Т.Баярхүү: Мөнгө хүүлэгч гишүүд зээлийн хүүг бууруулах сонирхолгүй байна
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
-“Өргүй Монгол 218.1 үндэсний хөдөлгөөн”-өөс долларын ханшийн хэлбэлзэл, зээлийн өндөр хүү, түүнээс үүдэж улс орон, хувь хүмүүст үүссэн өрийн асуудлаар тууштай тэмцэж ирсэн. Ямар дүгнэлт хийж байгаагаа танилцуулна уу?
-Бид үзэгдэлтэй тэмцээд олон жил боллоо. Гол нь оношийг олох хэрэгтэй. Манжийн мөлжлөг түүхэнд мөрөө үлдээсэн бол бид өдгөө шинэ колончлолд орчихсон. Гадныхан өөрсдийн хэвлэдэг ам.доллар гэдэг цаасыг үнэтэй байлгаад бидний цалин, тэтгэврээ авдаг, Засгийн газрын төсвөө бүрдүүлдэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг дандаа унагаж ирлээ. Доллартай хүн байнгын давуу байдалтай гэсэн үг. Энд гол асуудал нь байна. Жишээ нь, ам .долларын ханш 1200 төгрөг байхад надад зуун ам.доллар өгчихөөд ханш өссөн гээд 2500 төгрөгөөр тооцож авдаг. Гэтэл тухайн жил Засгийн газар төсвөө бүрдүүлэхдээ ам.долларын ханшийг 1200, 1300 гэхчлэн өөр өөрөөр тооцож явдаг, алдагдсан ханш болгоны зөрүүгээр татвар төлөгчдөөс татвар илүү цуглуулах юм уу, татвараа нэмдэг. Нөгөө талд бүх хүнийг та нар зээл авч сайхан амьдар гээд зээл өгүүлчихдэг. Ам.долларын зээл авсан хүмүүс нь ханшийн алдагдал дээр хохироод явчихна, төгрөгийн зээлтэй хүмүүс нь импортын бүтэцтэй эдийн засагтай учраас эргээд ам.доллараас хамааралтай болчихдог. Ингэж ам.доллартай уясан мөнгө санхүүгийн дэглэмээр тухайн улсыг мөлжиж, барьцаалж, дөнгөлдөг шинэ колоничлолын эринд бид амьдарч байна. Гэхдээ энэ колоничлолын нас дуусч байгаа.
–Ямар гарц байна вэ?
-Гол нь төгрөгийн ханшийг унагах замаар биднийг колоничилолд оруулж байна. Ханш гурван янзаар унагаадаг. Нэгдүгээрт, ам.доллартай харьцаж буй ханшийг унагаадаг. Хоёрдугаарт, өндөр хүүтэй зээл биччихээр хүүнийхээ хэмжээгээр төгрөгийн ханш унаад байгаа юм. Жишээ нь, зээл хийх гэж байгаа хүн 25 хувийн хүүтэй зээл авчихаар хийж байгаа бизнес юм уу, бараа үйлчилгээнийхээ үнэ дээр тэр хувиа нэмнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш унаж байна гэсэн үг. Гуравдугаарт, Засгийн газрын татвар. Засгийн газар хэдэн хувийн татвар тавьж байна вэ, түүнийг дахиад нөгөө хүн маань бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дээрээ нэмэх болно. Төгрөгийн ханшийг унгасан энэ алхмууд дундаас хүн болгон өөр өөрийн ашгийг олох гээд зээлийн хүү, татварыг нэмээд зүтгээд байдаг, нөгөө талд худалдаж авдаг түүхий эд нь дандаа ам.доллараар орж ирдэг.Ингэж хоёр талаасаа ханш унаад эхлэхээр өрөн доороос гарч чадахгүй болчихоод байгаа юм. Оношоо зөв тавьж чадвал эргээд төгрөгийг тогтвортой болгох, зээлийн хүүг буулгах, татварыг зөв салбаруудад нь орлого, ашигтай нь тааруулж зөв уяж өгөх ийм л эмчилгээг хийх хэрэгтэй.
–Монголын төр үүнийг яагаад хийж чаддаггүй юм бол?
-Хийж чадах төр байна уу гээд үзэхээр Монголын төр гурван тийшээ харсан толгойтой. Засгийн газар нь юм хийх гэхээр УИХ нь самарчихдаг, УИХ, Засгийн газар нийлээд юм хийх гэхээр Аюулгүйн зөвлөлөөр толгой хийсэн Ерөнхийлөгч орж ирээд үймүүлчихдэг. Хэн нь ард түмэнд шударга болж харагдах вэ гээд хоорондоо тэмцэлддэг. Цаагуураа бүгд бие биеэ “бөлдөгдөж”, барьцаалчихсан, өрөнд орцгоочихсон. Түүнээсээ мултрахын тулд ард түмэн рүү гарч ирж шударга царайлж матрын нулимс урсгадаг. Хоорондоо хуйвалдан идэж уудаг. Яс хэмлэлдэж байгаа гуринхатсан ноход шиг хэрэгтэй үедээ хэн нэгнийгээ золиос болгож шидчихээд өөрсдөө цаана нь үлдэх гэж тэмцэлддэг, МАНАН дэглэм байгаад байна. Үүнийгээ эмчлэхийн тулд манайхан оношоо зөв тавьж чадахгүй байгаа. Харийнхны мөнгө санхүүгийн салбарт бий болгосон зүйлүүдийг дагуулаад, тэдэнтэй нийлсэн банк,санхүүгийн байгууллага, мөнгө хүүлэгчдийг даврааж, толгой дээрээ гаргачихсан эзэнгүй төрийг эзэнжүүлэх асуудал чухал байна.
–Тэр нь юу вэ?
– Тэр бол Шинэ Үндсэн хууль. Оношоо зөв тавиад саяын хэлсэн шат дараалсан алхмуудыг толгойноос нь эхэлж, тухайлбал шинэ Үндсэн хуулиа бүх ард түмнээрээ 1992 оны АИХ хурал шиг хэлэлцэж, баталж нэг толгойтой болгоод, түүндээ мөнгө хэвлэх эрхээ өгч, үүсээд байгаа өрүүдийг нэг удаагийн өршөөлд хамруулах ёстой. Яагаад гэвэл, тэр өр зээл чинь ард түмний буруу биш. Бизнес эрхлэгчдийн буруу биш. Энэ бол цэвэр эзэнгүй төр хариуцлагагүй ажилласны үр дагаварт долларын эздийн бий болгосон хий өр. Иймээс бид төлөхгүйгээр төр нэг удаа бүгдийг өршөөх ёстой. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Х.Баттулга “тодорхой хэсгийн өрийг цайруулна” гэж зальдан санал авсан шиг биш юм. Өрийг тогтолцоогоор нь эзэнтэй болгож, түүнийхээ дараа шинэ мөнгө санхүүгийн тогтолцоогоор эдийн засгийн шинэ үйлдлүүд хийх, түүний дагуу хөгжлийн шинэ төлөвлөгөөний дагуу явахдаа ард түмнээ хавтгайд нь өршөөх ёстой, ийм л гарц бидэнд бий.
–Найман хувийн орон сууцны зээл иргэдийг мөлжиж, улам ядууралд хүргэж, нийгмийн бухимдуулах боллоо. Гэтэл Засгийн газар найман хувийн зээлийг үргэлжлүүлэхийг Монголбанкинд үүрэг болголоо. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Орон сууц бол хүний заяагдмал жамын эрх, төр үүнийг хариуцах ёстой. Гэтэл долларын эзэд үл хөдлөх хөрөнгө гэх томъёоллыг гаргаж ирээд тухайн улсын ард түмнийг барьцаалахдаа жамын эрх болсон орон сууц, сургууль, эмнэлэг гэх мэт зүйл дээр нь өндөр хүүтэй зээл өгч үүрэгжүүлдэг. Өөрсдөд нь бол энэ бараг хүүгүй явдаг зүйл шүү дээ. 1-2-хон хувийн хүүтэй насаараа төлөөд явдаг зээл. Манайд анх арван хэд, хорин хэд гэж эхлүүлээд түүнээсээ найман хувь болгож буулгасан юм шиг энэ хэмжээнд барьчихаад байна. Найман хувийн зээлийг өнөөдөр Монголын ард түмэн төлөх чадваргүй. Орон сууцны зээл 1-2 хувиас илүү байж болохгүй.
–Найман хувь гэдэг өөрөө хоосон зүйл, төгрөгийн ханшийн уналт биз дээ?
-Тэр үнэн. Нөгөө талаас наана чинь ямар заль явдаг вэ гэвэл, 10 жилийн хугацаатай найман хувийн зээлд хамрагдахад хамгийн багадаа 80 хувийг төлөх болно. Үүн дээр хоёр асуудал гарч ирдэг. Нэг талаас дотоодын луйварчин, дураараа дургигч, төр нь хянаж чаддаггүй, ард түмнээ дээрэлхсэн банкуудын хийдэг зүйл нь жилийн найман хувиар тооцоод 10 жилд наян хувь байх юмыг санхүүгийн аргачлалаар 100 гаргаад бодчихдог, дунд нь янз бүрийн юм нэмээд. Нөгөө талаас, хуваарьт хугацаандаа зээлээ төлж чадахгүй бол хүү, торгууль ногдуулах замаар дотор талдаа муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг луйварчин банкууд иргэдийг дээрэлхдэг. Цаанаа найман хувьтай зээлийг ам.доллар болгоод цааш нь дамлаад зарчихдаг. Долларын эзэд банкуудаар дамжуулаад дахиад найман хувийн зээлд баригдсан ард түмнийг бариад авчихаж байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед зээлийг хүү багатай өгүүлэх гэж их үзсэн, даанч чадаагүй. ОУВС-гийнхан яагаад өнөөдөр найман хувийн зээлийг өгүүлэх гээд Засгийн газарт шахаад байна гэвэл, хүмүүсийг улам өрөнд оруулах гэсэн ов мэх л явж байгаа юм. Төгрөгийн ханш унаж хүмүүсийн авч байгаа цалин ам.долларын ханшид хүрэхээ болиод эхлэхээр худалдан авах чадвар эрс буурна, улам ядуурна. Зээлээ төлөхийн тулд аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээл авч аргацаах гэж үзнэ, ингээд өрийн сүлжээ үүсч бүгд чирэгдэж унана. Тэгэхээр дахиад хэлэхэд, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү хоёр хувиас хэтэрвэл тухайн эдийн засгийг заавал унагадаг. Гэтэл тэр барилгын үнэ бол хэвээрээ л байгаа шүү дээ. Хүмүүс төлөөд байдаг, өр нь барагддаггүй. Уг нь төлөөд байгаа юм чинь үнэ нь багасаад явах ёстой. Энэ асуудлыг тэгж шийдэх учиртай. Дэлхийн жишиг ийм байгаа. Иргэнээ аль болох амар амгалан, ажилтай, орлоготой, байр орон сууцаар нь хангахад чиглэдэг. Манайд эсрэгээр нь хийж, ам.долларын эзэд албаар барьцаалалт хийдэг.
–Зээлийн хүүг яавал бууруулах вэ. Ийм санаачилга, оролдлогууд хэрэгждэггүй нь ямар учиртай вэ?
-Зээлийн хүүг бууруулах гэхээр хадгаламжийн хүүг бууруулах шаардлага үүсдэг. Ингэхээр банкны эзэд “Хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөнө. Хадгаламжийн хүү буураагүй цагт зээлийн хүүг бууруулахгүй” гэж тайлбар тавьдаг. Хадгаламж эзэмшигч гэж бурхад мөнгөө татаад явчихвал хэн та нарт зээл өгөх юм бэ гэсэн заль хэрэглэдэг. Дээр нь тэрбум тэрбумаар хадгаламжтай УИХ-ын гишүүд, томчууд нь хадгаламжийн хүүг бууруулах сонирхолгүй. Монгол төрөөс нууц юм нэг ч байх ёсгүй. Үүнийг яаж зальдаж хийсэн бэ гэхээр хадгаламж гэж юу вэ, доод, дээд хэмжээг нь хэн тогтоодог вэ гэдэг асуулт гарна. Зээлийн хүүг бууруулъя, хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл Монголбанкийг үнэт цаас гаргахыг болиулах хэрэгтэй. Мөн бодлогын хүү нэртэй хүү төлдөгөө больчих хэрэгтэй.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: