Татварын хуульдаа өөрчлөлт хийж чадалгүй хар жагсаалт руу гулсав

po'i0Европын холбоо өнгөрсөн долоо хоногт оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Энэхүү хар жагсаалтад 17 орон багтсан бөгөөд тэдний нэг нь Монгол Улс байв. Мөн татварын системдээ реформ хийх шаардлагатай 40 гаруй орныг саарал жагсаалтад хамруулжээ. Бүтэн жилийн хугацаанд татварын системдээ өөрчлөлт хийхийг зөвлөсөн боловч ямарч дорвитой өөрчлөлт хийж чадаагүй учраас Монгол Улс ийнхүү хар жагсаалтад бичигдэх боллоо. Санаж байна. Түрүү жил саарал жагсаалтад бичигдэж, манай эдийн засагчид энэ жагсаалтад орж болохгүй гэсэн тайлбарыг олонтоо өгч байсныг. Гэвч тоосонгүй.

 

Мэдээж, “танайх саарал жагсаалтад орсон алдаагаа засахгүй бол хар жагсаалтад орно шүү” гэсэн анхааруулга Сангийн яам дээр ирсэн л байж таараа. Гэтэл борооны дараа цув нөмрөв гэгчээр одоо л хөдөлгөөнд орж, татварын хууль тогтоомжоо олон улсын эрх зүйн түвшинд нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг асуудлаар “Манай арилжааны банкуудад данстай гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэггадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгаа.Өөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байна гэсэн.Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид холбогдох нэмэлт судалгааг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Гэвч Европын холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийг багтаасан хар жагсаалтыг зарласан гэдгийг BBC мэдээлсэн байдаг. Тэгэхээр Сангийн сайд мэдээлэл дутмаг байна уу, эсвэл BBC худал мэдээлэл түгээсэн үү гэдгийг тодруулах шаардлага тулгарч байна. Ямартай ч манай түшээд, сайд нар “хар жагсаалтад орсон” гэх энэ асуудлыг хүндээр тусгаж авахгүй байхыг зөвлөж байгаа. Гэвч хар жагсаалтад орвол ямар үр дагавартай вэ гэдгийг хэн тайлбарласангүй. Харин ийм жагсаалтад орсон улстай харилцаа тогтоохдоо болгоомжлоорой гэсэн дохио гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл европын улсыг Монголтой шууд харилцаа тогтоохоос цааргалж мэдэх нөхцөл байдал үүсчихээд байна. Харин манай түшээд “сүртэй юм биш” гэж тайлбарласаар байгаа.

Хар жагсаалтад орсноор

“-Бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болдог.

-Эдийн засгийн харилцаа бүрхэг болж, санхүүгийн дэмжлэг хаагдаж эхэлдэг.

-Европын холбоонд элссэн орнууд дэмжлэг үзүүлэхээ зогсоодог.

-Европын орнууд руу хийж буй мөнгө, санхүүгийн гүйлгээ тутамд хяналт тавьж эхэлдэг” гэсэн тайлбар мэдээлэл интернетэд байна.

 

Одоо яах вэ? Бид чинь Хятадаас, Японоос зээл тусламж авах гэж байгаа гээд өнгөрсөн долоо хоногт мэдээллээд байсан биш билүү. Гэтэл эдгээр улсууд нь биднийг хар жагсаалтад оруулчихаад байгаа “Европын холбоо”-ны гишүүн орнууд байдаг. Битгий санаа зов гээд л бувтнаж байхаар татварын хуульдаа өөрчлөлт оруулаад, хар жагсаалтаас нь эртхэн гарах тухай бодвол яасан юм бэ.

 

 ҮНДЭСНТЭН.МН

URL:

Сэтгэгдэл бичих