“МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ” АЛБАН ЁСООР ЦАН ЦОХИЖ АРИЛЖААГАА ЭХЛҮҮЛЭВ
2015 онд тусгай зөвшөөрлөө авсан“Монголын Үнэт цаасны бирж” ХХК анхны арилжаагаа гүйцэтгэж, 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөснөөс захиалга 186 хувиар давж, амжилттай биелэж өнгөрөгч 11 дүгээр сарын 10-наас хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлээд байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо 1.0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78.1 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгээд үүний 66 хувийг нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Манай хороо үнэт цаасны арилжаа эрхлэх болон төлбөр тооцооны байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд тус биржээр компанийнхаа үнэт цаасыг гаргах хүсэлтийг “Анд Энерги” ХХК-иас ирүүлсний дагуу анхны бөгөөд хариуцлагатай арилжааг явуулсны дараа нээлтээ хийж, хонх цохиж буй тус биржийн хамт олонд амжилт хүсье” гэв.
Арилжааны нээлтийн ёслолд СЗХ-ны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, “Анд энерги” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа нарын албаны хүмүүс оролцлоо.
Б.Заяа
URL: