ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭДЭГ МИКРО АВТОБУС ШАТЖЭЭ
Өнгөрсөн мягмар гаригт (2017.12.26) Төв аймгийн Баянчандмань суманд хот хооронд байнгын хүн тээвэрлэдэг 58-09 улсын дугаартай Hyundai Istana маркийн автомашин шатжээ. Оройны 20:00 цагт болсон энэ ослын үеэр золоор хүний амь нас эрсдээгүй болохыг Замын цагдаагийн газраас мэдээлэв. Ослыг харсан хүмүүсийн хэлсэнээр тухайн үед жолооч зорчигч тээвэрлэхээсээ өмнө дэлгүүр орсон байна. Гэтэл машиных нь кабинаас хар утаа суунаглаж, гал авалзжээ. Дэлгүүрийн ойролцоо байсан хүмүүс унтраахыг оролдсон боловч чадаагүй, 21:00 цагт машин үнс нурам болсон аж. Машин шатсан нь цахилгааны доголдлоос болсон гэж эх сурвалж хэлж байгаа юм.
Хүйтний улиралд жолооч нар машинаа халаах гэж гал, цог зэргийг тависнаас болж автомашин нь шатах тохиолдол цөөнгүй гарах болсоныг онцгой байдлынхан анхааруулж буй. Мөн автомашины хөдөлгүүр дээр галт шатамгай даавуу, эсгий зэргийг тавьснаас болж ханлуун янданд дулаалга нь ноцож гал авалцдаг байна. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчигчдын аюулгүй байдлыг анхаарч байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.
URL: