БИТКОЙН МӨНГӨ МӨН ҮҮ?

140306175711-bitcoin-satoshi-nakamoto-620xaБиткойны дэлхийг шуугиулж байгаа амжилт маш олон хүмүүсийг гүн бодолд оруулж байгаа нь баараггүй. Биткойн нь мөнгө үү? Хөрөнгө оруулалт уу? Технологи уу? Төлбөрийн хэрэгсэл үү? Улс бүр өөр өөрсдийн хууль журмуудаа гаргаж байгаа бөгөөд одоогоор бүгд янз бүрийн өнцгөөс энэхүү шинэ зүйлийг тодорхойлж байна.

Энэ асуултуудыг дагуулж өөр асуултууд ч гэсэн гарч ирж байна. Мөнгө гэж өөрөө яг юу вэ? Үнэ цэнэ гэж яг юу вэ? Энэхүү асуултуудыг ойлгож хариулж чадсанаар Биткойн нь өөрөө яг юу вэ гэдгийг ойлгоход арай хялбар болох юм.

“Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Чингис Хаан” гэдэг Жак Уэтерфордын бичсэн маш гоё ном байдаг. Монгол улсын түүхийг дэлхий нийтэд дан ганц байлдан түрэмгийлэл бус, арьс өнгөөр ялгаварлана гадуурхдаггүй, гаднын соёл болон шашин шүтлэгийг хүндэлдэг, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, урчуудыг дэмждэг, худалдаа наймаа чөлөөтэй, төрснөөрөө бус хийснээрээ тушаал дэвшдэг зэрэг эерэг талуудыг нь таниулж өгсөн ном. Энэ номонд Монголчуудын мөнгө болон худалдааны системийн тухай гардаг ч энэ нийтлэлийн гол сэдэв тэр биш юм.

Энэ номоосоо өмнө бичсэн Жак Уэтерфордын “Мөнгөний Түүх” гэдэг маш сонирхолтой ном байдаг. Энэхүү номд мөнгийг ийнхүү тодорхойлжээ.

“Мөнгө нь холио солиог хангах дундын биетээс гадна орчин цагийн соёлын төв цэг юм”
Мөнгө гэдэг зүйл бол хүн төрөлхтний хамгийн анх зохиосон хамгийн хүчтэй технологиудын нэг бөгөөд, энэхүү технологи нь хүн төрөлхтөнтэй хамт хувьсан өөрчлөгдөж байна. МЭӨ 9000-6000 жилийн хооронд мал аж ахуй, газар тариалан хөгжиж эхэлсэн бөгөөд аливаа юмны үнэ цэнийг тодорхойлохдоо ургамал, эсвэл мал ашигладаг байв.

Түүний дараа соёл иргэншлүүд таваар мөнгөний систем ашиглаж эхэлсэн байдаг. Таваар гэдэг нь мөнгө болгож ашиглаж буй тухайн зүйл нь худалдаа наймаанд хэрэглэж болохоос гадна өөр юманд мөн шууд хэрэглэх боломжтой тийм зүйлийг хэлнэ. Алт, зэс, будаа, тариа, үнэт чулуу гэх мэт зүйлс. Өнөө цаг үед ч гэсэн ихэнх улсад шоронгийн хоригдлуудыг тамхийг таваар мөнгө болгож хэрэглэдэг.

3000 жилийн өмнө одоогоор турк улсын газар нутагт хамгийн анхны зоос бий болжээ. Энэ бол мөнгөний хамгийн анхны том технологийн үсрэлт байжээ. Тухайн үеийн улс үндэстнүүд өөрсдийн технологийн хөгжлөөс хамаарч ямар нэгэн төрлийн металлаар зоос хийж эхэлсэн. Хүмүүс бүгд ойлгодог, итгэдэг дундын нэгжтэй болсноор худалдаа наймаа өргөжиж, мэргэжилтэн гэдэг зүйл бий болох боломжтой болж, хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжиж эхлэв.

2-дахь хувьсгал нь Европын сэргэн мандалтын эхэн үед Италид эхэлсэн байна. Энэхүү хувьсгал нь орчин цагийн банкны системийг бий болгосон бөгөөд энэ нь орчин цагийн үйлдвэрлэл, капиталист систем, болон өнөөдөр бидний хэрэглэж буй мөнгөний системийг бий болгосон гэж үзжээ.

Тэрбээр номынхоо эцэст хүн төрөлхтөн одоо 3-р үе шат буюу виртуал эдийн засгийн үе шат уруу шилжиж эхэлж байгаа бөгөөд энэхүү шилжилт нь дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрийг эхний хоёр хувьсгалын адилаар огцом өөрчлөнө гэж таамагласан байна. Энэхүү шинэ мөнгөний систем нь урьд өмнөхүүдээсээ хамаагүй хүчтэй төвлөрөх цэг болох бөгөөд хамаатан садан, шашин шүтлэг, мэргэжил, иргэншил гэдэг зүйлүүдээс илүү хүчтэй нийгмийн төвлөрлийг бий болгоно.
Энэхүү ном нь 1997 онд хэвлэгдсэн бөгөөд энэ үед Биткойн байтугай Фейсбүкийн ч сураг байгаагүй цаг үе. Гэхдээ Блокчейн гэдэг технологи бий болсноор энэхүү таамаг нь маш оновчтой болж хувирч эхэлж байна.

Тэгэхлээр мөнгө нь “Хүн бүр итгэдэг, худалдаа наймааг хангах зорилготой, нийгмийн төвлөрлийг дэмжиж бий болгодог технологи” гэдэг энэхүү тайлбартай Биткойн болон шинээр бий болж байгаа криптовалютууд нийцэж байна уу? Миний бодлоор нийцэж байна.

Үнэ цэнэ гэж юу вэ?

Үнэ цэнэ гэдэг бол хүн хүний хувьд өөр бөгөөд үнэ цэнэ гэдэг юм угаасаа огт байдаггүй гэж хэлж болно. Зарим хүмүүс уран зургийг хэдэн сая доллараар худалдаж авдаг. Зарим хүмүүс онлайн тоглоомон дээр муужгай хэдэн зуун мянган доллараар худалдаж авдаг. Зарим хүмүүсийн хувьд LV цүнх бол асар үнэ цэнэтэй. Зарим хүмүүсийн хувьд LV цүнх бол зүгээр л цүнх.

Мөнгө бол бүх хүний хувьд үнэ цэнэтэй. “Money is a shared hallucination” гэдэг үг байдаг бөгөөд үүнийг орчуулах юм бол “Мөнгө нь олуулаа нийлж нэгэн зэрэг хий юм харж байгаатай адил”. Нэг ёсондоо төгрөгний үнэ цэнэ нь Монголчууд хэрэглэж байгаад оршиж байгаа болохоос биш манай төр тэрхүү зүйлд баталгаа гаргаж байгаадаа бус юм.

Дүгнэлт

Биткойн бол мөнгө мөн. Биткойны үнэ цэнэ нь хүмүүс ямар үнэ цэнэ өгч байгаагаас шууд хамаарна. Мөнгөний 3-р хувьсгал ч гэсэн мөн. Мөнгө гэдэг нь өөрөө маш хүчтэй технологи бөгөөд одоогийн хувилбарыг нь төр нь иргэдээ дарлаж, баячууд нь ядуучуудаа ядуу байлгаж захирахад ашигладаг боллоо. Мэдээж би Монголын төрийг хэлээгүй шүү. Манай төр бол ёстой мундаг. Манай төрд бол ёстой тийм юм байхгүй. Манай төр бол чадварлаг, ухаантай. Тэр нийгэм нь ялзарч байгаа Зимбаб, Венесуэла, АНУ зэрэг орнуудын төрийг л хэлж байна. Манай төгрөг бол бэст.

Өмнө бид улсаараа нийлж зөвхөн төгрөг руу харж хий юм хардаг байсан бол өнөөдөр дэлхийн булан бүрд байгаа хэдэн сая залуучууд хамтдаа нийлж шашин шүтлэг, хил соёл, иргэншил, гарал үүсэл, нийгэмд эзлэх байр суурь үл хамаарч бүгдээрээ хамтдаа Биткойныг харж хий юм харж байна. Биткойн бол мөнгө мөн, гэхдээ манай зүгээс бол IOTA-д илүү итгэл хүлээлгэж байгаа.

Эх сурвалж: monbit.mn


URL:

Сэтгэгдэл бичих