Буурин дээрээ 30 жил эргэлдэж буй нийслэлийн нийтийн тээвэр

15154881215a54837980df8Улаанбаатар хотод өдөр бүр 600-700 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Зоорь мэт хүйтэн, зогсох зайгүй хүнтэй нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур хүн дэндүү олон. Нийтийн тээврийн үйлчилгээ нь ийм болохоор хүмүүс хувийнхаа дөрвөн дугуйтаар хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ.  Замын түгжрэлийг өдөөж буй хүчин зүйлмйн нэг нь энэ.

Тэтгэврийн насны нэг хөгшин: “30 жилийн өмнө намайг залуу байхад нийтийн тээвэр яг ийм байсан. Зүү орох зайгүй хүнтэй, халаалтгүй хүйтэн байсан. Энэ хэдэн дарга нэртэй нөхдүүд юуг ч өөрчилж чадахгүй юмаа” гэв.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар энд ярих илүүц биз. Тамхи зууж утсаар  “буу халсан” жолооч нь хүн биш мах ачсан мэт огцом хурдалж, гэнэт зогсох байдлаар хөлийн тэнцвэр, гарын шөрмөсийг тань шалгана. Хагас сая хүн мөнгөө төлөөд халдварт өвчний голомт руу харайн орохыг Улаанбаатараас харж болно. Нүүрс мэт гялтайх суудлын бүрээс, хэзээ мөдгүй тасарч мэдэх хиртэй оосор, бариулууд нянгаар баялаг гэдэг нь эргэлзээгүй. Ажил, гэр, хичээл, сургуульдаа нийтийн тээврээр зорчдог хагас сая хүний зовлон үүгээр дуусахгүй.

Ажил тарах цагаар Улаанбаатар хотын автобусны зогсоолууд “Зах” аятай болно. Хагас болон бүтэн цагаар нийтийн тээвэр хүлээсэн хүмүүс зогсоол дээр автобус ирэх үед хурд, хүчээ үзнэ. Товчхондоо тэнд “Ширэнгийн хууль” үйлчилнэ. Хэн хүчтэй, хэн хурдтай нь автобусанд амжиж сууна. Харин бие, бялдар тааруу, нас сүүдэр өндөр нь дараагийн автобусыг хүлээн дүн өвлийн хүйтэнд хоёр хөлөө хавсарч зогсоно. Нийтийн тээвэрт багтаж шингэхийн төлөөх энэхүү тулаанд нас, хүйс, арьс өнгө хамаарахгүй. Үндсэн хуулийн заалт адил хэнийг ч ялгахгүй. Ахмадууд автобусанд сууж чадалгүй үлдэх нь таны хэдэн настай чинь хамаагүй тулаан шударга боллоо гэсэн өнөөх ширэнгийн хуулийг сануулна.

Саяхан МУБС-ийн буудлаас Нэгдүгээр хороолол орох гэж 2 цаг замд түгжирэхдээ нийтийн тээвэрт зорчиж буй ахмадууд хоорондоо хөөрөлдөхийг сонсов. Тэтгэврийн насны нэг хөгшин 30 жилийн өмнө намайг залуу байхад нийтийн тээвэр яг ийм байсан. Зүү орох зайгүй хүнтэй, халаалтгүй хүйтэн байсан. Энэ хэдэн дарга нэртэй нөхдүүд юуг ч өөрчилж чадахгүй юмаа гэв. Гэтэл түүний хажууд зогсох бас нэгэн ахмад: үгүй дээ, хоёр зүйл өөрчлөгдсөн. Нэгдүгээрт тасалбар хураагчгүй болжээ. Хоёрдугаарт малгай шүүрэхээ байжээ гэлээ. Болдогсон бол УИХ-ын гишүүдийг нэг автобусанд чихээд зогсохын нь зогсоогоод, суулгахын суулгаад төв замын түгжрэл дунд явуулах юмсан. Хүн зөрөх зайгүй, зоорь мэт хүйтэн орчинд хоёр цаг байлгах юмсан гэх утгатай яриа тэнд өрнөв. Ахмадууд цөхөрчээ. Уг нь тэдэнд үнэгүй үйлчилдэг ховорхон үйлчилгээний нэг юмсан.

Нэг сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдэд одоогийн байдлаар 952 автобус үйлчилж байна. 2500 нийтийн тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрлэдэг болчихвол иргэд буудал дээр автобус хүлээж зогсох шаардлагагүй болж би настай хүн, чи залуу хүн, одооны хүүхдүүд… зэрэг үгсийг хоорондоо шидэж сандал булаацалдахаа болих юм.

Өнгөрсөн онд АСЕМ-ын уулзалтад зориулж зээлээр авсан цоо шинэ 43 автобус тоос шороонд дарагдсан байдалтай байгааг шүүмжилсэн мэдээ цахим орчинд түгсэн. Нэгэнт зээлээд авчихсан юм чинь нийтийн тээвэрт ашиглах саналыг гаргах хүн ч олон байсан. Харамсалтай нь БНСУ-аас 5.5 сая ам.долларын зээлээр авсан 43 автобус нь Улаанбаатар хотод зорчигч тээвэрлэх боломжгүй. Учир нь дээрх автобусууд нэг хаалгатай. Тухайн үед автобус худалдан авсан төрийн түшээд иргэд нь автобусанд чихэлдэж явааг  хараагүй бололтой юм.

Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажиллах ёстой төрийн захиргааны байгууллага бол Нийслэлийн тээврийн газар. 88 албан хаагчтай энэ газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагуудад хяналт тавьж, соёлтой, сахилга баттай үйлчилгээг иргэдэд хүргэхийг шаардах эрхтэй. Хагас сая хүний эрхийг төрийн өмнөөс хамгаалж, тээврийн үйлчилгээг  боловсронгуй болгох үүрэгтэй уг газрын үйл ажиллагаа дэндүү чамламаар байна. 30 жил өнгөрөхөд өөрчлөгдсөн зүйлгүй байна гэж ахмадууд шүүмжлээд байгаа нь үүний нотолгоо.

Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж байлаа гээд анзаарагдаггүй, байхгүй байлаа гээд үгүйлэгдэхээргүй ийм нэг албан газарт 88 хүн  амар сайхан жаргаж, хүлээсэн үүрэг, хариуцсан ажилдаа ахиц өөрчлөлт гаргаж чадахгүй суугааг  юу гэх вэ.

Г.Дугар

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих