А-95, картаа шахахын төлөө А-92 дууссан гэх Петровист ямар хариуцлага тооцох вэ
Үнийн зөвлөл А92 шахахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин үүнийг үнийн зөвлөлд байдаг Шунхлай, Сод Монгол, Петровис ард түмнийг төртэй нь хамт үнэндээ доромжилж чадаж байна. Үүнийг зөвхөн гуравхан ШТС-ийн зэвүү хүрмээр жишээгээр баталж өгч болно.
Жишээ1: “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ууд зөвхөн айси карт гэгчээрээ л бензин өгнө гэх. Гэвч тэрхүү картыг зөвхөн төв салбар дээрээ 5000 төгрөгөөр зардаг ажээ. Өөрөөр хэлбэл ШТС-уудад нь бэлнээр байхгүй заавал төв салбар руу нь очих ёстой болж байгаа юм. Хэрвээ тэр айси гэх карт нь байхгүй бол түгээгчийг яаж ч гуйгаад шатахуун өгөхгүй. Түгээгч нь гэж “даам гарсан” нөхөр өөрийнхөө халааснаас бусдад мөнгө өгч байгаа аятай пээдэлзэж жолооч нарын дургүйг ихээр хүргэж байна. Хэрвээ зөвхөн тэр картаар үйлчлэх ёстой юм бол “Сод Монгол групп” ХХК бүх шатахуун түгээх станцдаа зарлал байршуулах ёстой. Гэвч алга дарам цаас өлгөөгүй байв. Харин карттай бол хүмүүст саванд хийгээд өгч байгаа харагдсан. Уг нь нэг нөхөр өөр дээрээ саванд хийсэн бензин асгаж ами хорлох гэж завдсанаас хойш бензин саванд хийж өгөхөө больсон гэдгийг Сод Монгол группийнхэн нисэхийн ШТС-ийн ажилтандаа хэлж, харьцаандаа анхаар гэдгийг уламжлах нь зүйн хэрэг бизээ.
Жишээ2: Петровис шатахууны хомсдол дахиад үүсгэв. Тэднийх зөвхөн А-80 л түгээж байгаа. А-92 огт байхгүй. Байхгүй шалтгаан нь өдрийн цагаар шатахууны тээвэр таталтаа хийж чадахгүй байгаа гэх. Тэгвэл МТ болон Жаст ойл үүнийг зохицуулаад бөөн дараалал болж байж нэг юм А-92 бензин олгож байна. Тэгэхээр Петровисынхон хүсэлгүй болохоор 92 өгөхгүй байгаа нь тодорхой болж байх шиг.
Харин орой 23:00 цагийн орчим шатахуун дууссан хэмээн ихэнх ШТС-уудаа хаасан байдалтай байна. Өдрийн цагаар шатахууны тээвэр таталтаа хийж чадахгүй байгаа байгууллага шөнө орой үүдээ хаагад өөрсдөө дотор нь инээлдээд сууж байх юм.
Жишээ3: Шунхлай зөвхөн 95 байна гээд 92 зарахгүй байна. Тэс петролиум ихэнх ШТС-аа засвартай гэх нэрээрээ ажиллахгүй байгаа. Алдаг оног хаа нэг нээвэл нээгээд, хааваал хаагаад дураараа аашилж байгаа.
Үүний улмаас 23:00 цагийн орчимд МТ-ийн ШТС-д ийм дараалал үүссэн байх юм.
Уг нь Монгол улсад шатахууны 35-40 хоногийн нөөцтэй. Гэтэл А-80, А-92-ийн үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор нефть импортлогчид ийнхүү ард түмний түлж авах хүсэл дээр хяслын тоглолт хийж байгаа бололтой юм.
Харин энэ хугацаанд Ерөнхий сайд нь Солонгос руу “зугаалж” зээл ярьж явах… Шатахууны үнэд хамгийн их анхаарал хандуулах ёстой Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аварга маань Ерөнхий сайдаа дагалдаад явчихсан.
Ёстой л нөгөө морь унасан толгойгүй хүн гэдэг шиг даварсан нефть импортлогчдийг базах дарах хүнгүй л хэдэн өдрүүдэд үргэлжлэв.
Хэрвээ энэ хэдэн нефть импортлогчдоо барьж, базаж чадахгүй байгаа бол ад үзээд байдаг Хятадын бодлогыг танилцуулъя. Хятадын төр стратегийн шинжтэй гэж үзвэл хувийн компанийн тодорхой хувийг шууд эзэмшдэг. Хувь, хувьцаа эзэмшиж ашиг хүртэх гэж байгаадаа бус хяналт тавих зарчмаар оролцдог жишиг байгаа.
Эс бөгөөс өөрсдөө нефтийн үйлдвэр барих ёстой шүү дээ. П.Очирбат Ерөнхийлөгч дээлээ газрын тос болгож байсан цаг үеийг санаж байна уу? Тэр цаг үеэс л үйлдвэр барих асуудал яригдаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үйлдвэр бариагүй нь төрийн эрх баригчид сэтгэлгүй, зүтгэлгүй болохын тод жишээ юм.
Бүхнийг чанга хатуу аргаар үзнэ хэмээн өөрийнхөө PR-ийг хийж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аваргаа “зугаалж” ханасан бол одоо ажлаа хий. Байхгүйд чинь нефть импортлогчид дураараа дургисаар байна. Засгийн газар нь анхааралдаа авахгүй бол ШӨХТГ нефть импортлогчдод багадаж байгааг сануулж байна!!!
А.Баярмаа
Dorgio.mn
URL: