Баян-Өлгий аймагт бэлчээрээ булаацалдсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Айл сахалт амьдарч буй малчид бэлчээрийн маргааны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг саяхан Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд гарсан талаар аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Энэ сарын 8-ны өдөр 20 цагийн үед Улаанхус сумын зургадугаар багийн нутаг дэвсгэр «Хүйтэн хөтөл» гэх газарт оршин суудаг тус сумын зургадугаар багийн иргэн К-г мөн багийн иргэн Х толгойн дагз хэсэгт модоор цохиж амь насыг нь хохироожээ. Хэргийн хохирогч болон үйлдэгч хоёулаа дөч орчим насны иргэд байна.
Уг асуудлаар аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Бэлчээрийн маргаанаас үүдэлтэй зодоон үүсгэсэн, бие биенийхээ биед янз бүрийн гэмтэл учруулсан хэрэг тус аймгийн Цэнгэл, Алтай, Дэлүүн, Ногооннуур сумдад ч хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна.
Дээрх гэмт хэрэг, зөрчлүүд гарахад айл сахалт амьдарч байгаа болон төрсөн ах дүү нар бие биенийхээ эрхийг хүндэтгэдэггүй, хуулиа дээдэлдэггүй, иргэдийн бэлчээр, нийтийн эдэлбэр газар ашиглах, эзэмшихтэй холбоотой хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлсөн хэмээн аймгийн Прокурорын байгууллагаас дүгнэжээ.
Ө.Нурболат
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: