Мэдлэггүй Монголчууд луйварчдын хамгийн хялбар бай болдог
-Өнгөрсөн долоодугаар сард фейсбүүкээр “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөх” гэсэн мэдээлэл тарж, уг зарын дагуу монголчууд бүртгүүлж, мөнгөө шилжүүлж байжээ-
Энэ долоо хоногийн эхээр Монгол Улсын иргэн Ц, Б нар гадны иргэдтэй хамтран нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг ашиглан хүмүүсээс их хэмжээний мөнгө залилж авсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа тухай мэдээллийг бид хүргэж байсан. Гэмт этгээдүүд өнгөрсөн сарын 17-ны өдрөөс 30-ны хооронд бусдаас 170 сая төгрөг авсан байжээ.
Хамгийн гол нь, мөнгөө залилуулсан хүмүүсээс өнөөг хүртэл цагдаад хандаагүй байгаа аж. Харин ПОС төхөөрөмжөө алдсан банкнаас цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэргийг шуурхайлан мөрдөж, хэрэгтнүүдийг олжээ. Уг хэрэгт Ц, Б нараас гадна гадаадын гурван иргэнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдэгдсэн.
Тэгвэл яг ийм хэрэг өмнө нь ч гарч байсан. Ер нь гаднынхан монголчуудыг залилж, их хэмжээгээр хохироож байсан тохиолдол ч олон. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард гадаадын иргэн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргийг цагдаа нар илрүүлсэн. Тодруулбал, Румын улсын иргэн 35 настай Л.А гэгч иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч, төлбөрийн картуудад суулган манай арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас онц их хэмжээний луйврын гүйлгээ хийсэн юм.
Түүнчлэн Хятад улсын гурван иргэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгээс их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг 2016 онд гарч байсан. Тодруулбал, Хятад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар АНУ-ын “Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар хуулж аван, төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгийн пост терминал төхөөрөмжөөр их хэмжээний гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Мөн 2012 онд Украин улсын иргэд “Хаан банк“-ны АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байхад нь ЭЦГ, УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн нь тухайн үед тун ч их дуулиан болж байсан. Гэмт этгээдүүд дөрвөн дүүргийн зургаан АТМ-аас 15 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө гарган авсан байдаг. ЦЕГ-ийн мэдээллээр, тэднээс 13 ширхэг хуурамч карт, таван ширхэг мастер карт хураан авсан байна. Тэр ч бүү хэл, мөн л Украйны иргэн 26 настай Р гэгчийг Сүхбаатар дүүрэгт байрлах АТМ-ээс хуурамч карт ашиглаж мөнгө залилан авсан хэмээн буруутгасан ба биеэс нь 88 ширхэг хуурамч карт хураан авч байжээ.
Эндээс харахад монголчууд гаднынхны хувьд хамгийн тохиромжтой бай болдог гэсэн үг. Цагдаагийн байгууллагаас үүнийг иргэдийн санхүүгийн мэдлэг дутуу, хайнга, сонор сэрэмжгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа. Учир нь дээрх гэмт этгээдүүд бүгд ямар нэгэн байдлаар компьютер, банкны мэдлэгтэй, картны соронзон туузыг ашиглаж, дансны мэдээлэл авсан туршлагатай байсан гэсэн үг л дээ.
Үүнээс гадна, сүүлийн үед фейсбүүк, твиттерийнхээ нууц үгийг бусдад алдсанаас болж их хэмжээний мөнгө алдсан, гэмт этгээдүүдэд боломж олгосон тохиолдол ч ихэсжээ. Хамгийн гол нь ийм төрлийн гэмт хэргийг гаднынхан голдуу хийдэг аж. Цагдаагийн байгууллагаас он гарснаас хойш ийм төрлийн залилангаас болж иргэд нийт 149 сая төгрөгөөр хохироод байгаа гэж мэдээлж байсан.
Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард фейсбүүкээр “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөх” гэсэн мэдээлэл тарж, уг зарын дагуу монголчууд бүртгүүлж, мөнгөө шилжүүлж байжээ. Залилагч этгээд фейсбүүк хаягаар өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Людки Эмил, Иракт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа генерал гэж танилцуулсан юм.
Тэрбээр “Индонез улсын Жакарта хотод Эдийн засгийн хамгаалалтын компанид миний нэр дээр байршуулсан 5,500,000 ам.доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байгаач” хэмээн санал тавьдаг. Гэтэл үүнд итгэж 20,750 евро Индонез руу шилжүүлсэн явдал ч манайд гарчээ. Хамгийн гол нь энэ мессеж өнөөг хүртэл иргэдэд хүрсээр байгаа гэдгийг ЦЕГ-аас анхааруулж байна.
Мөн Франц улсын иргэн Кетрин гэж өөрийгөө танилцуулсан үл таних этгээд фейсбүүк хаягаар дамжуулан манай улсын нэр бүхий иргэнтэй танилцан Morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн 0.2 хувийн хүүтэй ID-25 жилийн хугацаатай 10,000-900,000 еврогийн зээл олгоно гээд шимтгэл болох 28 мянган ам. доллар шилжүүлж авсан хэрэг ч гарсан байна.
Тэгэхээр иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж, танихгүй этгээдүүдээс ирж буй мөнгөтэй холбоотой саналыг хүлээж авахгүй, эсвэл энэ талаар цагдаад мэдэгдэх шаардлагатай юм.
Р.Саруул
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: