Ж.Хунан: Хүн бүр хуулийн хамгаалалтад байж, үр шимийг нь хүртэх ёстой

527-1514163467216820-30102017-1509327396-1722055697-khunan_huulichdiin_holboonii_erunhiilugch

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Төр, эрхзүйн ухааны магистр Ж.Хунанг урилаа.

ХУУЛЬ АЛЬ НЭГ БҮЛЭГ БИШ ИРГЭН БҮРИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Монгол Улсын хөгжлийн гарц бол өдөр тутмын амьдралыг зохицуулж, иргэдийн эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоодог хууль гэж хардаг.
Өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг дүгнэхэд хуулийн хэрэгжилт сул  байна. Хууль хүн бүрт тэгш хүрч,  хуулиар олгосон боломжийг иргэн бүр ашиглаж чадаж байна уу. Хамгийн гол нь иргэн хуулийн давуу талыг ашиглаж чадаж байгаа эсэх эргэлзээтэй. Энэ асуудал бүх салбарт хамаатай.
Хууль тодорхой бүлэг биш иргэн бүрийн хөгжлийг бий болгосон нөхцлийг бүрдүүлж чаддаг болсон цагт Монгол Улс хөгжинө. Өөрөөр хэлбэл, хууль иргэн бүрийг хамгаалж, хүн бүр хөгжих ёстой.  Ардчилсан нийгэмд шилжсэн 27 жилийн хугацаанд олон хууль өөрчлөгдөж,  шинээр батлагдлаа. Энэ өөрчлөлт нийгмийн харилцаа, бодит хэрэгцээ шаардлагыг зохицуулж чадаж байна уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Манай улс эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрөө батлаад 2008 онд мониторинг хийсэн. Ямар үр дүн гарсан бэ гэхээр тухайн үеийн шинэ харилцааг хуулиараа зохицуулах гэж оролдсон. Дутуу, хэрэггүй ч зүйл байгаа. Зарим хуулиуд нийгмийн харилцааг үнэхээр зохицуулж чадахгүй байгаа учраас тухайн үед нь сайжруулж, засч залруулаад явах хэрэгтэй. Манай улс хүн ам цөөн, нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам. Хүн амын суурьшил нягтаршилын хувьд нийслэлдээ тал нь ажиллаж амьдарч байгаа гээд онцлогтой. Жижиг суурин сум, тосгонд  хуулиар олгосон боломж, төрийн үйлчилгээ хүрэхгүй байна. Эрхээ эдэлж, боломжоо ашиглаж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байгаа юм. Үүнд чиглэсэн төрийн бодлого маш тодорхой байх ёстой. Хуульч хүний хувьд төрийн бүтэц, зохион байгуулалт оновчтой биш байна гэж харж байна. Аймаг, сумын төвийн иргэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байгаа нь төрийн бодлого оновчгүй байгаатай холбоотой.
НИЙСЛЭЛД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ЖУРАМ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ НӨХЦӨЛ БҮРДЭХГҮЙ БАЙНА
Боловсрол:
-1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III дунд сургуулийг төгссөн.
-1999-2005 онд Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургууль.
Мэргэжил:
-Хуульч
Ажлын туршлага:
-2001-2003 онд Унгар улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн
-2002 онд Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах
-2003-2005 онд Унгар улс дахь Монголчуудын холбооны гүйцэтгэх захирлын туслах
-2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн
-2016 онд Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааныхэлтсийн дарга
-2017 онд Хуульчдын холбооны ерөнхийлөгч
Гадаад хэл:
-Англи, Орос, Унгар
-Хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаж үнэлгээгээ сайн хийх ёстой. Наад зах нь  орон нутагт хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь түүнийг хэрэгжүүлэх механизм дутмаг байна. Тухайлбал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагч аймагт нэг байх жишээтэй. Тэр хүн бүх сумаар явж бодит байдалтай танилцаж хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж, хууль журам мөрдүүлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Хяналт тавьж дутагдлыг байнга засч сайжруулж байх ёстой байтал ганцхан хүн бүтэн аймгийг хариуцаж байгаа нь харамсалтай. Нөгөө талаас баталсан дүрэм стандарт нь зөвхөн нийслэл, хотод зориулагдсан. Ямар хүчин зүйлүүд орон нутагт нөлөөлж болох вэ гэдгийг бодож үзэх шаардлагатай. Сумын цайны газарт заавал паалантай бие засах газар байна гэж журамлах  боломж, хэрэгцээнд нийцэх үү.  Тиймээс нийслэл, орон нутагт ялгамжтай шаардлага тавих хэрэгтэй. Нийслэлд зориулсан хууль журам орон нутагт хэрэгжих нөхцөл боломж бүрдэхгүй байгаагаас хууль зөрчигч болдог. Иймэрхүү бодит хэрэгцээ, шаардлагыг харгалзаж хууль дүрмийг шинэчлэх хэрэгтэй. Гэхдээ төрийн байгууллага хууль зөрчигчийг хамгаалах ёсгүй.  Нийгэм хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр хүмүүсийн харилцаа улам боловсронгуй болж байдаг учраас тухай бүрт нь хуулийн зохицуулалтыг үе шаттайгаар хийгээд явах ёстой. Цаг хугацаа алдаж болохгүй. Хууль иргэдийг хамгаалах, шударга ёсыг тогтоох ёстой гэдгийг иргэд мэддэг. Гэвч бодит байдал дээр хүлээлтэд нийцэхгүй, хэрэгжихгүй байна. Гудамжинд шүлсээ, хогоо хаяж байгаа хүн байж л байна. Эндээс юу харагдаж байна гэвэл бодит нөхцөл байдлыг сайн судлаж тогтоогоогүйгээс хууль хэрэгжихгүй байна. Шинэ хууль баталж, зохицуулалт хийгээд байдаг ч дагаж мөрдөж байгаа иргэн цөөн. Хууль хэрэгждэггүй гэсэн иргэдийн хандлага ч өөрчлөгдөхгүй байна.
ХҮН БҮРИЙГ ХУУЛЬЧ БОЛГОХ БИШ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ БЭЛЭН БАЙЛГАДАГ СУВГИЙГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ
-Хэрэгтэй үед мэдээллийг бэлэн байлгадаг механизм дутуу байна. Иргэн бүр хуульч байх шаардлагагүй. Хууль шударга ёсыг тогтоогоод эхэлбэл хуулиа мөрдөх, хэрэгжүүлэх итгэл үнэмшил төрнө. Иргэдэд хуулийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх талаас нь байгууллага бүр өөрт хамааралтай үйлчилгээ, хууль тогтоомжийн талаарх сурталчилгааг хийж байна. Хүмүүс өөрт нь асуудал тулгарахгүй бол тоодоггүй. Хуульзүйн туслалцаа авч байгаа иргэдийн ихэнх нь анхан шатны мэдээлэл хүсч байна. Техник, технологи хөгжиж байгаа энэ үед хүн бүрийг хуульч болгох гэж сургалт, сурталчилгаа явуулах биш шаардлагатай үед нь хэрэгтэй мэдээлэл  нь бэлэн байдаг сувгийг бий болгох ёстой. Мэдээлэл, зөвлөгөөг энгийнээр хүргэх цахим мэдээллийн нэгдсэн сан байх хэрэгтэй. Тухайлбал, тэтгэвэр тогтоолгох талаарх бүх мэдээллийг шийдэж өгсөн байх хэрэгтэй.
Хууль сахиулах байгууллагуудыг хараат байна гэдэг. Хараат бус байдал өөрөөс нь эхэлдэг. Мэргэжил бүхэн үнэт зүйлтэй учраас аливаа байгууллага, мэргэжилтэн хараат бус байх бүрэн боломжтой. Институцийн хувьд хэн нэгний  хамааралтай буюу АТГ-ын даргыг хэн нэгэн томилдог учраас хараат байна гэж үзэх нь өрөөсгөл. Хараат, хараат бус байх эсэх нь тухайн хүнээс хамаардаг. Шүүгчийг Ерөнхийлөгч томиллоо гээд хараат байх албагүй. Энд нэг зүйл нь шүүгчийг томилоход Ерөнхийлөгч үндэслэлгүйгээр татгалздаг. Энэ нь шүүгчийн хараат, хараат бус байхад эргэлзээ төрүүлдэг. Уг нь шаардлага хангасан хүнийг Ерөнхийлөгчид өргөн барьж байхад шууд батламжлаад явуулах субьект. Тиймээс үндэс­лэлгүйгээр татгалзах зүйл байж болохгүй.  Цаашид институц хоорондын харилцааг зөв зохицуулж, хараат бус байна гэдэг агуулгыг тодорхойлж өгөх хэрэгтэй.
Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл сонгодог зарчмаар хэрэгжиж байна уу, бодитоор оршиж байна уу  гэдэг эргэлзээтэй. Энэ гурван эрх мэдэл бие биедээ хяналт тавьж, хязгаарлаж байдаг атал холилдсон. Өнөөгийн байдлыг харахад Ерөн­хийлөгчийн эрх мэдэл, хууль тогтоох гүйцэтгэх засаглал гэсэн холимог зүйл байна уу гэсэн дүр зураг харагдаж байна. Иргэн хөгжиж байж улс хөгждөг учраас иргэн хөгжих нөхцлийг хуулиар бий болгох ёстой. Одоо бол иргэд бухимдалтай, итгэл үнэмшилгүй амьдарч байна.
ХУУЛЬ ТОГТООМЖ ЧАНАРГҮЙ ГАРЧ БАЙГАА НЬ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО БАГА БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ
-Монголын хуульч­дын холбоо хамгийн түрүүнд хуульч гишүү­дийн­хээ эрх ашгийг хамгаалах, нэр хүнд үйл ажиллагааг таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Мөн хуулийн салбарын үйлчилгээг сайжруулахад анхаардаг. Тодорхой асуудлаар дүн шинжилгээ хийх, саналуудыг хууль тогтоогч нарт хүргэх байдлаар хууль тогтоох үйл ажиллагаанд орол­цож байна. Эрхзүйн шинэчлэлтэй хол­боо­тойгоор хэлэлцүүлэг хийж, гарсан зөвлөм­жүүдийг холбогдох байгуул­лагад нь хүргүүл­эг. Ер нь бол хууль тогтоомж чанаргүй гарч байгаа нь  хуульчдын оролцоо бага байгаатай холбоотой гэж харж байна. Үүнээс үүдээд хэрэгжилт дээр нь алдаа дутагдал гардаг юм болов уу. Хууль тогтоомжийг боловсруулах тусгай техник, нарийн ур чадвар шаардлагатай. Хуулийн төсөл бичихээс өмнө ямар судалгаа хийх. Үндэслэл хэрэгцээ шаардлага тооцооллыг яаж гаргаснаас нийгэмд үзүүлэх нөлөө чухал. Парламентад хуульч  гишүүн цөөхөн учраас үр дагаврыг тооцоолох, бичихэд ур чадвар нь дутдаг болов уу гэж хардаг. Мөн системдээ уялдаж, давхардал байх ёсгүй. Энэ байдлаас болж иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл алдарч байна.
Хууль боловсруулахад хуульчид, эрдэмтдийн мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй. Хөгжилтэй улс орнуудад бичигдээгүй хууль байдаг. Хууль тогтоох байгууллага буюу парламентад ихэвчлэн хуульч, эдийн засагч, дипломатууд, сэтгүүлчид байдаг. Эдгээр хүмүүс хууль тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Эдийн засагчид тооцооллыг нь, дипломатууд олон улсын харилцааг зохицуулдаг. Хуульчид бичилт, хууль хоорондын уялдаа холбоо  талаас нь анхаардаг бол сэтгүүлчид иргэдийн амьдралыг сурвалжилж асуудлын гүн рүү орж ажилладаг учраас олон талын мэдлэг, мэдээлэлтэй байдаг гэнэ. Манайх  бол харин  эсрэгээрээ.
Хуульч хүнд юуг болох, болохгүйг тогтоосон дүрэм, журам бий. Нийгмийн эмгэг өвчнийг хууль тогтоомж, эрх ашгийг нь хамгаалах замаар засдаг. Тэр хэмжээгээр өндөр ёсзүйтэй байх учиртай. Хуульчдын ёсзүйн асуудлыг тусгай дүрэм, журмаар зохицуулдаг. Шударга ёс, хүний эрх эрх чөлөөг ямар ч тохиолдолд хамгаалж, тэмцэх үнэт зүйлтэй.  Хуульчид жилд 32 цагийн сургалтад хам­раг­дах үүрэгтэй. Энэ мэтчилэнгээр хуулчдын байнгын бэлтгэл, мэдлэг ур чадварыг дээшлүүлж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих