Хятад, Францын төрийн тэргүүн нар уулзав
8-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсад төрийн айлчлай хийж буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзжээ.
Ши Жиньпин: Шинэ эрин үед бид үргэлжлүүлэн түүхэн хариуцлагатай байр суурь баримтлан зөв замаар аялж, Хятад, Францын харилцаанд улам сайн сайхан ирээдүйг нээж өгөх ёстой. Өдгөө, даян дэлхийн хэмжээнд тогтворгүй хүчин зүйл олширч байгаа учраас Хятадын тал хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах санаачилга гаргасан бол Франц улс ч үүнтэй ижилхэн үзэл баримтлал дурдаад байгаа юм. Хоёр орон нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шат, соёл уламжлалын зөрөө зэргээс үл хамаарч, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны нөөц боломжийг гүйцэд ашиглаж болох юм. Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу, Франц улстай олон салбарын хамтын ажиллагааг нягтруулж, “нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн олон улсын том чухал асуудлаар Франц улстай зөвшилцлөө нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд хамтдаа үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Шинэ эрин үед Хятад, Францын харилцаа ихээхэн ирээдүйтэй юм гэжээ.
Эммануэл Макрон: Хятад улсад анх удаа төрийн айлчлал хийж буйдаа их баяртай байна. Франц, Хятад хоёр орон гүн зузаан найрамдалтай. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа, олон улсын чухал асуудлаар Ши Жиньпин даргатай санал солилцон, хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, Франц-Хятад, Европ-Хятадын харилцаанд хүч сэлбэнэ гэдэгт итгэж байна. “Нэг бүс нэг зам” санаачилга маш чухал бөгөөд, түүнд Францын тал идэвхтэй оролцох болно. Мөн Хятад улстай хамт цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хамтдаа тулгарч буй сорилтуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэхэд Францын тал бэлэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал маань хоёр орны харилцаанд чухал нөлөө бүхий арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
http://mongol.cri.cn/news/hot/256/20180109/75498.html
URL: