Ардчилсан нам уг нь заяа байвал зайсан суух цаг нь болсон

“Зайсан” гэдэг бол зэрэг дэв юм. Эрт дээр үеэс Монголын төр шашинд хэрэглэж ирсэн албан тушаалын нэр томъёо. Манжийн үед бол албан тушаал дэвших, юманд хүрэх цаг нь болсон хүмүүсийг ингэж хэлдэг байсан юм билээ. Үүн лүгээ Ардчилсан намд заяа нь байвал сонгуульд ялах бүх тохироо нь бүрдчихээд байна. Ний нуугүй хэлэхэд АН-ын өөрийн үйл ажиллагаа буурь суурьтай байгааг хэлэх хүн ч байна, хэлэхгүй нь ч байна. Ямартай ч өрсөлдөгч хуучин ху намынх нь бодлогогүй олон угсраа алдаанууд нь АН-д ялах нөхцөл байдал үүсгэчихээд байна. Ярьж сурснаараа “Ху” нар л гэе. Нэгдүгээрт Ху нар хоёр хуваагдсан. Нэрээ сольж тэнэгтсэн. Амласан 1.5 саяа өгөхийн оронд таван хүн буудаад алчихсан. Ард түмний хамгийн дургүй байдаг Монголын том олигархиар намаа толгойлуулж гайхуулсан.

Ард түмний бас нэг ихээр дургүй хүрч, дур нь гутаж буй хийрхэл нь арав гаруй сургууль, хэдэн ч эмнэлэг барих мөнгөөр, бүр тодорхой хэлбэл 14.6 тэрбум төгрөгөөр намын шинэ байр бариулж тансаглав. Тансаглахынхаа хажуугаар байсхийгээд шатааж баярхдаг боллоо. Үүнийхээ зургаан тэрбумыг улсын төсвөөс гаргуулсан гэж байгаа. Хэрэвзээ Ху-гийнхан үнэхээр эх орончид юм бол зургаан тэрбумаар гадагшаа өндөр өртгөөр явж зүрх, цусны өвчнөө эмчлүүлж байгаа Монголын бүх хүүхдүүдийг анагаах хэмжээний сүүлийн үеийн технологийн эмнэлэг, техник тоног төхөөрөмжийг оруулаад ирэх байлаа. Намын өмч гээд байгаа тэр нэг цагаан байшин нь үнэндээ ард түмний л өмч. Аль ерэн онд ардчилал ялж баялгийн дахин хуваарилалт явагдах үед төрөөс бууж үзээгүй Хувьсгалт намынхан соц үеийн хамаг хөрөнгө, байшин саваа аваад үлдсэн байхгүй юу. Аль ч нам адил гараанаас гарах байлаа, ерэн онд. Хөрөнгөтэй хөрөнгөгүй хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг өнөөдөр бид харж байна. Ардчилсан нам Монголын хамгийн том нам. Одоо тэгсэн хар. Бараа бараагаа харан босч буй хоёр намын барилгыг. МАН-ынхан манхайсан том, уул хяр шиг барилгыг төсвийн хөрөнгөөр босгоод л… шатаагаад л… босгоод л… шатаагаад л түүгээрээ шоудаад л. “Хандивт нь би тэрбумыг өгсөн, та нар яах юм” гэж зарим гишүүд нь хэвлэлээр ярилцлага өгч даналзаад. Олигархижсан нам гэж ийм байдаг бололтой. Ингэж ингэж их дээрээс уначихаар болоод байгааг хэлэхэд илүүдэхгүй биз. Их дээрээс унахад ч бяц явна шүү дээ.

Өчигдөр хуучин Ху нар судалгаа явуулдаг “Прогноз” төвийнхөө даргыг ажлаас нь халаад сандал ширээг нь өрөөнөөс нь гарган шидэлж байгаа сурагтай. Өнөөх халагдсан дарга нь “Өрөвдөхгүй байна уу, намайг” хэмээн намынхандаа гомдоллож буй сурагтай. Өрөвдөхгүй л дээ. Өр өшиглөсөн шахуу юмыг тэрхүү “Прогноз”-ын дарга нь хийчихсэн юм чинь. Н.Энхбаярын тагнуул хуучин ху-гаар нь дүүрэн шүү дээ. Хуучин ху нар нууж хаагаад үхчих гээд байгаа болохоос үнэндээ ард түмний дунд буй бодит саналаар хуучин ху нар долоон хувь ч хүрэхгүй байгаа. Ийм л үед АН сонгуульд орж байна. Ийм байхад “Зайсан” суухгүй бол нам гэж байгаад яах юм. АН-ыг өрсөлдөгчтэйгээ нэг хөнжилд орсон гэж пиардан нэр төрөөр нь оролдож байна. Гэсэн ч АН-д итгэсэн ард түмний итгэл хэвээрээ байгаа. Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг хэвлийдээ тээж явдагт нь ард түмэн итгэж байгаа. Тэд засгийг ганцхан удаа барьж үзсэн. Тэр үедээ шударга ёсыг нийгэмд тогтоохын төлөө уйгагүй тэмцэж байсан. Ямар сайндаа төр барьж байсан өөрсдийнхөө гишүүдийг “Шалгаж өгөөч” гэж шүүхэд өгч байхав дээ. Даанч шүүх нь мушгиад шоронд аваачаад хийчихсэн болохоос. Одоо ингэх зүрх зориг хуучин, шинэ ху-д байна уу. Н.Энхбаяр “Би шалгуулбал Нямдоржтой цуг шалгуулна” гэж бахирч байгааг харж байгаа биз дээ.

Одоо АН-ын зүгээс өөрсдөөсөө салсан бүх нам, иргэний хөдөлгөөнүүдийг өөртөө нэгтгэх хэрэгтэй. ИЗН, МҮАН… гэхчлэн бүгдийг нэгтгэ. Өөрсдийн чинь угшилтай бол юу ч битгий үлдээ. За тэгээд хуучны тэр нэг муухай хонзонорхуу юмнуудаа март. Тэр чинь жинхэнэдээ албан тушаалын хэрүүл маргаан байсан шүү дээ. Та нарын хэрүүл уруулаас илүүтэй ардчилсан үзэл санаа Монголд төгс дүүрэн ялах нь чухал байна. Энэ муу чанаруудаа хаяад, сайн сайхан чанаруудаа авч гаран 2012 оны сонгуулийн зүгт явж чадвал ялалт хажууд байна. Хоорондоо багахан шиг хэмлэлд, багахан шиг тэнэгт, тэгээд сонгуульд ор.

Ялчихвал угсруулан хоёр гурван төр барьчихаж чадна. Одоо ганцхан заяа байвал зайсан суух цаг болчихоод байна. Зайсан гэдгийг эхэнд хэлсэн. Заяа гэдэг нь юу юм бэ? Заяа гэдэг чинь зан чанар. Энэ зан чанарт чинь та нарын хоорондын өс хонзон, юмаа мартдаггүй муу зан, албан тушаалын төлөөх мэтгээн чинь орно шүү дээ. Та нарын цаг ирсэн.

П.ХАШЧУЛУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих