МИАТ-ийг хувьчилчихсан юм биш биз
“Mongolian Airlines Group” хэмээх шинэ авиа компани ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос орон нутаг, бүс нутгийн чиглэлд тогтмол болон захиалгаар нислэг үйлдэж эхэлнэ гэсэн том том реклам сурталчилгаа харагдах боллоо. Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цоо шинэ авиа компани байгуулагдсан юм болов уу гэтэл үгүй ч юм шиг. Энэ компани чухам хэрхэн байгуулагдсан нь тун сонирхолтой байна.
Учир нь МИАТ-ийг Mongolian Airlines гэдэг шүү дээ. Гэтэл энэ нэрийн ард ердөө “групп” гэдэг үг нэмээд л шинэ компани гараад ирнэ гэдэг эргэлзээтэй. Жишээ нь, нэг өглөө босоод ирэхэд “Аэро Монголиа Групп” гэсэн шинэ компани байгуулагдчихсан байвал бөөн маргаан болно биз дээ. Ямартай ч МИАТ ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Г.Түмэнжаргалаас шинэ авиа компанийн талаар лавлахад “Манайхтай огт хамаагүй. МИАТ бол төрийн өмчит компани. Харин “Mongolian Airlines Group” хувийн компани” гэсэн тайлбар өгсөн юм.
Гэхдээ зарим нэг зүйл дээр “Mongolian Airlines Group” гэх шинэ авиа компанийг МИАТ-аас өрх тусгаарласан компани, эсвэл МИАТ-ийн шинэ хувилбар гэж харахаас аргагүйд хүрч байгаа юм. Яагаад гэвэл шинэ компани үйл ажиллагаагаа яг одоо биш, 1956 онд эхэлсэн гээд байгаа. Тэгэхээр энэ олон жил оршин тогтносон ганц авиа компани нь МИАТ шүү дээ. Тодруулбал, 1956 оны эхээр ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болсон байдаг. Энэ нь Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд гарсан том дэвшил байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын иргэний нисэхийн салбарын түүх нь МИАТ-ийн түүх гэсэн үг. Гэтэл шинээр байгуулагдаж байгаа гэх “Mongolian Airlines Group” компани бас энэ түүхийн эзэд болох гээд байгаа нь тун ч сонирхолтой. Түүнчлэн “Mongolian Airlines Group”-ийн http://www.mongolianairlines.com/ цахим хаяг нь одоохондоо ашиглалтад ороогүй бөгөөд facebook-тээ “Манайх албан ёсны бүртгэлтэй. Монголын нисэх хүчин 1956 онд анх АН-2 агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн ба Монголиан Аэрлайнес Групп 100 хувь хувьцааг эзэмшдэг юм” гэж бичжээ. Энэ нь МИАТ-ийн түүхтэй яв цав таарч байгаа бөгөөд чухам юуны 100 хувь хувьцааг эзэмшдэг болох нь тодорхойгүй.
Энэ бүх эргэлзээтэй мэдээллүүд “МИАТ-ийг чимээгүйхэн хувьчилчихсан юм биш биз” гэсэн хардлага төрүүлж байна.
Ч.Дашдэлэг time
URL: