Монголын хөлбөмбөгчид дэлхийн чансаанд 12 байраар урагшлав
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ шигшээ багуудын чансаагаа ахиулж 187 дугаар байрт бичигдэж эхэллээ.
Үндэсний шигшээ баг анх удаа ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр Тайванийн шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн нь дэлхийн чансаа ахихад нөлөөлсөн.
“Талын хөх чононууд” энэ онд анх удаа ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр тоглолт хийсэн. Үүнээс гадна Мьянмарын 21, 23 хүртэлх насны шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж, Индонез улсад болсон “Цунами цом” тэмцээнд оролцохдоо Кыргызстан, Индонезийн багуудтай хүч үзсэн. Үүнтэй холбоотойгоор шигшээ багийн чансааг ахиулах албан ёсны тоглолтууд оролцох үндэсний шигшээ багийн 2018 оны төлөвлөгөө гараад байна.
Мөн МХБХ ирэх жилүүдэд дээрх жишгээ хадгалж үндэсний шигшээ багаа албан ёсны тэмцээн уралдаануудад оролцуулан бусад насны шигшээ багуудын хамтаар хилийн чанадад бэлтгэл хийлгэн, туршлага суулгах нөхөрсөг тоглолтуудад оролцуулна.
Тэгснээр 2022 оны ДАШТ-ий эрхийн тэмцээнд оролцох зорилго тавин ажиллаж байна. Гэсэн ч МХБХ-ны шинэ удирдлага шигшээ багийнхаа амжилтад анхаарч ажилласны үр дүнд 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан манай шигшээ 2 жилийн дотор чансаагаа 187 хүртэл ахиуллаа.
Шигшээ багийн чансаа ахисны дараа үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Шигшээ багийн чансаа улам ахисаар байгаа нь тун сайн хэрэг. Энэ нь МХБХ шигшээ багуудаа маш сайн дэмжин ажиллаж байгаагийн илрэл. Хэдийгээр бид энэ жил хожил авч, гайхалтай тоглолт олон үзүүлээгүй ч цаашид жилийн дотор дэлхийн чансаагаа 150 хүртэл ахиулах боломж бий гэдгийг бид ойлгосон. Бид жил ирэх тусам туршлага сууж, бие бялдар болон сэтгэл зүйгээ бэлдэж 2019 онд болох ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцох зорилгоо биелүүлэхийг хүсэж байна.” хэмээлээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо шигшээ багийнхаа амжилтад анхаарч 2017 оны 3-р сард үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “UEFA Pro” зэрэглэлтэй Хан Майкл Вайссыг томилсоны эхний жилийн үр дүн дэлхийн чансааг 18 байр урагшлуулсан явдал байлаа.
Майкл Вайсс дасгалжуулагчтай үндэсний шигшээ багийн бүх тоглогчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагчдад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ МХБХ-ны бодлогыг дэмжиж ажилласан “Эрчим”, “Улаабаатар сити”, “Атлетик 220” “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Хоромхон” клубүүдүүд талархал илэрхийллээ.
У.Бадамцэцэг | GoGo.mn
URL: