй болсон байна. Тэгэхээр цаашид үнийг чөлөөлөх хэрэгтэи оололтои. Үнииг чөлөөллөө гээд учиргүй өсгөхгүй гэж ноён Б.Лхагважав үзэж байна. Үсрээд л өртгөө гурван хувиар нэмнэ гэж үзэж байгаа юм. Ер нь үнийг нь чөлөөлж, зах зээлийн горимд оруулахгүй бол шатахууны чанар гэж авах юмгүй болж байна гэв.
Цаадуул чинь дампуурч байгаа юм биш биз?
Манай улсын шатахууны хэрэглээний 80-90 хувь нь уул уурхайнхны хэрэглээнд явдаг. Уурхайн аманд импортлогчид маань бүтээгдэхүүнээ борлуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд шатахууны хомсдолтой нүүр тулаагүй байна. Эрэлт, нийлүүлэлт тэнд эвээ олоод байгаа бололтой юм. Импортлогчдын хувьд борлуулалтын 80-90 хувь нь хэвийн байгаа хэрэг. Тийм учраас чимээгүйхэн өөрсдийгөө болгочихоод элдэв юм дуугарч лицензээ хураалгаад юухэв гэсэн маягтай харж суугаа мэт дүр зураг бууж байна. ОУВС-тай хамтарснаар орж ирэх зээлээс боломж алдах вий ч гэж бодож байгаа байх.
Тэгээд цаашдаа хэн яах билээ?
УУХҮЯ-ны зүгээс бол шатахууны чанар стандартыг сайжруулахыг давхар бодолцоод шинэ стандарт баталжээ. Энэ оны байдлаар нийт импортлогчдын 7 хувь нь Евро5 буюу эко шатахуун нийлүүлж байгааг цаашид өсгөн 50 хувьд хүргэх гэнэ. Үүний тулд зөвхөн Евро 5 түлшний онцгой албан татварыг бууруулна. Газрын тосны завсрын бүтээгдэхүүн болох нафтий, керосинд нэмэлтээр онцгой албан татвар ногдуулна. Учир нь эдгээр нь чанаргүй газрын тосны бүтээгдэхүүний түүхий эд болдог байна.
Тун тодорхой нэг ийм санал гаргаснаа Сангийн яаманд хүргүүлжээ. Шуудхан хэлэхэд цаашид үнийг аажмаар чөлөөлж, зах зээлийн горимд шилжүүлэхгүй бол цаг зуурын аргаар зохицуулж дийлэхгүй гэжээ. Одоо тэгээд Сангийн сайд юу гэж шийдэх юм байгаа юм, бүү мэд. Явж явж хүлээгдээд байгаа шийдэл маань ОУВС-гийн шийдвэрээс л хамаарах юм байна. Сангийн яамны удирдлагууд, ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй энэ талаар санал солилцон, интервалаар зохицуулах боломж бий эсэх талаар энэ сарын 25-нд Улаанбаатарт хуралдах үеэрээ ярилцах юм байна.
Өглөөний сонин
А.Алиман
URL: