Варшавт байгаль орчинд ээлтэй цамхаг барина
Польшийн Варшав хотын санхүүгийн төвд байгаль орчинд ээлтэй орчин үеийн стандартад тохирсон цамхаг барихаар төлөвлөж байна. Энэ тухай ”Inhabitat” цахим хуудсанд мэдээлжээ.
”Ногоон” барилгын төсөл боловсруулах уралдаанд Данийн ”Schmidt Hammer Lassen” компани түрүүлсэн байна. Уг цамхаг нь нийт 60 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай эзлэн сүндэрлэх бөгөөд гурван өөр үетэй байх ажээ. Үүний хамгийн өндөр нь 188 метр байх гэнэ.
Цамхгийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2016 онд дуусгахаар төлөвлөжээ.
Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох уг цамхаг нь эрчим хүчинд хэмнэлттэй байх бөгөөд нарны зай болон борооны ус цуглуулах систем суурилуулна. Энэ барилга нь дүүрэгтээ хамгийн өндөр нь болох учраас бусад байшингуудын нарны гэрлийг хаахгүйн тулд үе бүрийнх нь дээврийг налуу хийх гэнэ.
Д.Жаргал
URL: