ТОМУУГИЙН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД
СОНГИНЫ ӨТГӨРҮҮЛСЭН ШҮҮС
Нэг том сонгиныг жижиглэж хэрчээд, 50 гр бор элсэн чихэр эсвэл мөсөн чихэртэй хольж хэдэн цаг амраана. Ингээд тунасан шүүснээс нь өдөрт 4-6 цайны халбага ууна.
НИМБЭГНИЙ ШҮҮС
Нэг нимбэг буюу лимоны шүүсийг буцалсан халуун усанд шахаж бага зэрэг зөгийн балаар амтлан 150 гр-аар өдөрт 3-5 удаа ууна.
ШАР ДЭР ЦЭЦГИЙН НАВЧИН ЦАЙ
Хоолой сөөсөн үед шар дэр цэцгийн навчийг 200 мл буцалсан усанд хийж 15 минут хандлаад хоёр цаг тутамд хоолойгоо зайлаарай.
ХАЛУУН УСАНД СУУХ
38 хэмийн халуун усанд 10 минут суухад үе мөчний өвчинг намдааж, хамрын нус гоожихыг намжаадаг. Гэхдээ халуурч байвал халуун усанд сууж болохгүй.
ААРЦ БУЦАЛГАЖ УУХ
Аарц буцалгаж, зөгийн бал, эсвэл элсэн чихэртэй халуунаар нь уугаарай.
ДАВСНЫ УУСМАЛ
Нэг цайны халбага давсыг нэг литр буцалсан бүлээн усанд хийж сайтар хутгана. Уусмалыг пипетткээр хамранд 3-5 дуслыг өдөрт 3-4 удаа дусаана.
БАЛЖИНГАРАВ ЦЭЦЭГ, ГАА, ГАВАРНЫ ТОСООР ХАМАР, ХООЛОЙГОО УТАХ
Хоёр литр ус буцалгаад гааны тос болон ганга цэцгийн ногоон навчны тос хэдэн дусал дээр нь хийнэ. Мөн балжингарав цэцгийн ханд хийгээд толгойгоо нүүр гарын алчуураар бүтээгээд савтай усныхаа дээр хамар, амаараа гүн амьсгалж 10 минут утаарай.
АДУУНЫ МАХ
Адууны махыг чанаж, тосыг нь шүүсэн шөлийг сармистай уух, эсвэл аарцтай хольж ууж болно. Мөн хонины мах, сармис, перецтэй битүү шөл уух.
ТАХИАНЫ ШӨЛ
Ханиад хүрсэн үед тахианы шөл дархлаа дэмжиж, халдварыг намжаадаг, тахианы шөлөө лууван, ногоон сонгино, сармис, яншуй, жууцай зэргээр амтлана.
ЦАГААН ГААНЫ ХАНД
Хоёр см орчим цагаан гааг хэрчиж 0,5 литр буцалсан ус дээрээс нь хийж хандална. Амттай болгоё гэвэл зөгийн бал, жүржийн шүүс нэмж болно.
URL: