Хар тамхитай тэмцэх “Хөл, гар” манайд алга
Хар тамхинд нэг л орсон бол буцах замаа олоход хэцүү. Яг л ховх сорох намаг зүг чиг нь үл мэдэгдэх ширэнгэн ой мэт. Гэвч гэнэн томоогүй зан, дарвиу хөөрүү араншингаасаа болж нэг насандаа засч дийлэхгүй алдааг хийгсэд, хар тамхинаас хар там руу унаж тарчлагсад борооны дараах мөөг шиг олширсоор…
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээгээр 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83, 2016 онд 147 хэрэг болж өсчээ. Энэ гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь эрэгтэй, 20 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Тэдний 61.5 хувь нь 20-30, 31 хувь нь 30-40 насны хүмүүс байгаа бол боловсролын хувьд 51 хувь нь бүрэн дунд, 48.8 хувь нь дээд боловсролтой байгаа нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдэл түүний учир холбогдол, түүнээс үүдэн гарах эрсдэлийг мэдэх чадвар бүхий идэр насны, боловсрол, мэргэжилтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, бусдад уруу татагдаж байгаа нь асуудал болоод байна. Дээр нь Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлэх улсаас хэрэглэгч улс болох эрсдэл нэмэгдээр буйд л асуудлын гол нь оршиж байгаа юм.
Энэ оны эхээр ХЗДХЯ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр’’-ийг боловсруулж улмаар Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байдаг. Мөн Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.1- д “Иргэдийн терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулна”, 3.4.4.3-т “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлнэ”, 3.4.4.4-т “Нийгэмд эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.3-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан нь хар тамхи гээч хар тамтай тэмцэх Монгол төрийн бодлого тодорхой болсныг илэрхийлж байгаа юм. Гэвч хар тамхины хөнөөлт аюул нэмэгдсээр, нэрмэсээр.
Дэлхийн 127 орны цагдаагийн болон хар тамхитай тэмцэх албаны оролцсон “Үндэстэн дамнасан хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаахтай тэмцэх асуудал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох нь” сэдэвт ээлжит 33 дугаар хурлын илтгэлд тэмдэглэсэн тоон мэдээгээр сүүлийн жилүүдэд 40 орчим шинэ нэр төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс молекулын бүтцийг өөрчлөх замаар химийн урвалд оруулсан “Плакка”, “Молли” гэх ургамлын гаралтай бодис дэлхий даяар хурдацтай тархаж байгаа гэжээ.
Европын холбооны улс орнууд, Азид ICE буюу метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, кокаин, героин, метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, героин, кокаин, Төв Азид каннабисийн хэрэглээ өсч, улмаар хууль бус үйлдвэрлэл болон эмийн хэрэглээ нэмэгдсээр байгаа нь сэтгэл түгшээж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэссэн бөгөөд цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд БНХАУ- аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс (ICE) болон мансууруулах ургамлын гаралтай шавар (Hashish), ОХУ-аас сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.
Өөр нэг сэтгэл эмзэглүүлсэн мэдээ бол гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 126 иргэн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүнээс тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан нэг иргэн тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бол 2016 онд 18 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагджээ.
Чухам энэ бүхнийг шийдвэрлэж, хар тамхитай тэмцэх ажилд эргэлт гаргахад Засгийн газраас батласан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” чиглэж байгаа ч УИХ дээр ирэх оны төсөв хэлэлцэх үеэр хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв мөнгийг бас л баталсангүй.
Хөтөлбөр батлагдсан ч “хөл гар”-ыг нь ийнхүү төсөв мөнгөөр баглаж тушиж орхив. Нэг ёсондоо хар тамхи хэмээгч хар тамын хаалгыг хаахыг төрийн түшээд хүссэнгүй. Тэгсэн хэрнээ хар тамхи үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж орилолдох нь популист улс төрчдийн бодит төрх гэлтэй.
“ЦАХИМ СҮЛЖЭЭ ЗАЛУУСЫН ДАВАЛГАА” ТББ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: