Хадгаламжаа хаацайлсан баян гишүүд Хаанбанкыг дампууруулж байна…
Царцсан барилгууд бүгд Хаанбанкны барьцаанд байгаа болохоор тэдний л өмч. Хүйтэн өвлийн өмнө огцом хямдарч, хот руу суурь сууриараа, сүрэг сүргээрээ ачуулж буй мал бүгд Хаанбанкных. Заримдаа гацчихаад сар дамнуулдаг цалингууд ч урьдчилаад Хаанбанкны барьцаанд тавигдсан. Хөгшдийн тэтгэвэр бас л Хаанбанкных. Энд тэнд элбэг үзэгддэг эвдэрсэн, мөргөлдсөн приуснууд мөн л Хаанбанкны барьцаат хөрөнгө. Яаж ч бодсон энэ банк дампуурч байна. Ард түмэн, улс орны амьдрал доройтож, айл бүрийн сүүлчийн ганц зоос сарын хуучдаар банкны зээлийн хүүд хураагдан буй энэ хямралын үед хамгийн томоор доголдох магадлалтай санхүүгийн үйлчилгээний байгууллага бол Хаанбанк. Тэгээд ч Монголын төрд энэ гацаанаас гарахын тулд нэг банкыг дампууруулах шаардлага байгаа. Нэг бүдрээд босохдоо банк бус санхүүгийн байгууллагуудаар сор залж дампууруулсан түүх бас бий. Дахин бүдрээд өндийхдөө Анод банкыг үгүй болгон дампуурал зарлаад; хуваагаад цохичихсон намтартай. Ахин нэг доголохдоо Зоос банкыг дампууруулан, Төрийн банк нэрээр таллан үлдээсэн гашуун сургамж байдаг. Энэ мэтийн шалтгаанаас илүүтэй, ард түмэн банкны өндөр хүүнд дарлуулан өндийж чадахаа байж, бизнес эрхлэгчид ээлж дараалан банктай шүүхдэлцэн буй энэ самуун үед үнэгүйдэж буй хөрөнгө бүр Хаанбанкны барьцаанд байгааг зориуд дурдъя. Яах аргагүй хүндрэл. Яах аргагүй хямрал дагаж ирсэн дампуурал. Яагаад ийм байдалд тулчихав аа?
Анхнаасаа шулан мөлжих стратегаар хийгдсэн зээлийн гэрээнүүд өнөөдөр энэ хүндрэлийг авчирлаа. Ноён Хаанбанк хэт өндөр хүүнд шунаж, монголчуудын халаасны хэмжээнээс давж буусан мөлжлөг явуулж байгаагийнхаа горыг амсах өдөр айсуй бололтой. Ямар учраас тэд зээлийнхээ хүүг буулгадаггүй юм бэ? Монголын 14 банкинд төвлөрсөн нийт хадгаламжийн 90 хувь нь зуугаадхан гэр бүлийнх. Тэдний олонх нь УИХ-ын эрхэм гишүүдийн хадгаламж. Тэрбумын хадгаламжтай гишүүнд ажил эрхэлж, бизнес хийх шаардлага байхгүй. Хаанбанк зэрэгтэй нь хамтраад мөнгө хүүлээд амьдарчихна. Ард түмний зээлийн хүүндээ чадан ядан төлж буй ширхэг зоос бүр тэдний хадгаламжийг түнтийлгэхэд зориулагддаг.
Хэдхэн гэр бүлийн хадгаламжийг амь мэт хамгаалж, алт мэт өнгөлөхийн тулд хүүг нь буулгахгүй байхаа УИХ мэднэ. Монголбанк ч мэднэ. Хэрэв хадгаламжийн хүүг буулгавал бүх төрлийн зээлийн хүү нэг оронтой тоо руу ч орох боломжтой. Тэгээд үүнийг хэн яаж хийх вэ? Эрхэм гишүүд эхлээд хадгаламжаа хоосолно. Дараа нь аль нэг банкаар сор залах нь ч зална. Ээлжит цаг хугацаа нь ч тохиож байна. Өндөр хүүтэй зээл хамгийн их олгож, энэ улсын талаас илүүг атгачихаад буй Хаанбанк хүнд байдалд орох магадлал өндөр. Үүнийг гадарласан зарим нэг нь хадгаламжаа татан, дансаа хоослон, хамаг мөнгөө Кеймэний арал руу зөөж байна. Дээр нь Ерөнхийлөгч зээлийн хүү буулгана гэж амласан, энэ амлалтаа биелүүлэхийн тулд монголчуудын хоолойд тээглэсэн яс болоод байгаа Хаанбанкыг хараандаа авчихсан анаж байж ч болох. Монголд дампуурч буй банк, дарлагдсан зээлдэгчид үлдсэн нь гашуун үнэн…олонх нь одоо ч шүүх дээр…их идсэний маргааш хоосон гэж!
Нийтлэлч Р.Эмүжин
URL: