“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр: Хайр сэтгэлийг мөнгөөр худалдаа л авчихдаг

Монголын алтны магнат болсон эрхэм бол яахын аргагүй Ц.Мянганбаяр юм. Түүний амрагийн асуудал хэвлэл мэдээллийн байнгийн сэдэв болж ч явдаг нэгэн. Түүний “Сэрүүлэг” сонинд 2009 онд өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргье.
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хувийн амьдралын талаар багагүй шуугиан дэгддэг. Гэвч Ч.Мянганбаяр захирал хэвлэлд энэ тухай ярилцлага өгөх нь тун ховор. Манай сурвалжлагч “Монгол газар” компанийн захирал Мянганбаяртай уулзаж түүний бизнес хувийн амьдралын талаар ярилцсан юм.

Монголын алтны компанийн эзэд Лондонгийн бирж дээр хувьцаа гаргаж зарж байгаа гэдэг мэдээлэл сонсогдоод байгаа. Та хувьцаа гаргасан уу?
-Хөрөнгийн бирж, хувьцаа гэдэг маш том зах зээл. Гэхдээ одоохондоо манайх хувьцаа гаргаж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд арай эрт байна. Манай компани саяхан Францын компаниар үнэлгээ хийлгэсэн. Ганцхан орд газрыг нэг сая унац алттай гэж тогтооход л дэлхийд нэртэй “JP Morgan” компани хувьцаа гаргая гэдэг санал ирүүлсэн. “Golpman SACHS” компани “Монгол газар” компаниас алт худалдаж авъя. Хөрөнгө оруулъя гэдэг хүсэлт ирж байна. Ер нь хувьцаа гаргана гэдэг хүнд юмаа арилжиж байна л гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулалт хийж өөрсдөө гар хөлөө хөдөлгөж ажиллах хэрэгтэй. Одоогоор хувьцаа гаргах бодолгүй байгаа.

-УИХ-аар батлагдсан гэнэтийн ашгийн татварын тухай хууль алтны компаниудын эздийг багагүй бухимдуулсан. “Олон компани дампуурахад хүрнэ” гэж байсан ч бүгд л хэвийн ажиллаж байна шүү дээ.

-Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн нэг л их гоё уриа гаргадаг. Спирт, архи, ундаа, жүүсний үйлдвэрийг л манай үндэсний үйлдвэрлэгч гэж ойлгодог. Гэтэл Монголд ашигт малтмал, хөдөө аж ахуй хоёр улс орны эдийн засгийг нуруундаа үүрч явах нь тодорхой болчихоод байгаа шүү дээ. 1990 оны тэр хямралын үед Эрдэнэт, Говь хоёр л Монголыг тэжээсэн гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн хэдэн жил алтны үнэ жаахан өсөж, хэдэн үйлдвэр хөл дээрээ зогсох гэж ядаж байхад нь л төр боомилж унагах алхам хийсэн. Эцсийн эцэст үнэтэй тоног төхөөрөмж авч, олон хүн өндөр цалинтай ажиллуулж байгаа монголын хэдэн компани ийм их татвар төлж байж яаж ашигтай ажиллах юм бэ? Гэтэл Монголд ирээд алт унаж байгаа “Бороо gold” гэхэд ямар ч татвар төлөхгүй байна. Урдаас тогтвортой байдлын гэрээ гэдэг цаас шидчихээд сууж байгаа байхгүй юу. Энэ хууль Монгол улсын иргэдэд хууль адил тэгш үйлчилдэггүй гэдгийг энэ хууль харуулж байна. Жишээ нь ноолуурын үнэ өсөхөд малчдаас гэнэтийн ашгийн татвар гэж авдаггүй биз дээ. Яагаад алтны үнэ өсөхөд хэдэн компаниа татвараар дарамтлаад байгаа юм бэ? Бид илүү идэж, илүү баяжчих гээд хүмүүсийг айлгаад байгаа юм уу?

-Гэхдээ алтны компаниуд газрыг хайр найргүй ухаж хаядаг. “Монгол газар” ч ялгаагүй гэж бухимдах хүмүүс олон л байдаг шүү дээ?
-Уучлаарай. “Монгол газар” 2006 онд БОЯ-наас хамгийн сайн нөхөн сэргээлт хийсэн компаниар шалгарсан. Та нар очоод үзэцгээ. Нутгийн ардууд ч хэлээд өгнө. Яахаараа муу л бол арын овоохой гэдэг шиг юм л бол Мянганбаяр, Монгол газар руу дайрч байдаг юм бэ?

-Монголын цөөн хэдэн томоохон бизнесмэнүүдийн тоонд та яах аргагүй  багтдаг. Таны бодлоор манай орны бизнесийн орчин хөгжил ямар шатанд байна вэ?
-Манайд бизнесийн эрхзүйн орчин байгаа. Гэхдээ төр засгийн нэгдсэн бодлого бизнесийн орчин алга. Монгол улсад хоёрхон ирээдүйтэй салбар байдаг. Уул уурхай, хөдөө аж ахуй ойрын 30 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно. Гэтэл манайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого алга. Тийм учраас улс нь ч ядуу, хүмүүс нь ч ядуу амьдарч байна. Дотоодын үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого байвал зүгээр. Гэтэл манайх үндсэн хуулиндаа үүнийг заачихаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөөд, тогтвортой байдлын гэрээ болон бусад хөнгөлөлтүүдийг хийгээд өгчихдөг. Жинхэнэ үндэсний үйлдвэрлэгчдэд ямар ч хөнгөлөлт байдаггүй татвараа 100 хувь төлөөд явдаг юм. Авилгал өгөхгүй бол ажил явдаггүй ийм муухай нийгэм болчихсон. “Бороо gold” манай уурхай хоёр адилхан алт үйлдвэрлэдэг. Тэгтэл “Бороо gold” татвар төлдөггүй л байхгүй юу. Хэдийгээр байгалийн баялаг төрийн өмч ч гэсэн энэ баялгаас ард түмэн хүртэх ёстой.

-Танай компанийн ажилчид дотроос санал гомдол их гардаг юм билээ. Цалингаа гурав, зургаан сараар өгдөггүй, хангамж муутай гэх мэтчилэн таагүй яриа чих дэлсээд байсан?
-Уурхайн ажилчдын дундаж цалин 500, 600 мянга байдаг юм. Өнөөгийн уурхайн жижиг компаниудын хувьд бага цалин гэж бодохгүй байна. Цалингаа сар сардаа өгөхгүй бол ар гэр нь яаж амьдрах юм бэ. “Бороо gold”-д ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь манайд ажиллаж байгаад гарсан хүмүүс байдаг. Тийм хүмүүс л худал цуурхал тараасан байх.

-Таныг ажилчдын байраа банкны зээлэнд тавьсан гэсэн. Тэгэхээр нэг өдөр л тэр хүмүүс орон гэргүй болох уу?

-Ажилчдын байр тэр хүмүүсийн өмч биш шүү дээ. Манай байгууллагын өмч хөрөнгө учраас хаана яаж ашиглахаа бид мэднэ. Хий дэмий тийм хөрөнгө сул байлгаж байснаас аль ашигтайгаар нь ашигласан нь зүйтэй байх. Хэрвээ олон жил сайн ажиллавал тэр хүмүүст байрыг нь өгөх бодолтой л байдаг.

-Уурхайн ажилчдаа дээр үеийн боолын нийгэмд амьдарч байгаа юм шиг харьцдаг гэсэн. Ямар шалтгаанаас болж ингэж хэрцгий ханддаг юм бол. Та энэ тал дээр бодож үзсэн үү?
-Манай залуучууд их хэцүү. Зав л гарвал архи уучихна, зарим нь алт хулгайлна. Ийм нөхдүүдэд эхлээд анхааруулж хэлнэ. Дахин давтвал зодож, халуун наранд гарыг нь модноос хүлээд өдөржин зогсоож шийтгэдэг юм. Ингэж мах цусанд шингэтэл ойлгуулж өгөхгүй бол хэлээд нэмэргүй байдаг. Энэ хүмүүсийг чинь шууд халчих хэцүү. Ажилдаа сайн бас авгай хүүхдээ тэжээх зорилготой орж ирсэн болохоор асуудалтай байдаг л даа. Аливаа бизнес заавал хяналт шалгалт, дүрэм журам байх ёстой. Ерөөсөө ардчилал гэдгийг “хуулинд захирагдсан эрх чөлөө” гэж би ойлгодог юм.

-Монголын сор болсон хүүхнүүдээр чимж явсан үе ч байдаг. Гэтэл ойрд таныг насанд хүрээгүй жаахан охинтой орооцолдсонд хүмүүс ам муутай байна лээ?
-Би Гонконг яваад ирэх хооронд ийм цуурхал тарсан байна. Болдын “Захидал” дууны клипэнд тоглосон 15 настай жаахан охинтой ор дэрний асуудалтай гэж зарим хэвлэлээр гарсан байхыг олж хараад их л цочсон. Тэр охиныг таних ч үгүй юм билээ. Яагаад ийм яриа гараад байгааг ч ойлгохгүй юм даа. Би хайр дурлал, сэтгэлийг мөнгөөр худалдаж авахыг хүсдэггүй. Мөнгөөр худалдаж авч болдог юм байна, болохгүй ч юм байна.

-Хүний анхны амьдрал хэзээ ч мартагддаггүй сайхан дурсамж, харууслаар дүүрэн байдаг шүү дээ. Эргээд бодоход ямар санагдах юм. Анхны эхнэртэйгээ болон хүүхдүүдтэйгээ уулздаг биз дээ?
-Уулзалгүй яахав. Одоо эхнэр маань бас өөр хүнтэй суугаад үр хүүхэдтэй болсон. Сайхан дурсамжууд зөндөө бий. Хүний л амьдрал юм чинь алдаж онох юм их байсан. Одоо ингэж яриад дэмий байлгүй. Амьдралдаа алдаагүй эр хүн байхгүй байхаа. Тэгэхдээ би хэзээ ч хүн чанараа алдахгүй гэдгийг л хэлмээр байна.

-Таныг нэр холбогдож явсан хүүхнүүдээс топ модель Пүрэвсүрэнд их ам сайтай гэдэгсэн?
-Пүүжээ их ухаантай бүсгүй л дээ. Өөр юу гэхэв дээ. Би бүсгүйчүүдийг их хүндэтгэж, дээдэлж явдаг. Би чинь ээжтэй, эхнэртэй, охинтой хүн болохоор энэ хүмүүс шигээ л бодож явсан минь заримдаа алдаа болж байсан юм. Бид нар сайхан найзууд бие биедээ туслаж дэмжиж явдаг.

-Уучлаарай. Та сая “би хэзээ ч хүн чанараа алдахгүй” гэж ярилаа. Гэхдээ Пүрэвсүрэн танаас салсныхаа дараа “Би Мянгаагийн гэрээс охиноо тэврээд, хэдэн хувцсаа боож аваад л гарсан” гэдэг яриа өгсөн байсан?

-Пүрэвсүрэн залуу хүн. Дахиад шинэ амьдрал зохионо. Олон хүн дотор амьдарна. Тиймээс би тэр хүний талаар элдэв муу үг унагаад баймааргүй байна. Мэдээжээр гэр бүл салахад ганцхан хүний буруу байхгүй. Би л ганцаараа болж бүтэхгүй байсан юм биш. Тэр хүнтэй ханилж үр хүүхэдтэй болчихоод юу ч үгүй хоосон явуулчихсан ч юм байхгүй. Бид хоёрт тохирсон ярьсан зүйл бий. Би эр хүн. Хүний үг болгоны араас хэрүүл хийгээд “Би тийм юм өгсөн, тэр тийм юм авсан” гэж ярих утгагүй биз дээ.

-Та одоо тогтож суурьшсан амьдралтай болох цаг болсон юм биш үү? Мянганбаяр дандаа л саллаа нийллээ гэдэг үгнээс залхахгүй байна уу?

-Мэдээж дотроо бодож л байна. Гэхдээ хүний санаснаар болохгүй зүйл олон байна шүү дээ. Миний ажил урагштай, бүтэмжтэй байгаа. Хувийн амьдрал маань бүтэлгүйтэх тохиолдол гарч байна. Бүх юм тэгш байх албагүй. Хэзээ нэг цагт хувийн амьдрал тэгшрэх байлгүй дээ.

-Та жаахан хүүхэд биш шүү дээ. Олон хүүхнүүдтэй нэр холбогдохоос залхахгүй байна уу? Хувийн амьдралаа бүтэлгүйтэхэд та өөрийгөө буруутгадаггүй юм шиг санагддаг?
-Мэдээж миний буруу байгаа. Тэглээ гээд би хувийн амьдралаа олонд дэлгээд байхыг хүсдэггүй. Би хүн болгоны уншчихаад чулуудчихдаг ном биш. Үр хүүхдээ бодсон ч, эмэгтэй хүнийг бодсон ч олон зүйл яриад байх шаардлагагүй гэж үздэг. Намайг олон юм ярьдаггүй болохоор сонин хэвлэлийнхэн санаанд орсон хүн болгонтойгоо холбоод бичээд байдаг болчихож. Бүр сүүлдээ Болдын клипэнд тоглосон хүүхэн болгонтой холбох бололтой. Би чинь хүн шүү дээ. Болдыг авъяастай, маш их хөдөлмөрч хувийн зохион байгуулалт сайтай учраас дэмждэг. Ивээн тэтгэдэг.

-Та Болдыг 100 хувь ивээн тэтгэдэг хэрэг үү? Та хоёрын дунд ямар нэг бизнесийн гэрээ хэлцэл байхгүй гэж үү?
-Байхгүй. Би ямар ч ашиг хардаггүй. Хааяа ч гэсэн юм болгоныг зоосны нүхээр харахаа боль л доо.

-Та Дизайнеруудын холбоог ивээн тэтгэдэг. Тэнд сонгуульт ажилтай хүн. Гэвч “Гоёл” наадмыг Мянганбаярын эхнэрийг тодруулах гэж зохиодог гэсэн онигоо хүртэл гарчихсан байна билээ?
-Манайхан үнэхээр юмыг сайхнаар харж чадахаа больчихож. Энэ инээдэм биш шүү. “Гоёл” наадам олон жил зохиогдож байгаа маш том арга хэмжээ. Эндээс олон сайн дизайнер төрж гарсан. Тэдний “Гоёл”-д түрүүлсэн загвар хамгийн өндөр үнээр үнэлэгддэг. “Гоёл” наадмаас төрж гарсан загвар өмсөгчид Монголын нүүр царай болоод, реклам клипэнд тоглоод бүгд л сайн сайхан амьдарч байгаа. Үүнийг үгүйсгээд ганц хүний хувийн амьдралтай холбоод сууж байна гэдэг утгагүй арга ядсан л зүйл.

Сэрүүлэг сонин
2009 он.


URL:

Сэтгэгдэл бичих