С.Жавхланд хүргэх наймхан өгүүлбэр

ахӨнгөрөгч сонгуулиар хамгийн өндөр гэж болох санал авч, УИХ-ын босго давсан дуучин С.Жавхлан Төрийн ордонд “Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч танхим өгөхгүй байна гэх гомдлыг цахим орчинд асгаж байна. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар бол “тамганы тос дууссан” гэх шалтгаар өгөөгүй бололтой. Ямартай ч О.Баасанхүү МАХН-ын талыг ачиж ирээд Их хурал зохион байгуулчихдаг Төрийн ордонд яг адил эрхтэй С.Жавхланд орон зай алга гэдгийг харуулсан хэрэг. Тэр ч бүү хэл өөртөө хэт томдсон шагналтай дуучин Д.Болд уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийчихдэг танхимд Төрийн түшээ С.Жавхланд орон зай алга байна шүү дээ. Тэр ч бүү хэл нэг Түшээ нь ор дэрний асуудлаа ярьж болдог ордон шүү дээ. Халдашгүй дархан эрхээ Үндсэн Хуулийн Цэцээр хөндүүлсэн ч УИХ-ын гишүүн бол УИХ-ын гишүүн. Тэгэхээр С.Жавхлан энэ бүхэнд бухимдахаасаа өмнө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нэн тэргүүнд “Төрийн ордонд надад яагаад танхим өгөхгүй цаараглав” гээд бодох хэрэгтэй. Тэгэхээр Төрийн түшээгийн зангараг дутаж яваа залуу дуучинд сонсогч, сонгогчдынх нь өмнөөс хэдэн үг дайя. Намайг гүүр болж байна гэж ойлгоорой.

Нэгдүгээрт, С.Жавхлан УИХ-ын гишүүн шиг гишүүн байх нь юу юунаас чухал гэдгээ ойлгох. Ядахад л батлагдсан хуулийн асуудлаар завсарлага авна хэмээн эргүүтээд сууж болохгүй. Хууль дүрмээ судлалгүй бусдыг дайрч өөрөө мухардалд орохгүй байхаас хамаг зүйл эхэлнэ.

Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы дугуй танхим бол сонсогч фенүүдээ цуглуулаад цэцгэнд дарагддаг Бөхийн өргөө биш. Алга ташилт, магтаал урссан тэр дугуй өргөөнд таныг хаан мэт өргөмжилдөг бол хэрүүл тэмцэл өрнөж, бодлого хэлэлцдэг Төрийн дугуй танхимд бол та боолын боол босгоны шороо гэдгээ сана. Ард түмнээ төрд төлөөлж байгаа түшээд бол ерөөсөө ард түмний ч төрийн ч боол гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Гуравдугаарт, Ард түмнээ төлөөлж парламентад сууна гэдэг зөвхөн Баянзүрх дүүргийн сонгогчдод таалагдахын нэр биш. Захын хорооны эмгэнд ажлаа тайлагнах зуур ангийнхаа нөхдөө муучлах, улс орны хэмжээний бодлого ярих хоёрт тэнгэр газрын зөрөө байдаг. Морь мал зайдлан давхихын нэр бүр ч биш.

Дөрөвдүгээрт, Та уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр төлөвлөсөн дагуу Бөхийн өргөө, “Улаанбаатар палас” аль ч газар цагаа товлож мөнгөө төлж байж сонсогчидтойгоо уулздаг. Түүн шиг Төрийн ордны танхимд ч урьдчилан мэдэгдэж цаг зав, зай завсрыг нь харах шаардлага байж таарна. Үүнд бол ялгаа байхгүй. Бөхийн өргөө ашгийн төлөө ажилладаг ТББ, Төрийн ордны танхим бол төрийн үйл хэргийг явуулдаг ийм л ялгаа бий.

Тавдугаарт, С.Жавхлан та хэлж ярьж байгаа үгээ дуучин хүний зүгээс бус Төрийн хүний зүгээс бодож тунгааж ярих цаг нь болжээ. Улстөрд орох гэсэн олон жилийн цээжээ дэлдсэн тэмцэл танд тэр хэвээрээ үлдсэн байна. Үүнээсээ татгалз. Одоо сурч боловсроход хүндрэлтэй байж болох ч ядахад анализ дүгнэлт хийчих хэмжээний онолтой зөвлөхүүд авч ажиллуул.

Зургаадугаарт, Өөрийг тань магтан хөөргөгчдийн үгнээс хол бай, өөрөөсөө өндөр хүмүүст ойртохыг хичээ. Та өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байхын тулд тэмцэгч аястай хоосон чанаруудаар хүрээлүүлсэн байдал таниас байнга ажиглагддаг. Яагаад гэхээр “найзаар нь шинж” гэдэг үг байдаг даа. Идсэн уусан гээд таны харааж зүхээд байдаг наад түшээд чинь сайн муу аль ч талаараа таниас тохой өндөр хүмүүс. Тийм учраас харааж зүхээд байлгүй тэдэнд ойрт. Нутгийнхаа ах Ц.Нямдоржид хадаг барьж, Ч.Хүрэлбаатартай хундага тулга. Б.Чойжилсүрэнтэй барилга барьсан ч яадгийм. Яагаад гэвэл тэднээс суралцах зүйл их бий.

Долдугаарт, Та жалга довны үзлээсээ сал. Эх орон, элгэн түмэн, газар шороо гэж ярихаа тана, хас. Хэт их ярианаас чинь Төрийн түшээд байтгуай таны сонгогчид залхаж байгаа. Таниас алд дэлэм илүү эх орончид дээлэндээ шатаж, халдах цаг ирвээс бэлэн, цусаа буцалгаж байгааг байнга санаж яв. Даруухнаар эх орныхоо төлөө шатаж яваа хүмүүсийн дэргэд та бол зүгээр л чалчигч.

Наймдугаарт, Энэ ер нь миний байх ёстой газар мөн үү биш үү гэдгээ нэг сайн тунгааж бод. Уг нь эх орон, элгэн түмнийхээ төлөө сайн уран бүтээл хийгээд түмэнд түгээхэд таны үндэсний үзэл, эх орон гэсэн санаа бүрэн гарах учиртай. Маш том буян болно гэдгийг сана. Ерөөсөө таны тэр уран бүтээлд омогшсон сонсогчид эх оронтой хүн гэдгээ мэдэрч, түүнийг хайрлаж байхад л хамаг утга учир нь оршиж байдаг юм. Эх орныг заавал Төрийн ордноос хамгаалж хайрладаггүй юм. Тэр Увсаас ч болно, Америкаас ч болно. Траншейнаас ч болно.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих