“Юун хаан, хохирогч гэвэл таарна”
Хэрэглэгч хаан хэмээх үйлчилгээний байгууллагуудын уриа буюу үйлчлүүлэгчийн эрх ашиг өнөөдөр зарчмын хувьд алдагдчихаж. Захын хүнээс энэ талаар санал бодлыг нь сонирхоход, товчхондоо “Юун хаан, хохирогч гэвэл таарна” гэж хариулж байна. Аргагүй шүү дээ. Томоохон сүлжээ дэлгүүрүүд нь мань мэт дээрээ “ажиллаад” байхад. Уг нь нийслэлчүүдийн хувьд бараа бүтээгдэхүүн нь найдвартай хэмээн хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг.
Гэвч манайдаа л томд орох хүнсний сүлжээ дэлгүүр иргэдийг хохироож байна. Шуудхан хэлэхэд, ”Миний дэлгүүр”-тэй холбоотой шүүмжлэл, гомдол хэрээс хэтэрлээ. Хэрэглэгчдийн зүгээс тэдний эрх ашгийг хамгаалах статустай хяналтын болон хэвлэл мэдээллийн салбарт ч тус дэлгүүртэй холбоотой гомдол, санал тасрахгүй байна.
Тухайлбал, тус сүлжээ дэлгүүрээр зарагдаж байгаа жимс жимсгэнэ, хүнсний ногоо ихэнхдээ муудчихсан байдаг, килограммын бүтээгдэхүүнүүд нь 10-100 граммаар дутуу савлагддаг. Цаашлаад хямдрал зарласан нэрийдлээр хугацаа нь хэтэрсэн бараа зарахаас гадна кассан дээр нь барааны тоо ширхэг, грамм болон мөнгөн дүнг илүү бичдэг. Картаар тооцоо хийхэд тодорхой хэмжээний мөнгийг илүү авчих үе ч байдаг аж. Дараа нь илүү мөнгө төлснөө мэдээд тооцооны хуудсаа бариад очиход нь хэрэглэгчийн хохирлыг барагдуулалгүй буцаасан тохиолдол ч гарсан байна. Дээрх асуудлыг дэлгүүрийн зохион байгуулагч болон холбогдох албан тушаалтанд тавихаар “Манай кассны ажилтан шинэ хүн, уучлаарай” гээд хариуцлага хүлээлгүй аргацаагаад өнгөрөөдөг. Ер нь л тор дүүрэн бараа худалдан авсан тохиолдолд төлбөр мөнгөн дээр ажиллачих гээд байдаг гэнэ.
“Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчээ луйвардсан иймэрхүү тохиолдол ганц нэг удаа биш олон удаа гарсан гэдгийг хэлэх хүн олон байна. Уг нь энэ дэлгүүрээр өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлж байгаа. Дээрээс нь энэ сүлжээ дэлгүүр нийслэл хотыг хэрчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл соёлтой боловсон үйлчилгээний цаана “бохир луйвар” нуугдаж байна. Ямар сайндаа л “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ тооны машинтай орж байх хэрэгтэй гэсэн хошигнол хүртэл гарахав дээ.
Үүгээр ч зогсохгүй зарим дэлгүүрийнх нь орчин нөхцөл бохир /хөргөгчнөөс нь эвгүй үнэр үнэртдэг/, үйлчилгээний ажилчид нь ажлаа мэддэггүй, юм асуухаар өөдөөс эргүүлээд асуух нь холгүй байдгийг шүүмжлэх хүн ч цөөнгүй бий. Энэ бүхэнд тус дэлгүүрийн хамт олон дүгнэлт хийж, ажлаа сайруулах хэрэгтэйг хэлмээр байна. Уг асуудлыг ганц хоёрхон хүний эсвэл өөрийнхөө үзэл бодлоор бус олон нийтийн санал шүүмжлэл дээр тулгуурлан бичсэн гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
“Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүртэй холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагын мэргэжилтнээс тодруулахад дараах хариултыг бидэнд өгсөн юм. “Тус дэлгүүрийн хувьд чанарын шаардлага бүрэн хангаагүй жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдан борлуулж байгаа гэж хэлж болно. Гэхдээ зөвхөн тус дэлгүүр ч биш. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн ихэнх нь иймэрхүү байдалтай байгаа. Уг нь стандартаараа бол хүнсний ногоо, жимс жимсгэнийг агааржуулалт сайтай газар хадгалах ёстой. Гэвч ихэнх дэлгүүр чаддаггүй. Мөн зааланд жимс жимсгэнэ, хүнсний ногоог ил тавих ёсгүй. Ундаа, бялуунаас /хөргөгчинд хадгалдаг/ дутахгүй анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зориулалтын тоноглогдсон тусгай хөргүүртэй саванд /жижиг байгууламж/ байлгах ёстой. “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн хувьд агуулахаасаа авчраад савлаад байдаг. Хүнсний ногоо савладаг өрөө нь чанар, стандартын шаардлага хангадаггүй. Зүй нь стандарт шаардлага хангасан тусгай өрөөнд ногоог маш нарийн ялгах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай нөхцөлд агааржуулалтгүй өрөөнд хадгалснаас хөгц, ялзрал үүсч хүнсний бүтээгдэхүүн муудчихдаг” гэсэн юм.
Харин иргэдийн гомдол, саналын тухайд “Нэн тэргүүнд баримттай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаяг нь тодорхой, нотлох баримт буюу тухайн үеийн талон камерийн бичлэг зэрэг баримт нь байвал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авна. Нэгдүгээрт хэрэглэгчийг гомдолгүй болгоно. Хоёрдугаарт тухайн дэлгүүр өмнө нь иймэрхүү асуудал гаргаж байсан уу гэдгийг судалж үзнэ. Үүний үндсэн дээр арга хэмжээ авах болно. Үнэхээр тухайн дэлгүүрийн бүтээгдэхүүнээс болж хордлого авах ч юм уу, эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан тохиолдол гарвал дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авна. Үүний дараа сэжигтэй болон муудсан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулдаг. Иргэд гомдолтой байвал дүүргийнхээ мэргэжлийн хяналтын хэлтэст өргөдөл гаргаж болохоос гадна 1986 дугаарт залгаж санал шүүмжлэлээ хэлэх боломжтой. Таны гомдлын дагуу бид зохих арга хэмжээг авч эргэн мэдээлэх болно” гэв.
Г.Долгорсүрэн time
URL: