Х.Баттулга & С.Эрдэнэ буюу намын аквариум дахь Ерөнхийлөгч
АН-ын дарга С.Эрдэнэ ууртай явна. Өнгөн дээрээ сайхан инээмсэглэл тодруулавч үнэн хэрэгтээ Төрийн тэргүүнтэй дээр, доороо булаалдаад тун завгүй байгаа гэнэ.
Ядаж байхад намын Ардчилсан Залуучуудын холбоогоо хүртэл Х.Баттулгад, цаашлаад МоАХ-нд алдчихав. “Алтангадас”-ынхнаас булааж авсан эрх мэдэл нь бага багаар эмхэрч, ширхэг ширхгээр үйрч байгаа нь тэр.
Өнгөрсөн сард болж өнгөрсөн АЗХ-ны сонгуулиар Р.Амаржаргал гишүүний туслахаар олон жил ажилласан АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Акмурат, мөн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ гэхчлэн залуучууд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Гэвч эцсийн мөчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нараас бусад нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, нэрээ татсан. Өнгөн дээрээ залуучууд эвдрэлцэлгүй, нэгэндээ амжилт хүсч байгаа дүр төрх тодровч хөшигний ард МоАХ, Шонхор гэх хоёр фракцийн төлөөлөл үлдэж, бусад нь дарамт шахалт, хөрөнгө мөнгөний хүчинд сүүдэрлэгдэж нэрээ татсан гэх яриа тархсан юм.
Үнэхээр ч Харвард төгссөн, хуульч С.Эрдэнэболдыг Ерөнхийлөгчийн зүгээс, тодорхой хэлбэл, МоАХ-ноос түлхүүрдэж, хөрөнгө, хүч хаясан. Нэгэн үе Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн багт ажиллаж байсан тэрбээр “эзэн”-ээ сольсонд нь цөөнгүй хүн дургүйцлээ илэрхийлж байна. Харин Б.Болор-Эрдэнийн тухайд “Голомт” банкинд ажиллаж байсан бизнесмэн гэх намтартай ч өдгөө намын толгойд байгаа “Шонхор” гэх шошготой. Хэн хэн нь мэдлэг боловсролтой, ах нарынхаа ирээдүйг залгамжлах залуучууд.
Гол нь залуусын ард Х.Баттулга, С.Эрдэнэ гэх хоёр эрхмийн зодоон явагдлаа. Хэдийгээр Ардчилсан намын толгойд Шонхор сууж байгаа ч хөл гарыг нь МоАХ бага багаар мэрж эхэлсэн нь энэ. “Алтангадас”-ынханд чөдөрлөгдсөн байсан Ардчилсан намыг гартаа оруулахын тулд З.Энхболд юу эсийг тууллаа даа. Тийм атал хөлөө МоАХ-д алдчихвал “Алтангадас” гудас болсон шиг тавилан “Шонхор”-ынхонд тохиож тэнгэрт биш газарт дэвхрэх өдөр ирнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, С.Эрдэнэ тэргүүтний ноёрхол унаж, эрх мэдэл хумигдана.
Ийм аймшигт өдөртэй золгохгүйн тулд С.Эрдэнэ чадлаараа зүтгэж явна. Гэвч дэргэд нь хэсэг суусан Ц.Туваан хүртэл зайгаа барьчихлаа. Үнэндээ ч МоАХ малгайтай Ц.Туваан өнөөдрийг хүртэл тэнд суусан тэвчээрийг нь үнэлмээр. Харин Төрийн тэргүүний дэргэдээс З.Энхболд хэзээ явах бол.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гурван ч асуудалд хориг тавьсныг эрх баригчид төдийгүй олон нийт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын үйлдэл гэж харж байгаа. Үнэхээр ч Ерөнхийлөгч жүдочдыг шагнаж байх зуур З.Энхболд ар хударгаар нь хориг тавин, өрөг нүүж байх шиг. Ямартаа хоригийг хэлэлцэх бүрт хэн тавьсныг тодруулж, З.Энхболдын амыг татаж чангаах болсоор улс төрийн үйл явдал өрнөх болсон. Хачирхалтай нь, ямар ч алдаа мадаг гаргадаггүй, өрсөлдөгчдөө өөлж, баалах зай үлдээдэггүй Зэ санаатай, санамсаргүй хийдэл гаргах болсон нь анхаарал татна. Ямартаа хамгийн сүүлийн хориг дээр “Алдаа гарсан байна, засаад уншчихаарай” гэх байдлаар тоомжиргүйтхэв.
Түүний энэ үйлдэл Төрийн тэргүүнийг муухай харагдуулж байгааг тэрбээр хамгийн сайн мэдэж байгаа. Тийм атал Зэ алдаа гаргах нь юуных вэ. Төрийн тэргүүний анхны томилгоо З.Энхболд байсан нь тохиолдлын хэрэг байгаагүй бөгөөд хоёр фракцийн тохиролцооны үндсэн дээр хийгдсэн ажил гэдэг хэнд ч тодорхой. Тэгвэл энэ тохиролцоог Ерөнхийлөгч эргэн харах шаардлага үүсэв бололтой.
Дэгсдүүлж бодсон нэгэнд З.Энхболд МоАХ-ны удирдлагыг дэргэдээс нь хянаж, амьд “камер” хийж байгаа бол С.Эрдэнэ орон нутгийг “Шонхордох” ажиллагааг дааж авсан нь энэ. Дээр нь намын дэргэдэх байгууллагуудыг ч мөн базах үүрэг хүлээсэн бололтой. Үүний эхлэл нь намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоо. Харамсалтай нь МоАХ-нд алдсан ч тэргүүн дэдээр нь Б.Болор-Эрдэнийг томилох тохироогоо хийгээд амжсан байна билээ.
УИХ, Ерөнхийлөгчийн марафоноос хойш дотооддоо сонгуульдаж, гишүүдээ халаасны хэмжээгээр нь эрэмбэлж, хөрөнгө мөнгөний чинээгээр нь албан тушаал зааж өгч байгаа дотоод сонгуульд “Алтангадас”-ынхан ажиглагчийн үүрэг гүйцэтгэх болсон.
Үргэлжлэлийг
Нийгмийн шуудан сонин
URL: