Тусгаар тогтнолоо тунхагласан ордон үүдээ нээлээ
Хүний эрх, эрх чөлөөгөө хуульчилсан 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг монголчууд “Улс тунхагласны баяр” хэмээн зарлаж өдгөө 87 дахь жилээ угтлаа.
Өнгөрөгч бямба гарагт тохиосон уг баярын өдрөөр нийслэлийн төвд сүндэрлэсэн МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-ны хаалгыг нээж. МАН 90 жилийнхээ босгон дээр өлгийдөж авч буй тус ордныг “Өндөр буянт” компани, 150 гаруй ажилчдын хүчээр босгосон.
Нийт 12 тэрбумийн төсвөөр босно гэснээсээ хойш нам, орон нутгийн гишүүдээсээ мөнгө сааж нийт 14.6 тэрбум төгрөгөөр төсвөө тэлсэн 12 давхар зэгсэн байр сүндэрлэсэн нь ийнхүү үүдээ нээв. Тэртээ 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр иргэд, Монголын төрийн дунд “түймэр” асааж орхисон намын хуучин байрны туурин дээр сүндэрлэсэн тус ордноос дуулиан, шуугианы цуурай алсраагүй байна.
Учир нь энэ сарын 20-ны өдрийн 11.35 минутад тус ордны долоо, наймдугаар давхрааас гал дүрэлзсэн нь намын эрх мэдэлтнүүдийн дунд хар төрүүлж, хэн нэгнийг буруутган сэжиглэх сэтгэлийн гүн дэх утаа нь намжаагүй, уугисаар байна. Ийнхүү хэн нэгнийг буруутгахаа түр азнаж байгаа намынхны бодолд “нэг юм” бий дээ.
Тусгаар тогтнолын гэх ордны доор хараачлан зогсох мөчид “Түй, түй, муу ёр”, барилгын салбарт чанаргүй, монтаж, шугам сүлжээ нь найдваргүй, урд хөршийн материалаар босдог гэдгээрээ цоллуулдаг “Эко” констракшны байр өдгөө ч цахилгаан монтажнаасаа гэх шалтгаанаар галын оч үсэргээгүй байхад өдгөө мөнгө, хүн хоёрын хүчээр боссон МАН-ын байр цахилгааны утаснаас болж дахин галын аюулд өртөх нь ямар учиртайсан билээ гэх бодол төрснөө нуух юун. “Галын дөл өөдөө” гэдэг дээ гэх бодлоор өөрийгөө цагаатгаад орхие дээ.
Сонгуулийн балгаар шатсан байрны түүх бүдгэрч, шархалсан “зүрх”-нүүдийн гомдол арилаагүй тэртээ өдрүүд Тусгаар тогтнолын ордны хана, таазнаас нүднээ тодрох шиг ээ… Төр улс, түмэн олноо түвшитгэсэн Монголын гарамгай жанжин Д.Сүхбаатарын хөшөөгөөр гоёсон тус ордны тэргүүн дээдэд Монгол Улсын төрийн далбаа намирах нь гоёмсог байлаа. Төв аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчдийн хандив, монгол хүний ур ухаанаар жанжны энэхүү зэс, хөөмөл хөшөө ийнхүү сүндэрлэжээ.
Хан хуурын татлага, ном хийсгэх дуунаар жаврыг нь үргээж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд “Тусгаар тогтнолын ордон” хэдийгээр Монгол Ардын Намын харьяалалд байх хэдий ч олон түмний хөл хөдөлгөөн үл тасрах, эв нэгдэл, хөгжил дэвшлийн өргөө байх учиртай” гэснээр хаалга чөдөрлөсөн туузыг нь хайчиллаа.
Тус ордонд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрынхан болон намын дэргэдэх ТББ-ууд, “Нийгмийн ардчиллын хүрээлэн ” зэрэг газар төвхөөд байгаа аж. Будаг нь ханхалсан “тусгаар тогтнол” дунд өнөөдөр Монгол Ардын Намын ээлжит Бага хурал хуралдах юм.
URL: