“Password” бол интернетийн хамгийн найдваргүй нууц үг
«Password» бол интернетэд өргөн хэрэглэгддэг нууц үгнүүдээс хамгийн найдваргүй нь хэвээр байна. «SplashData» компаниас хамгийн сүүлд хийсэн судалгааны дүн үүнийг нотолжээ. Өнөөдөр интернэтээр асар их хэмжээний мэдээлэл дамжиж байгаа нөхцөлд хүмүүс хувийн мэдээ баримтууддаа хайхрамжгүй хандаж байгаа нь аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Янз бүрийн компани хамгийн өргөн дэлгэрсэн ба зохисгүй нууц үгүүдийн цэсийг 20 жилийн турш зохиож ирсэн. Энэ завсар эдгээр нууц үгс бараг шинэчлэгдээгүй гэж хэлж болно.
Password,123456, qwerty iloveyou, 111111 гэх зэрэг нууц үгүүдийг хэрэглэсэн хэвээр байгаа аж. Энэ нь сэтгэлзүйтэй холбоотой гэж Оросын «1-С-Битрикс» компанийн ерөнхий захирал Сергей Рыжиков үзэж байна. «Хүмүүс маш олон сайтад өөрсдийгөө бүртгүүлдэг. 30-40 сайтад бүртгүүлээд энгийн нууц үг олохыг хичээдэг. Хожим нь түүнийг солиход хэцүү. Хүмүүс эдгээр нууц үгийг хэрэглэж, түүнийг хэн ч мэдэхгүй гэж боддог нь сэтгэлзүйтэй холбоотой асуудал» гэж тэрбээр ярьжээ.
Энгийн нууц үгийг тайлахад амархан. Иймээс интернэт дэх хувийн мэдээлэл, баримтууд алдагдах аюул бий болж байна. Америкийн «Imperva» компанийн хийсэн судалгааны дүнгээс харвал, хакерууд энгийн амархан нууц үг бүхий аккаунтыг хоёрхон секундийн дотор задалж уншдаг байна. Олон нийттэй харилцах сүлжээ буюу сайтуудад халдах үед, олон мянган аккаунтыг 15-хан минутын дотор тайлна. Сүүлийн үед янз бүрийн сайтыг зохиогчид хэрэглэгчдийн хайхрамжгүй хандлагатай тэмцэж эхэлжээ. Жишээ нь, нууц уг анх хэрэглэхэд «сайн», «муу», «нарийн», «энгийн» гэх мэт үнэлгээ өгдөг болсон байна.
Банкуудад нэмэлт хамгаалалт шаардагдаж байгаа учир цахим зурвасаар явуулсан нэг удаагийн нууц үг хэрэглэдэг. Эдгээр арга хэмжээ нь кибер гэмт хэргийн аюул гаарсан өнөөгийн нөхцөлд зөв зохистой ч тэдгээрийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж С.Рыжиков хэлжээ. «Нууц үг бол хамгаалалтын олон хэрэгслийн нэг юм. Гэвч нарийн түвэгтэй нууц үг ч тагнах ажиллагаанаас хамгаалж чадахгүй. Нууц үг бичих үед компьютерээс хулгайлж мэднэ. Аюулгүй байдал бол цогц арга хэмжээ, шийдвэр билээ. Интернэт дэх эрсдэлийг ухамсарлаж, юунаас эмээх, мэдээллийг хаанаас хулгайлж мэдэхийг ухамсарласан хүний мэдлэг боловсрол аюулгүй байдлын нэгэн элемент болсон юм. Ийн мэдлэг дунд сургуулийн боловсролын хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох ёстой» гэж тэрбээр ярьсан байна.
Эрсдэлтэй энгийн нууц үг хэрэглэх нь хувь хүний төдийгүй пүүс компанийн мэдээ баримтуудад халтай. Иймээс Өрнөдийн компаниуд ажлын компьютеруудынхаа системийн хамгаалалтыг улам сайжруулжээ. Ажлынхаа компьютерт ажиллахын тулд тухайлбал, USB нууц үг хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: