Ц.Батдорж: Улаанбаатар хотын хөрсний бохирдол хэрээс хэтэрч өвчин үүсгэж байна

Манай улс хөрснийхөө усыг ашиглаж эхлэхээр зэхэж байна. Дэлхий нийтээр цэвэр усны нөөц хомсдож буй өнөө үед нойлын усаараа ундныхаа цэвэр усыг урсгачихдаг Монгол шиг үрэлгэн улс гэж тэр болгон байхгүй болжээ. Хөрсний усыг ашиглах судалгааны ажлыг хариуцан хийж буй “Монхидроконстракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдоржтой энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Цэвэр усны нөөц хомсдож байна. Усны хомсдолтой үед хөрсний усыг ямар зориулалтаар дэлхий нийт ашиглаж байна вэ?
-Өнөөдөр дэлхий нийтэд цэвэр цэнгэг усны нөөц хомсдсон. Хүн ам өссөнөөс усны хэрэгцээ ихсэх, хүний үйл ажиллагаанаас шалтгаалж цэвэр усны нөөц хомсдож байгаа учраас цэвэр усаар хангах асуудал дэлхий нийтийн тулгамдсан асуудын нэг болсон. Манай улс тэр дундаа Улаанбаатар хотод усны хомсдол үүссэн. Усны нөөц хотын өнөөгийн хэрэглээг хангаж чадахгүйд хүрчихсэн. Усны хэрэглээ улам нэмэгдсээр байна. Гэр хороололд булаг шандны усыг хэрэглэж байсан нь өнөөдөр
түүх болон үлдлээ.

Тэгэхээр цэвэр ундны усыг зөвхөн ундны усандаа хэрэглэх шаардлагатай болж байна гэсэн үг. Бусад хэрэглээ буюу газар тариалан, автомашин угаалга, үйлдвэрийн технологиийн хэрэглээ, нойлын ус зэрэгт ундны усны стандартаас доохнуурх усыг олборлож хангах хэрэгтэй болсон. Энэ бол эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар. Хаа холоос цэнгэг цэвэр усаа татаж авчирчихаад тариагаа усалчих эсвэл, хажууд урсч буй хөрсний усыг боловсруулж тариагаа услах нь яаж ч бодсон эдийн засгийн болоод байгаль экологид ашиг тустай болж таарна.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр анх санаачилж инженерийн сэтгэлгээгээр хөрсний усыг ашиглах эх суурийг тавьсан. Зөвхөн цэвэр усаа ундны усанд хэрэглэдэг дэлхий нийттэй хөл зэрэгцэх дэвшилттэй ажлыг бид эхлүүлээд явж байна.

-Хөрсний усыг хэрхэн ашиглах вэ. Манай улсад урьд нь хөрсний судалгаа хийгдэж байсан уу?
-Хөрсний ус Улаанбаатар хотод энд тэндгүй бий. Тэгсэн хэрнээ хаана, ямар хэмжээтэй, бохирдлыг хэрхэн саармагжуулж ашиглах вэ гэдгээ огт мэдэхгүй байна. Энэ нь хөрсний усны судалгаа манайд хийгдэж байгаагүйтэй холбоотой. Хот хэт хурдан хөгжиж байгаатай холбоотойгоор гол ба хөрсний усны бохирдол зэрэг зарим шинэ асуудлууд үүсч байна.VII хороололд гэхэд хөрсний усанд автагдаж барилга байшин хагарч эвдэрсэн тохиолдол гарч байсан. Ханын материал, I хороололд мөн байдал ийм байна.

Хөрсний ус өвөлдеө хөлдөж овойчихдог. Хөрсний уснаас шалтгаалан гудамж болон суурьшлын бүсэд хүйтний улирал, гэсэлт ба борооны улиралд ихээхэн эвдрэл гарч байна. Байшин барилга хагарч, айлын цонхыг бүр давж усанд автсан тохиолдол хүртэл бий. Гадны өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөрсний усаа бүрэн судалчихсан, хөрсний усаа ундны усны дараах хоёрдогч хэрэглээнд ашиглаж байна. Хот анхнаасаа ерөнхий төлөвлөлтгүй дур зоргоороо явж ирсний хувьд Улаанбаатар хотын байгаль ихээхэн сүйдсэн тал бий.

Үнэндээ Улаанбаатар хотын экологи сүйрлийн байдалд хүрсэн. Хөрсний бохирдол хэрээс хэтэрч өвчин үүсгэх шалтгаан болж байна. Гэр хорооллын зарим айлууд жорлон ухах нүхгүй шахам болчихож. Ил задгай хаяж буй хог, жорлонгоос болж хөрсний бохирдол маш их үүсдэг. Хөрсний бохирдол салхи, тоосоор дамжиж агаарт дэгдэж халдварт олон өвчин үүсгэх эх суурь болж байна. Улаанбаатар хот бол хөрсний хамгийн их бохирдолтойд тооцогдоно.

-Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж болзошгүйг анзаарч хөрс¬ний усыг ашиглах, бохирдлыг нь сааруулах ажил эхэлсэн нь сайшаалтай байна. Хот төлөвлөлтөд анхнаасаа хөрсний усыг ашиглахыг яагаад тусгаж ирээгүй юм бол?
-Аргагүй шүү дээ. Хот төлөвлөлтөд анхнаасаа сая гарсан хүнтэй болно гэж тооцоолоогүй гэдэг. Бид чинь уулын орой дээр амьдардаг, цэвэр усны нөөцтэй гэсэн сэтгэлгээтэй явж ирсэн учраас хот төлөвлөлтөд хөрсний усыг ашиглах тухай ер оруулж ирээгүй юм билээ. Одооноос л эхлэн төлөвлөж эхэлж байна. Энэ ажлыг эхлүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг гэдэг нь үнэн. Одоо эхлүүлж буй боловч хэдхэн жилийн дараагаас эхлээд манай улс гадны улс оронтой адил хөрсний усаа ашигладаг болчихно шүү лээ.

-Одоо ажлын явц ямар шатандаа явна вэ. Хэзээнээс эхлэн хөрсний усыг ашиглах боломжтой вэ?
-Нээлттэй тендер зарласан. Хөрсний усны судалгааг манай “Монхидроконстракшн” ХХК, Германы “GAUFF” ХХК-тай хамтран өнгөрсөн 2011 оноос эхлүүлээд явж байна. Энэ бол богино хугацаанд хийгдчих судалгаа биш. Улаанбаатар хотод хөрсний ус ямар хэмжээнд байна вэ гэдгийг нарийвчлан судалж байна. Манайд 1600 худаг байгаа хэрнээ ямар чанарын усыг ямар тоо хэмжээгээр ашиглаж байгаа нь огт мэдэгддэггүй. Тиймээс судалгааг дэлхий нийтээр судалдаг орчин үеийн системийн дагуу нарийвчлалтайгаар эхлүүлсэн.

Нэг худаг байлаа гэхэд ямар гүн чулуулаг, хөрсөнд хэлбэлзэж байна вэ гэдэг бүгдийг нь судалж байна. Газар зүйн мэдээллийн автомат системээр бодолт хийж байна. Хэмждэг багаж маань гэхэд нарийвчлал сайтай, өөрөө бодолт хийдэг байх жишээний. Орчин үеийн нарийн багаж төхөөрөмж ашигласан орчин үеийн аргачлалаар тооцох юм. Энэ бол шинжлэх ухааны маш том ажил юм. Судалгааны зөв арга зүйгээс эхэлж байгаа болохоор манай улс үр дүнд хүргэхийн тулд цааш нь дэмжих хэрэгтэй.

-Цэцэрлэгт хүрээлэнд анх удаа хөрс¬ний усыг ашиглах болсон. Манайд хөрсний усыг хаана ямар байдлаар ашиглаж эхлээд байна вэ?
-Одоогоор зөвхөн Москва хорооллын урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн өнгөт усан оргилуурт хөрсний усыг ашиглаж байна. Энэ мөн Г.Мөнхбаяр даргын санаачилга. Г.Мөнхбаяр хотын дарга болсныхоо маргааш л энд хөрсний усыг ашиглаж цэцэрлэгт хүрээлэн байгуулчихъя гэж сэдэж байсныг нь санаж байна. Тэр цэцэрлэгт хүрээлэн хөрсний ус ашиглах анхны эх үүсвэр болсон. Одоо цаашид дэлхийн жишгээр явж байна.

-Хөрс ихээр бохирдож байгаа нь өвчин үүсэх магадлалыг үүсгэж байгаа гэдэг үнэн үү?
-Гэр хороолол ямар ч хяналтгүйгээр хүрээгээ тэлснээр Сэлбэ голын сав газарт түрэн орж ирсэн. Сэлбэ голоор хамгийн бохир ус урсдаг. Уух нь битгий хэл гараа ч дүрж болохгүй. Гэтэл манай хүүхэд багачууд зундаа сэлж байгаа нь өвчин тусах магадлал тун өндөр. Усан дотор хуурай чулуу байдаггүйтэй адил бохирдсон ийм орчинд эрүүл хүн гэж байдаггүй. Бид орчноо цэвэршүүлэх ёстой. Бохир орчинд эмнэлэг байгуулж, эм тариагаар нүдээд ч тус болохгүй. Юун утаа, агаарын бохирдол вэ. Түүнээс чинь илүүтэй аюул хөрсний бохирдол болоод байна.

Оршуулгын газрууд гэхэд усны эх ундарга, салхины дээр байрласан байна. Борооноос үүдэлтэй гадаргуугийн ус гэр хорооллын хогийг урсгадаг. Бохирдсон гадаргуугийн ус болон голын ус нь хөрсний ус руу нэвчдэг. Бохирдсон гадаргуугийн ус гол руу цутгах аюултай. Хөрсний усыг ашиглахын зэрэгцээ бохирдлоос сэргийлж чадна гэдэг утгаараа Нийслэлд үнэхээр хэрэгтэй ажил энэ юм. Хүн амын эрүүл мэндийг бодсон ч манайх зөвхөн судлаад зогсохгүй цааш нь зайлшгүй ажил хэрэг болгох ёстой.

-Цэвэр усны сан бохирдсон гэдэг мэдээлэл сонсогддог. Энэ хэр ортой вэ?
-Зуны цагт худгандаа удах, айлуудын хэрэглэж буй сав суулга, булаг шанд бүгд зэрэг олон нөхцөл байдлаас болж бохирдож байгаа байх аа. Өнөөдөр Нийслэлд агаар нь бохир. Хөрс нь бохир. Ус нь бохир. Ийм орчинд хүн яаж эрүүл саруул байх вэ.

-Хөрсний усыг ашиглахдаа орчин үеийн ямар технологиор ашиглах вэ?
-Эхний ээлжинд хөрсний усыг ямар хэмжээтэй, ямар чанартай гэдгийг тогтоож судлах ёстой. Хөрсний усыг арвижуулж, бохир нянг устгаж худаг байгуулах журмаар шийдвэрлэж болно. Өнөө үед өндөр үнэтэй шинэ техник технологийг нэвтрүүлж байж эрүүл орчинг бүрдүүлж чадна.

-Одоогийн байдлаар танай судалгаанд хичнээн төгрөг зарцуулагдсан байна вэ?
-Хоёр жил гаруй судалгаа явуулахад 2.4 тэрбум төгрөг зарцуулагдлаа. Газрын зураглалын судалгааг бүрэн гаргаж дуусгаагүй явна. Манайд судалгааны дөрөвхөн цэг бий боловч ийм том талбайд цөөхөн цэгээс судалгаа явуулах боломжгүй юм. Улаанбаатарт 28 хэсэг газарт өрөмдөж хэмжлээ. Нарийн тоо хэмжил зүйг зөв гаргаж ирэхийн тулд ингэж нарийвчилж үзэж байгаа хэрэг. Хөрсний ус судлах судалгаа ямартаа ч шинжлэх ухааны үндэслэлтэй явагдаж байна. Манайхан чинь хөрсний ус байна гэж яриад байгаагаас биш нарийвчилсан үнэлгээ гэж огт алга. Олон нийтийн эрх ашгийн тулд учраас олон нийт бас дэмжих ёстой шүү. Бид ойрын хугацаанд цэвэр орчинтой болж чадна гэдэгтэй итгэлтэй байна.

Б.ДОЛ3ОДМАА niislel times


URL:

Сэтгэгдэл бичих