Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар Б.Хурцын талаар гомдол гаргажээ
Төрийн ордонд яг одоо БНСУ-ын элчин сайдаар томилогдохоор зэхэж буй Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнийг тус албан тушаалд томилогдохыг эсэргүүцэж, УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд уг нээлттэй хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар Өргөдлийн байнгын хороонд 10 гаруй иргэнээс гомдол иржээ. Тэдний дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаа аж. Тодруулбал түүнийг тагнаж, чагнасан гэх дуулиан өнгөрсөн долдугаар сард дэгдсэн. Энэ талаарх хэрэг ил болсоныхоо дараа хууль хяналтынхан түүнийг өөрөө өөрийгөө тагнасан хэмээн мэдэгдэж, хэд хэдэн хүнийг баривчилсан.
Мөн үүнээс хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх болон Б.Баатар нарын утасны яриа дэлгэгдсэн. Тухайн үед энэ асуудлаар найруулагч Б.Баатар Прокурорын Ерөнхий газарт хандаж байсан ч Тагнуулын Ерөнхий газрынхан уг бичлэгийг цацсан хэмээн хардаж буйгаа нуугаагүй. Тэгвэл тус асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан байжээ. Түүнчлэн гомдол гаргачдын дунд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар байгаа аж.
Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарыг гадаадын иргэнээс их хэмжээний мөнгө авсан хэрэг бичлэгтэйгээ цацагдсан. Уг хэргийг өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, С.Ганбаатарт 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол хүлээн авсан хандив болох 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаарх бичлэгийг Тагнуулын Ерөнхий газраас хийж, олон нийтэд тараасан, гүтгэсэн хэмээн гомдолдоо дурдсан байна.
Б.Өрнөх
http://www.24tsag.mn/content/158192.shtml
URL: