“Боржгоны тал” айлын хашааны газарт олборлолт явуулж байна

12-12-2-550x300Ц.МЯГМАРБАЯР

“Боржигоны тал” хэмээх компани айлын хашааны газар худалдан авч хайрга, дайрга олборлож байна гэж Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэд манай сонинд хандсан. Өвөл ид дундаа орж уул уурхайн олборлолт зогссон энэ үед иргэдийн амгалан тайван байдлыг эвдсэн энэ байдал тэдний бүхимдлыг төрүүлээд байна. Хавраас эхлэн зун, намар орой болтол үргэлжилдэг хайрга дайрга ачсан автомашины чимээ, тоос шорооноос залхсан иргэдийн хувьд өвөл болоход түр зуур ч болов намждаг байтал энэ өвөл тийм биш аж. “Боржгоны тал” компани нь 2006 оноос эхлэн орон нутгийн хурлаас зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй, иргэдээс санал авахгүйгээр хууль зөрчин арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаар иргэд дүүрэг, Нийслэл, БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж утсаар ярих, биечлэн уулзах, албан бичиг илгээх зэргээр маш олон удаа ханджээ. Гэвч тус компанийн хууль бус ажиллагааг таслан зогсоож, арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Одоо тус компанийн ухах талбай тэлсээр уг хорооны 4-ын Б хэсгийн айл өрхийн дунд олборлолтоо явуулдаг болжээ. Улмаар ахуйн зориулалтаар эзэмшдэг айлын хашааны газрыг нь худалдан авч ухаж эхэлсэн. Нийс­лэлийн газар зо­хион байгуулалтын тө­лөв­лөгөөнд энэ газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах талаар  тусгаагүй байтал тусгай зөв­шөөрөлгүйгээр хайрга, дайрга олборлож байгаа хууль бус үйлдлийг хэн ч зогсоож чадахгүй байгаа нь харамсалтай. Аргаа барахдаа шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалах нэхэмжлэл гаргахад хүрчээ. “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” ТББ-аас 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд   “Боржгоны тал”  компани суурьшлын бүсэд худалдан авсан айлын хашаагаа дахин карьeрын зориулалтаар ухаж байсныг илрүүлжээ. Энэ байдлыг газар дээр нь видео бичлэг хийж баримтжуулсан байна. Энэ мэдээллийн мөрөөр “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” ТББ-аас  шалгалт хийж өгөхийг хүсч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяатай утсаар ярьсан ажээ. Харин Б.Алтантуяа байгаль орчны байцаагч Батад шалгалт хийх үүрэг өгчээ. Гэвч Баттай ярьсан боловч тэрээр дарга хуралтай, явах машин байхгүй гэсээр газар дээр нь одоо болтол очоогүй байна. Энэ тухай дарга Б.Алтантуяад хэлэхэд “Батад шалга гэсэн үүрэг өгсөн боловч ажлаа хийхгүй байна. Ажлаас нь халахаар болж байгаа. Түүнээс гадна Батад УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржоос бичиг ирсэнийг би харсан. Уг бичигт “Боржгоны тал” компанийг бүх талаар дэмжиж ажил гэсэн утгатай байсан” гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн XIII хорооноос сонгогдсон. Тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр хайрга, дайрганы компаниудын үйл ажиллагааг зогсоож өгнө хэмээн амлаж байсан бол ийнхүү амлалтаасаа ухарлаа. Нэг компанийн эрх ашгийг нийт сонгогчдынхоо эрх ашгаар сольж байгаад харамсаж байна гэж тус ТББ-ын тэргүүн Н.Оюунбилэг ярив.

Ер нь энэ нутагт 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн XIII хорооны шинэ суурьшлын бүсэд амьдарч буй иргэд хайрга, дайрганы компаниудын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд автаж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр ирсэн. Тоосжилтоос харшил, астма, бронхиттой бол­сон  иргэд нутаг орондоо амар тайван амьдрахад хүндрэлтэй болжээ. 2015 онд “Шинэ суурьшил- эрүүл аюулгүй орчин” ТББ-ыг байгуулж иргэ­дийнхээ эрх ашиг, байгаль орчны төлөө тэмцсээр ирсэн хэдий ч төр засгийн хүнд суртлын өмнө  хүчин мөхөстөж буйг тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Үүрийнжин ярьж байна. Хайрга, дайрга зөөж буй том оврын автомашины тоосжилт тэдний амьдрах орчинг сүйдлээд зогсохгүй, мал бэлчээрлэх, ногоо тарих газаргүй болсон. Компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж карьерийн нүхэнд хүн, мал унаж осолдох нь олонтаа тохиолдох болсон ч иргэдийн энэхүү хохирлыг барагдуулж нөхөн төлбөр төлсөн нэг ч байгууллага байхгүй. Их хотын бүтээн байгуулалтад зориулагдах барилгын материал болох хайрга дайрга олборлох нэ­рээр компаниуд хуулийн хүрээнд хариуц­лагатай уул уурхай эрх­лэхгүй байгаатай  олон жил нутгийн иргэд, ир­гэний нийгмийн бай­гуулагынхан тэмцсээр ир­сэн. Тэмцсэний үр дүнд  тоос их босдог замаа засуулсан. Зарим компанийн үйл ажил­лагааг зогсоож чадсан билээ. Харин “Боржгоны тал” компанийг зогсоож ча­­дахгүй байна. Тус компанийг үйл ажил­лагааг зогсоож өгөхийг  УИХ-ын гишүүн, ХЗДС-ийн сайд Ц.Нямдоржоос тэд шаардсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих