НАМУУДЫН “НЯЛХСЫН” ӨВЧИН

Манай улс нэг хүний амьдралын насны хугацаанд үсрэнгүй хөгжиж, Канадын төвшинд очих боломжтой. Монгол Улс канадууд шиг асар том нутаг, арвин их байгалийн баялагтай бөгөөд түүнийгээ боловсруулан нийлүүлж болох дэлхийн хамгийн том зах зээлтэй хиллэж байна. Харин биднийг тийнхүү үсрэнгүй хөгжихөд саад болж байгаа хүчин зүйл бол манай төр засгийн буюу засаглалын чадваргүй байдал юм. Түүний чадваргүй байгаа нь засаглалыг хэрэгжүүлэгч улс төрийн намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Ардчилсан оронд сонгуулиар төрийн эрх авсан улс төрийн нам нь нийтийн засаглалыг хэрэгжүүлдэг багаж хэрэгсэл болдог. Ардчилсан засаглал нь У.Черчиллийн хэлснээр туршиж үзсэн бүх засаглалыг эс тооцвол засаглалын хамгийн тааруухан хэлбэр юм.

Харин засаглалын үйл ажиллагааг сайжруулагч гол хөдөлгөгч хүч нь түүний ил тод байдал юм. Төр засгийн эрхийг ээлжлэн болон хамтран барьсаар ирсэн Монголын улс төрийн хоёр нам нас сүүдрийн том ялгаатай ч институцийн хувьд өсөн бойжиж чадахгүй, “нялхсын өвчинд” баригдан, улс орны үсрэнгүй хөгжлийн огцом өөрчлөлтийн эрч хурдыг гүйцэхгүй байна. Ардчилсан, эрх чөлөөтэй, залуу, эрч хүчтэй даяарчлалын боломжийг мэдэрсэн монголчууд улс төрийн намуудын өсөн торниж, цаг үетэйгээ нийлэн их үсрэлтийг манлайлахыг нь хүлээсээр залхаж гүйцлээ. Манай улс төрийн намууд хорвоо дэлхий дээр үеэ өнгөрөөсөн агуулгаар хөөцөлдөж, гоё нэртэй янз бүрийн аян, өдөрлөг зохиосон болж, намынхаа болон засгийн эрхийг булаацалдахаас өөр зүйл хийж чадахгүй байгааг Монголын улс төрийн намууд дахь “нялхсын өвчин” гэж болно. Үеэ өнгөрөөсөн агуулга гэдэгт улс төрийн намууд Монголын нийт ард түмний үнэт зүйлийг өөрийн эзэмшилд авч, түүнийгээ гагцхүү өөрийн гавьяа болгон сурталчилж, түүгээрээ иргэдийнхээ тархийг угаах гэсэн оролдлогыг хэлж байна.

Ард түмэн тухайн үнэт зүйлийг бүтээхэд ту хайн нам манлайлан оролцсоныг үгүйсгээг үй бөгөөд харин ард түмэнгүйгээр тэр үнэт зүйл бий болохгүй гэдгийг улс төрийн намууд ор тас үгүйсгэсээр байна. Төрийн эрхийг 1996-2000 оноос бусад хугацаанд тасралтгүй барьж ирсэн Монгол Ардын Нам (хуучнаар МАХН) сүүлийн сонгуулийн будлианаар шатсан байшингийнхаа суурин дээр асар том ордныг төсвийн 15 тэрбум төгрөгөөр байгуулж, түүнийгээ“ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН” хэмээн нэрлэв. Монголын Ардчилсан Нам хуучин байраа нураагаад, оронд нь ах намын ордноос ч өндөр “АРДЧИЛЛЫН ОРДОН”-ыг мөн л улсын төсвөөр барих гэж байна. Энэ янзаараа бол улс төрийн дараагийн нам гарч ирэхээрээ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРДОН барих бололтой. Монгол Улсын далбааг зөвхөн төрийнх буюу ялсан намынх болгон хувьчилсан шигээ тэдний дараагийн алхам нь тусгаар тогтнолыг зөвхөн нэг намын хөрөнгө болгох хууль гаргах ажил бололтой.

Олимпийн дэвжээн дээр аль нэг улсын далбааг мандуулдаг болохоос тэр улсын намын буюу төрийн далбаа гэж хэлдэггүй шүү дээ. Энэ “түрэмгийллийн” цаана төр засгийг хүчтэй болгох, улмаар төрийн нэрээр нийтийн хөрөнгийг ил далд үргэлжлүүлэн завших далд бодлого нь нуугдаж байна. Өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа, нийтийн хөрөнгийг завшсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчлэгдэж байгаа эрхмүүд бол энэхүү улс төрийн намуудын үйлийн үр нь юм. Гэхдээ өнөөдөр яригдаж байгаа өмч хөрөнгө завшсан хэргүүд бол асар том мөсөн уулын зөвхөн гадаргуу дээр цухуйн харагдаж байгаа хэсэг нь. Энэ бол ил тод бус засаглалын, зүй ёсны эцсийн бүтээгдэхүүн бөгөөд Монголын ард түмэн үнэн мөнийг хэзээ нэг цагт уудлан гаргаж таарна.

Ардчилал хөгжсөн орнуудад улс төрийн намууд нь иргэдээсээ асуухгүйгээр төсвийнх нь хөрөнгөөр өөрийн намдаа ордон барьчихаад, Тусгаар тогтнолын ордон гээд нэрлэчихвэл тэр нам ахиад хэзээ ч сонгогдохгүй байх жишээтэй. Улс төрийн үймээн болж шатсан, эвдэрсэн гэж байгаа бол яг хамт шатсан соёл урлагийн байгууллагуудын байшин, зургийн галерейг яагаад засаагүй, дайн байлдааны дурсгал болгож байгаа мэт балгас хэвээр нь үлдээсэн юм бэ?Үлдсэн нь нийтийн хөрөнгө, солигдсон нь нэг намын хөрөнгө. Хэний эрх ашиг тэдний хувьд илүү дээгүүр байгааг үүнээс харж болно. Улс төрийн намууд хөгжиж бойжихгүй байгаагийн өөр нэг шалтгаан бол нийтээрээ хүлээн зөвшөөрсөн удирдагчид, манлайлалгүй, тогтон төлөвшсөн үзэл сурталгүй байгаа явдал. Ирээдүйд хийх бүтээхээ биш, хийсэн түүхэн амжилтаа ярихаас цааш хэтрэхгүй байна. Намын гишүүд нь, ялангуяа тухайн намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нь намынхаа биш хувийн ашиг сонирхлоо үргэлж дээгүүрт тавьсаар ирлээ. Улсын төсвийн хуваарилалт үүнийг хамгийн тод харуул даг толь нь. Улс төрийн намуудын дотор эрх мэдлийн төлөө тэмцэл тасралтгүй өрнөж, Их Хурлын гишүүд дахин сонгогдохын төлөө юу ч ярихаас буцахаа байсан бөгөөд намын хариуцлага гэдэг ойлголт огт алга.

Улс төрийн намууд итгэл, хариуцлага алдсан удирдах ажилтнуудтайгаа дотроо хариуцлага тооцох чадваргүй учир нэг фракцын ноёрхол нөгөө фракцынхаар солигдохыг хүлээхээс өөр сонголтгүй Монголын улс төрийн намуудын амьдрал үргэлжилсээр байна. . Монголын иргэд улс төрийн намуудыг нялхсын өвчнөөсөө салж, улс төрийн соёлоо дээшлүүлж, үлгэр жишээ даруухан байж, нийтийн хөрөнгө завшигчидтайгаа Монгол төрийн хамгийн том бүх албан тушаалаас буусан хойно нь биш, хүндэт сэнтийд залахаасаа өмнө хариуцлага тооцох чадвартай болж эрийн цээнд хүрэхийг нь хүлээсээр байна. Ард түмэн чинь заримдаа хэнийгээ гаргачихаад байгаагаа мэдэхээ больж байна шүү. Эсрэг тохиолдолд улс төрийн цоо шинэ намуудыг өлгийдөн авах, улс төрийн эрх баригч та бүхнийг бүгдийг нь сонгохгүй байх шаардлага гарч байна. Монголын ард түмний зорилгын зорилго бол заавал та бүхнийг сонгох явдал биш бөгөөд иргэн бүхний амьдралаа дээшлүүлэх хүсэл эрмэлзлийг дэмждэг, тэр эрх чөлөөг олгодог, үнэнч шударга, ажил хэрэгч, сахилга баттай, иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагатай тийм улс төрийн хүчийг цаг үе өөрөө төрүүлэх болно. Та бүхэн хэдэн төгрөгийг хишиг нэрээр хаясан болж, иргэдээ басамжлахаа болих хэрэгтэй. Тэр хөрөнгөөр хотын замыг сайжруулж, шинэ зам тавьж, эмнэлэг сургуулиа чанаржуулах хэрэгтэй байна шүү дээ. Улс төрийн намуудын ч өмнө, ард түмний ч өмнө СОНГОЛТОО ХИЙХ ЦАГ ИРЛЭЭ.


URL:

Сэтгэгдэл бичих