Шанхайд Монгол эмэгтэй амиа хорлосон хэрэг гарлаа
Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаа нар мэдээллээ. Монгол Улсын иргэн, 21 настай М-ийн цогцос Шанхай хотын Шухуй дүүрэгт орон сууцны барилгын хоёр давхрын шатнаас 08:00 цагийн орчимд олдсон байна. Гуравдугаар давхарт амьдардаг оршин суугч энэ тухай анх цагдаад мэдэгджээ.
Урьдчилсан шинжилгээгээр амиа алдсан монгол эмэгтэйн хувцас нь урагдаагүй, биед нь ямар нэгэн шарх байгаагүй аж. Цагдаа нар мэдээлэхдээ “Түүний биеийн яснууд хугарсан байсан. Өндрөөс унасан байж болзошгүй. Бугуйнд нь хөнгөн шарх үүссэн байсан. Энэ нь өөрөөс нь үүдэлтэй болов уу. Тэрбээр нас бараад гурав хоносон байсан” гэжээ.
Цагдаа нарын мэдээлснээр түүний цусан дахь согтууруулах ундааны түвшин 1.37мг/мл байсан бөгөөд эм, мансууруулах төрлийн бодис илрээгүй аж. Түүнийг Антай эдийн засгийн коллеж, Шанхайн Жиао Тон менежемент их сургуульд 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл суралцаж байсан гэжээ.
Мөн цагдаа нарын ярьснаар иргэн М өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголоос Бээжинд очиж, дараа нь Шанхайд ирээд Шухуй дүүргийн нэгэн зочид буудалд 37 настай найз залуу Раотой уулзсан байна. Тэд арванхоёрдугаар сарын 14-нд Тайланд очиж, 21-нд Шанхайн зочид буудалдаа эргэж иржээ. Рао түүнийг арванхоёрдугаар сарын 23, 25-нд хоёр удаа эргэж ирсэн байна.
Иргэн М арванхоёрдугаар сарын 25-ны орой согтууруулах ундаа хэрэглэхээр зочид буудлаасаа гарч, 26-ны 01:00 цагийн орчимд зочид буудалдаа эргэж ирсэн байна. Тэрбээр зочид буудлаасаа таксинд суугаад Раогийн амьдардаг орон сууцны хорооллын орчимд очиход 06:00 цаг болж байсан аж. Иргэн М найз залуугийнхаа амьдардаг байрны хаалгыг онгойлгохыг шаардсан ч хамгаалагч нь татгалзжээ. Үүнээс удалгүй тэрбээр барилгад орж чадсан ч, удалгүй алга болсон байна.
Раогийн ярьснаар хосуудын харилцаа маргаантай байсан аж. Иргэн М нас барахынхаа өглөө түүний нүүр рүү хоёр удаа цохисон гэнэ. Цагдаа нарын ярьснаар Раогийн амьдардаг байрнаас сэжигтэй ул мөр олдоогүй. Бүсгүйн цогцос өөр байрнаас олджээ.
Рао арванхоёрдугаар сарын 26-28-нд иргэн М-тэй холбоо барих гэж оролдсон ч утас нь холбогдохгүй, зочид буудалдаа ч байхгүй байсан учир цагдаад хандсан байна.
Урьдчилсан дүгнэлтээр иргэн М өндөр газраас унаж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын товчооноос түүний үхлийн тухай Хятад дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд яамны төлөөлөгч, нас барсан эмэгтэйн эцэг, эх цогцсыг үзэж танилцжээ. Хэрэг хаана болсон тухай мэдээллийг мөн харуулсан байна.
Иргэн М-ийн эцэг, эх үхлийн шалтгаан нөхцлийг тогтоосон тайлантай танилцаж гарын үсэг зурж, ямар нэгэн гомдол гаргаагүй хэмээн мэдээлжээ.
URL: