Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой ноцтой гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой эдийн засгийн гэмт хэргийг үйлджээ. Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ний өдрийн хугацаанд гадаад улсын арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван уг төхөөрөмжөөр дамжуулан бусдад 170 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас тухайн банктай хамтран ажилласан нь уг хэргийг шуурхай илрүүлэх нөхцөл бүрджээ. Хэргийн холбогдогч Монгол Улсын хоёр, гадаадын гурван иргэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байгаа юм.
Иймд арилжааны банкууд аливаа байгууллага, хувь хүнд ПОС терминал машин гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа тохиолдолд харилцагчийн мэдээллийг сайтар шалгаж, судлах, гүйлгээнд хяналт тавих, карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан богино хугацаанд их хэмжээний гүйлгээ хийгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэргээр болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эрүүгийн хуулийн “18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
URL: