Хүний зовлонг хүн ойлгодоггүй
“…Хүний мууг сонсоод баярлаж байвал чи өөрийгөө хүн биш болсон байна гэж мэд” гэж үг бий. Хүн чанараа гээсний эцсийн хэмжүүр юм л даа. Гэвч энэ үг өнөөдөр монголчуудын дийлэнхэд цохилт болж сонсогдохоо больжээ. Хүний мууд дурлана гэдэг манайхны зүгээр л хийдэг ажил нь болчихож. Үүнийгээ мэдээлэл солилцоо гэж гоёчилно, тааруухнаар бол хов гэлцэнэ.
Сүүлийн үед Монголыг хэрсэн цахим сүлжээг үүндээ ихээр ашиглах болжээ. Түүгээр хэн нэгнийг намнаж, нэр төрийг нь харлуулна. Тэр нь ямар ч баримт нотолгоогүй байх нь элбэг. Харагдсан, сонсогдсон эхний мэдээлэлд хөтлөгдөөд гүйчихнэ. Тэгсэн атал нөгөөх нь бүх хүнд хүрч, цаашаа давалгаалах жишээтэй. Ийм мэдээлэл дээр тоглогчид хүмүүсийн сонирхол буюу нөгөөх адын, хүний мууг үзэх хүсэл дээр дөрөөлсөн учраас тэр. Ийм зүйлд дагуулагч, турхирагчид сүүлийн үед нэртэй устайгаа ч яригдах болов. Тэд өөрсдийнх нь дөвийлгөж, тараасан мэдээллийг дэмжихгүй бол сэтгүүлчдийг ч зүхэж, элдвээр дууддаг болсон байна. Дээр өгүүлсэнчлэн хүнээ байсан этгээдүүд олон нийтийн сүлжээнд “хүний муу”-гаар хоол хийдэг дон тусчихжээ.
УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг бол Монголдоо нэртэй улстөрч, бизнесмэн. Нэгэнт улс төр хэмээх хатуу дэвжээнд гарсаных тэрээр хараал зүхэл, хатуу шүүмжлэлийг ханатлаа сонсч яваа нь мэдээж. Тэгвэл хэд хоногийн өмнө төрсөн охин нь цахим сүлжээнд өөрийн ярианы бичлэгийг цацаж, түүнийх нь мөрөөр мэдээллийн шуурга дэгдэж одоо ч үг яриа гарсаар байна. Охины бичлэг нийгэмд дуулиан тарьж, цахим ертөнцийнхнийг арзагануулсан нь тэр. Тэр бичлэгтэй холбоотой байр сууриа илэрхийлээгүй хүн ч үлдсэнгүй. Эгээ л сэг зэм дээр цугласан махчид шиг асуудлыг тойрч хэмлэлдэв. Улстөрд орсон цагаасаа том, жижиг “муна”-аар гөвшүүлсээр ирсэн Д.Ганхуяг ч барьц алдаж эхлэв бололтой. Ямартаа л “…Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй байгаасай гэж хүсч байна” гэж нийтэд хандаж хэлэхэв дээ.
Ингэлээ гээд “нийгэм” дуугүй болсонгүй. Улам илүү гуагчив. Охины нэр зааж хэлсэн, хэлээгүй хүмүүсийг ч давхар яллаад эхлэв. Тухайлбал, “…Хар даа, хүчиндэгч энэ байна” гээд гэмгүй залууг чичилж, амьдралд нь хар толбо суулгаж орхисон тухай ч яригдаж байна. Харамсалтай нь тэр залуус нь “…Өө биш байж” гэж мянга залруулаад ч нэмэргүй, энэ давалгаанд цохиулдгаа цохиулчихсан, нэр хоч зүүчихсэн.
Эндээс нэг л зүйл харагдаж байна. “…Хүний олон хүнээ барьдаггүй” гэж ямар ч үйл явдлаас сэдэвтэй юм, нэг үг бий. Түүн шиг хэн нэгэн “хүнээ байсан” нөхөр энэ асуудлыг барьж аваад дуугарахтай зэрэг доор нь хэдэн зуугаараа сэтгэгдэл бичиж шуугидаг. Тэр нь бас л “хүнээ байсан” үгнүүд байх аж. Олон хүн өөрийг нь хараад таньдаг болсон нэгэн хүртэл “…Үйлийн үрээ эдэлж байгаа юм” гээд бичиж байх жишээтэй.
Д.Ганхуяг гэдэг хүн мөнгөтэй бизнесмэн, нэртэй улстөрч байж болно. Гэхдээ охинтой нь холбоотой асуудал дэгдсэн ийм үед түүнийг гоочлох шалтгаан яагаад эд хөрөнгө, улстөрд өнгөрүүлсэн он цагтай нь холбогдоод байна вэ. Яг үнэндээ Д.Ганхуяг бидэнтэй л адил. Гэр бүлдээ хайртай өрхийн тэргүүн, охиндоо хайртай аав хүн. Бидэнд тохиолддог айл гэрийн асуудал түүнд ч бас тохиолддог байж таарна. Айл бүхэн, гэр бүл болгон дандаа инээд хөөрөөр бялхаж байдаггүй. Д.Ганхуягийнх ч мөн адил. Хамгийн гол нь охиных нь ярьсан зүйлийг сонссон ямар ч эцэг хүн Д.Ганхуягийг ойлгохоор байгаа юм. Эцэг хүний хувьд яаж шаналж байгааг олонх нь төсөөлж л байгаа байх. Хэрэв өнөөдөр надад, эсвэл танд ийм асуудал тулгарсан бол яах байсан бэ. Тэрийг хэн ч таашгүй. Маш том зовлон гэдэг нь л тодорхой. Харин Д.Ганхуяг олон нийтийг хүлээцтэй байгаач гэж гуйлаа. Ер нь бол түүний зовлон хэн нэгэнд очоод наалдчихгүй. Тиймээс тэднийг зүгээр орхиж болохгүй гэж үү. Тэртэй тэргүй хянадаг, шалгадаг хуулийн байгууллагууд байна. Тэд энэ асуудалд анхаарлаа хандуулсан гэдгээ мэдэгдлээ. Цагдаа ч мэдээлэл өглөө, прокурор ч энэ тухай ярилаа. Энэ хангалттай биш гэж үү. Энэ бүхний эцэст нэг л зүйлийг хэлмээр санагдаж байна. Юу гэвэл хүний зовлонг хүн ойлгодоггүй юм. Д.Ганхуягийн зовлонг бид бүгдээрээ ойлгохгүй. Тиймээс хүнээрээ байгаагаа мэдрээд, дуугүй л байцгаая.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: